© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зөвлөгөө

Б.БАТЦЭЦЭГ: Ирээдүйд хорт хавдарm нэрвэгдэхгүйн тулд өнөөдрөөс амьдралын зөв хэвшилд суралцаарай

-Хорт хавдар үүсэхэд амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт ихээхэн нөлөөлдөг гэж үздэг. Хоол зүйчийн хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Хэвийн эсүүд мутацид орж, хэвийн бус эсүүдийн тоо олширч, цааш маш хурдтайгаар хяналтгүй хуваагдаж биеийн янз бүрийн хэсэгт тархаж, бусад эд эрхтэнд халдварлан үсэрхийлдэг өвчнийг хорт хавдар гэдэг. Манай улсад жил бүр 6000 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. Статистик судалгаанаас харахад хорт хавдартай хүмүүсийн 77 хувь нь өвчнийхөө 3, 4-р шатанд оношлогдсон байна. Хоол зүйч хүний хувьд хавдрын өвчлөл ихсэж буйд гурван хүчин зүйл нөлөөлж байна уу гэж харж байгаа. Нэгд, оношилгоо, эмчилгээний техник технологи төдийлөн сайн хөгжөөгүй. Хоёрт, хоол хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт сул, хүн амын хоол шим тэжээлийн боловсрол дутмаг нь нөлөөлж байна. Хэт цэвэршүүлсэн, хагас боловсруулсан, шарсан хуурсан зэрэг шим тэжээл багатай, өндөр илчлэгтэй, транс тосоор баялаг хүнсийг өдөр тутам хэрэглэж, түүнийгээ шатаах дасгал хийхгүй болохоор биед өөх болж хуримтлагдсанаар таргалж байна. Илүүдэл жинтэй байх нь хорт хавдар үүсэх бас нэг том эрсдэл юм. Гуравт, хорт зуршил буюу архи тамхины хэрэглээ ихсэх хандлагатай байгаа зэрэг нь нөлөөлж байна. Нөгөө талаас чанартай сайн хүнс хэрэглэх санхүүгийн чадамж мөн нөлөөлж байгаа байх. Хүн амын хэдэн хувь нь өдөр бүр нарийн ногоо, сүү цагаан идээ, шинэ жимс жимсгэнэ авч идэх чадвартай байгаа билээ. Энэ бүхэн хавдар өвчний сүүдрийг улам нэмэгдүүлж байх шиг.

-Хоол шим тэжээлийн боловсрол гэдэг ойлголтыг жаахан дэлгэрүүлнэ үү?

-Эрүүл хүнс сонгож, зөв технологиор боловсруулан хэрэглэхийг хэлж байгаа юм. Хамгийн чухал нь хүнсний сонголт. Дараа нь түүнийгээ хэрхэн хадгалах, яаж боловсруулж хэрэглэх, ямар цагт хооллох гэх мэтэд мэдлэг хэрэгтэй. Хүнс худалдаж авахдаа шошго уншиж хэвших хэрэгтэй. Хүмүүс тухайн бүтээгдэхүүний дуусах хугацаа болон нүүрс ус, өөх тос, уураг зэрэг шим тэжээлийн мэдээллийг ихэвчлэн хардаг. Үүнээс илүү чухал мэдээллүүд шошгонд байдаг. Тухайлбал хүнсний нэмэлтийн мэдээлэл буюу E гэсэн тэмдэглэгээтэй хүнс юм. Энэ нь бидний харах, амтлах, үнэрлэх таашаалд нийцүүлэх зорилготойгоор олон тооны химийн бодис нэмсэн хүнс гэж ойлгож болно. Бүх төрлийн чихэр тэр дундаас резинэн чихэр, компот, хоол амтлагч, чихэржүүлэн хатаасан жимс, зайрмаг, кремтэй жигнэмгүүд, бялуу, йогурт, сыр, хуурай сүү, жүүс, төрөл бүрийн ундаа, лаазалсан мах, загас, хиаман бүтээгдэхүүн, гахайн утсан мах, зайдас, бэлэн гоймон, даршилсан давсалсан ногоо, майонез, маргарин, найруулдаг кофе, цай гэх мэт ихэнх хүнс өнгө оруулах, хадгалалтын хугацааг уртасгах, исэлдэж гашлахаас хамгаалах, тогтворжуулагч, амт үнэр сайжруулагч гэх мэт нэмэлт ордог. Зарим хүнсэнд хэд хэдэн төрлийн химийн нэмэлт ч орсон байдаг. Иймэрхүү хүнсний хэрэглээ нь хорт хавдар өвчний суурийг тавих эрсдэлтэй гэж үздэг.

-Та сэрэмжлүүлэг болгож, хүмүүсийн дунд ихэвчлэн хэрэглэдэг химийн нэмэлттэй хүнсийг нэрлэнэ үү?

-Манайхан жижиг цэнхэр савтай йогуртыг бага насны хүүхдэдээ өгөх нь элбэг. Энэ нь ямар ч шим тэжээлийн агууламжгүй, өтгөрүүлэгч, тогтворжуулагч, жимсний амт оруулагч, бас хугацаа уртасгагч гээд олон төрлийн нэмэлт орсон хүнс биш хор. Хатааж даршилсан хүнсэнд ашигладаг нэмэлт бодис нь генийн түвшинд өөрчлөлт өгч, альфатоксин ялгаруулдаг. Энэ нь элэгний хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдог. Мөн хоносон хоол бол тэр чигтээ хор. Тасалгааны хэмд 2 цагаас илүү байхад л хангалттай хэмжээний хортой бичил биетнээр баяжигддаг. Хөргөгчинд хийсэн ч тэр хэмд нөгөө бичил биетүүд нэмж өсөхгүй л болохоос устаж үгүй болдоггүй. Ингээд ходоодны хорт хавдар үүсгэх бас нэг шалтгаан болох үндэстэй.

-Манайхан өглөө ажил, сургуульдаа яарсаар цайгаа уулгүй гарах нь олонтаа. Өглөөний цайнд ямар хүнс хэрэглэвэл зохимжтой вэ?

-Өглөөдөө зөв бүтэцтэй цайг тогтмол ууж хэвших нь маш чухал. Энэ нь уургаар баялаг, ашигтай нүүрс ус агуулсан гэсэн үг. Жишээлбэл: хөц, шар, гурвалжин зэрэг төрөл бүрийн будааг зөөлөн гал дээр агшааж, сүү, шар тос хийж болно. Мөн чанасан өндөг, авакодотой бүтэн үрийн талх, тарагтай овьёос, үнээний сүү, шинэхэн жимс, омлет, шинэхэн ногооны салат, олив, багсарсан арвай зэргээс сонгож хэрэглээрэй. Өнгөрсөн онд “Эрдэнэт” Цогцолбор дээд сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хоол шим тэжээлийн томоохон судалгааны ажил хийсэн. Үйлдвэрийн 600 ажилтанг хамруулсан судалгааны дүнгээс харахад ажилчдын 50 хувь нь өглөөний цайгаа тогтмол уудаггүй гэсэн статистик гарсан. Өглөөний цайны бүтцийг судлаад үзэхэд ажилчдын 82,6 хувь нь хоносон хоол, чанасан мах, лаазалсан мах, загасан консерв, цагаан гурилан боов боорцог, найруулдаг цай, кофе, өтгөн чихэртэй байхуу цай, хиам талх, бэлэн гоймон зэрэг хүчиллэг, хүнсний нэмэлт орсон хүнс хэрэглэдэг гэсэн. Энэ нь өглөөнөөсөө эхлээд бодисын солилцоогоо хямрааж, өвчин үүсгэх нөхцөлийг бэлдэж байна гэсэн үг. Мөн дахин давтан хэлэхэд хоносон хоол иднэ гэдэг бол тухайн хоолонд ихэссэн бичил биетний ялгадсыг л идэж байна гэсэн үг. Ингэснээрээ хеликобактеритай болох суурийг тавьж байна гэж ойлгож болно. Хеликобактерийг эмчлэхгүй байвал ходоодонд үржин эсийн түвшинд нуугдмал байдалд байснаар ходоодны хавдар үүсгэх суурь болдог.

-Хүмүүсийн дунд түргэн хоолны хэрэглээ их болж байна. Түргэн хоол эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

-Дэлхийн хөгжилтэй улс орнуудын иргэд түргэн хоолноос татгалзаад эхэлсэн. Харин манайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа их явж байна, сургуулийн ойр орчмоор түргэн хоолны цэг олноороо байна. Энэ системийг бодлогоор өөрчлөхгүй бол шим тэжээл бага, түргэн болцтой, хэт их сахар, транс тос, амтлагч, давс, хөөлгөгчтэй, энгийн хоолноос 2-3 дахин өндөр калоритой хүнсийг хааяа ч гэсэн хэрэглэх нь таныг, бидний хүүхдүүдийг хорт хавдар гэгч чимээгүй тахалд аажмаар хүргэх эрсдэл бий.

-Хорт хавдар өвчний үед ямар хоол хэрэглэдэг талаар зөвлөнө үү?

-Химийн эмчилгээний зорилго нь хорт хавдрын эсүүдийг устгах явдал боловч эрүүл эсүүдэд тодорхой хэмжээний хор хөнөөл учруулдаг. Тиймээс эмчилгээ хийлгэсний дараа биеийн эсийг дэмжих хоол хүнс хэрэглэх нь чухал. Ингэснээрээ эмчилгээний явцад үүссэн хорт бодисыг биеэс зайлуулж, эрүүл эсийг нөхөн сэргээх исгэлэн тараг, шинэ жимс, мисо байцаа, далайн байцаа, хулуу, амтат төмс, мөөг, лууван, нимбэг, жүрж, самар, шар будаа, тахианы мах, өндөг загас, үхрийн мах, цагаан гаа, хулууны үр, самар, цөцгийн тос буйлсны тос, наргил модны самрын тос, маалингийн гурил, олон үрийн гурил, таана, сармис, сонгино, нимбэг, турмерик, брокли, цэцэгт байцаа, бууцай, юуцай, зэрэг хүнсийг шинээр нь түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн элэг нь аливаа үрэвсэлт өвчний үед шүүж хоргүйжүүлэн ачаалалтай ажилладаг учраас энэ эрхтэнг хоолны дэглэмээр дэмжих нь зүйтэй. Үүний тулд хоолыг зөөлөн гал дээр чанах, жигнэх, ууранд болгох зэрэг технологиор боловсруулж хэрэглэх нь чухал. Ингэснээрээ түүхий эдийн шимт тэжээллэг чанар алдагдах нь бага, хүний биед шингэц сайтай байдаг. Өвчтөний эмчилгээний онцлогоос хамаарч хоолны дуршил буурч жин алдах, гүйлгэх, дотор муухайрах тохиолдол байдаг. Ийм үед эмнэлзүйн хоол зүйчид хандаж хоол шим тэжээлийн үнэлгээ хийлгэн, өөртөө тохирсон хоолны зөвлөлгөө цаг алдалгүй авах шаардлагатай.

-Энэ өвчний үед нэмэлт тэжээл буюу supplement-ийн хэрэглээ хэр байх вэ?

-Ам дамжсан буруу ташаа мэдээллээр хорт хавдрын эсрэг шинжлэх ухааны үндэслэлгүй ямар нэгэн нэмэлт тэжээл, сүлжээний бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэх нь аюултай. Энэ нь хавдрын эмчилгээнд саад учруулж үр дүнг сулруулах талтай. Тиймээс эмчлэгч эмчээсээ заавал зөвлөгөө авч, түүнийг чанд мөрдөх хэрэгтэй.

-Эцэст нь та манай уншигчдад юу хэлэх вэ?

-Та ирээдүйд хорт хавдартай гэж оношлогдохгүйн тулд өнөөдрөөс амьдралын хэв маягаа эрүүл зөв байлгаарай. Илүүдэл жинтэй бол жингээ бууруул, архи, тамхи бүү хэрэглэ. Зөв зохистой хоолло, дасгал хөдөлгөөн хийж өөрийгөө хайрлаарай.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..