© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зүрх судас

Х.Батмягмар: Зүрхний титэм судасны архаг бөглөрөл гэнэтийн нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзэлдэг

"Өглөө сэрсэнгүй, гудамжинд явж байгаад унаад нас барчихсан гэж бид ярьдаг. Энэ болгон нь амь насанд аюултай зүрхний хэм алдалт үүссэнтэй холбоотой. Бид тоодоггүй л болохоос биш бидний өдөр тутмын амьдралд байдаг жишээ" хэмээн эмч Х.Батмягмар ярилаа.

Сүүлийн үед ямар нэгэн зовуурьгүй хүмүүс унтаад сэрэхгүй байх тохиолдол гарсаар байгаа. Тэгвэл зүрхний титэм судасны архаг бөглөрөл гэнэтийн нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзэлдэг байна.

Зүрх гэнэт зогсох шалтгаан, титэм судасны архаг бөглөрлийн эмчилгээ оношилгоо, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Интермед эмнэлгийн зүрх судас, ангиографийн тасгийн эрхлэгч АУ-ны доктор, клиникийн профессор, Ази номхон далай эргийн бүсийн судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэгийн өргөмжит гишүүн (FAPSIC). Монголын зүрх судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батмягмартай цөөн хором ярилцлаа.


-Зүрхний титэм судасны архаг бөглөрөл, тохиолдлын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Хүн өвчнөөр болон зуурдаар гээд нас барах олон шалтгаан байдаг. Гэнэтийн нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлдэг. Зүрхийг тэжээлээр хангадаг судсыг титэм судас гэдэг. Энэ судасны бөглөрөл болон нарийслын улмаас гэнэтийн нас баралт үүсдэг.

Зүрхний титэм судасны архаг бөглөрөл гэдэг нь титэм судасны доторх хөндий бөглөрч 3 сар болон түүнээс дээш хугацаанд цусан хангамжгүй болохыг хэлдэг.

Манай улсын хувьд титэм судасны нарийслын эзлэх хувь нь өндөр байдаг. Тухайлбал жилдээ 5,000 орчим титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийгддэг бол үүний 15-20 хувь буюу 750-1,000 орчим нь титмийн архаг бөглөрөл гэж оношлогддог. Энэ тоо бол бага тоо биш. Титмийн архаг бөглөрлийг судсан дотуурх мэс заслын аргаар эмчлэхийг дэлхийн өндөр хөгжилтэй улс орны зүрх судасны нийгэмлэгүүд зөвлөж байна.

Монгол Улсын хувьд титэм судасны архаг бөглөрөл гэж оношлогдсон хүмүүсээ эмчлэхгүй орхиод байна. Зөвхөн эмийн эмчилгээ хийлгэх талаар л зөвлөж байгаа. Нас баралтыг бууруулах тал дээр өөрсдийн эрдэм мэдлэг, оюун санаагаа чиглүүлэх цаг болсон. Зүрхний архаг бөглөрлийг онгойлгох нь тулгамдсан асуудал болж байна.

-Эмнэл зүйн ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Ердийн болон ачааллын үед амьсгаадах шинж тэмдгээр илэрдэг. Тухайн үед зүрхний титэм судас бөглөрч нарийссанаас болоод судсан дундуур чөлөөтэй урсахгүйгээс болоод зүрхэнд хүчил төрөгчийн хэмжээ дутагдахаар хүн амьсгааддаг. Амьсгаадахаас гадна цээжээр өвдөх, хоолой бачуурах, зүүн гар, дал мөр, эрүү, шүд, эгэм рүү дамжиж өвддөг.

Таван хүн тутмын нэгд нь зүрхний титэм судасны бөглөрөл шинж тэмдэггүй илэрч байна. Хаяа нэг амьсгааддаг гээд тоохгүй байж болохгүй. Энэ маягаар явсаар титэм судасны архаг бөглөрөл үүсэж болзошгүй. Эмнэлзүйн шинжээ сайн таних ёстой. Амьдралын явцад гэнэт зовуурь гарч ирдэг. Тоохгүй яваад байж болохгүй гэдгийг хэлмээр байна.

-Ямар оношилгооны аргаар титэм судасны архаг бөглөрлийг илрүүлдэг тухайд хуваалцахгүй юу?

-Энгийн болон нарийн гэсэн хоёр аргаар оношилдог. Энгийн арга нь зүрхний эхо, 24 цагийн бичлэг, ачаалалтай зүрхний бичлэг, компьютер томограф юм. Оношийг хамгийн сайн гаргадаг арга нь зүрхний титэм судасны оношилгоо юм. Энэхүү аргаар тухайн бөглөрөл хэр удсан, шохойжсон эсэх, уртын хэмжээ, байрлал зэрэг нарийн мэдээллийг тодорхой болгодог.

Зав сайн оношилж чадваас эмчилгээг тактикаар зохион байгуулж төлөвлөхөд хялбар байдаг.

-Эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?

-Өргөн цар хүрээтэй ойлголт. Эмчилгээний хувьд уламжлалт эмийн эмчилгээ, бөглөрсөн судсыг давуулж судас залгах мэс засал эмчилгээ, судсан дотуурх мэс заслын аргаар титэм судасны архаг бөглөрлийг нөхөн сэргээх гэсэн үндсэн гурван аргын эмчилгээ байдаг. Мэс асал эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг шалгаж үздэг. Өөрөөр хэлбэл бөглөрсөн судасны бүсээр тэжээгдэж байгаа зүрхний эсүүдийн үйл ажиллагаа унтаа байдалд шилждэг. Энэхүү унтаа байдалтай байгаа зүрхний булчингийн эсүүдийг эмийн нөлөөгөөр идэвхжүүлэхэд сэргэлт сайн байвал мэс засал эмчилгээг хийхийг зөвлөдөг. Энгийн үгээр бол зүрхний булчинд амьд хэрнээ унтаа байдалд шилжсэн зүрхний эсүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд мэс засал эмчилгээ хийхийг зөвлөөд байна гэсэн үг л дээ.

Зүрхний булчингийн тэжээлгүй болчихсон байгаа бүсэд амьд эс байна уу үгүй юу гэдгийг үздэг. Амьд эс байвал хагалгаа хийдэг. Байхгүй бол хагалгааг хийдэггүй. Манай эмнэлэгт зүрхний ачаалалтай хэт авиан шинжилгээг хийдэг. Энэ төрлийн хагалгаа нь гадаадад 200-300 сая төгрөг буюу өндөр өртгөөр хийгддэг. Харин манай эмнэлэгт зүрхний титэм судасны архаг бөглөрлийн хагалгааг 20-30 сая төгрөгөөр хийж байна.

Өөрөөр хэлбэл Монголчуудад гадаадад эмчлэх эмчилгээний зардлын 10 хувиар монголдоо эмчлүүлэх боломжийг бид олгож байгаа юм. Гаднын эмчээс дутахааргүй мэдлэг чадвартай, дэвшилтэт тоног төхөөрөмжтэй хамт олон ажиллаж байна. Титэм судасны бөглөрлийн тухайд эмийн эмчилгээ гэхээс илүүтэй шаардлагатай бол хагалгаа хийлгэх шаардлагатай.

Титэм судасны архаг бөглөрлийн эмчилгээний хувьд төвөгтэй байгаа. Тоног төхөөрөмж, эмчийн туршлага, чадвараас хамаарч олон газарт эмчилж чадахгүй байна. Судсан доторх мэс заслын эмчилгээний аргаар бөглөрсөн судсыг судсан дотроос нь сэтгүүрдэж онгойлгоод, хиймэл судас тавьж өгдөг арга юм. Титэм судасны архаг бөглөрөлтэй гэж оношлогдсон хүмүүсийг зөвхөн оношлоод орхимооргүй байна. Заавал эмчилгээ хийлгэх ёстой.

Зөвхөн эмийн эмчилгээ хийгээд орхичихоор, зүрхний гэнэтийн амь насанд аюултай хэм алдалт үүсэж, зүрх зогсох үндсэн шалтгаан бий болдог. Өглөө сэрсэнгүй, гудамжинд явж байгаад унаад тэр чигээрээ нас барчихсан гэж бид ярьдаг. Энэ болгон нь амь насанд аюултай зүрхний хэм алдалт үүссэнтэй холбоотой. Бид тоодоггүй л болохоос биш энэ бол бидний өдөр тутмын амьдралд байдаг жишээ.

Гэхдээ бид одоо эрүүл мэндийн мэдлэгээ илүү сайжруулж, мэдлэг мэдээлэлтэй болох хэрэгтэй.

-Интермед эмнэлэг титмийн архаг бөглөрлийн оношилгоо, эмчилгээ хийдэг үү?

-Манай эмнэлэгт хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслүүд олон төрөл байдаг. Бүхий л тоног төхөөрөмжөө хангалттай байлгаж байж хагалгааг хийдэг. Интермед эмнэлгийн нийт хагалгааны 30 орчим хувь нь хүнд хүмүүс байдаг.

Жилдээ 50-60 тохиолдолд зүрхний титэм судасны архаг бөглөрлийн судсан доторх мэс засал эмчилгээг амжилттай хийдэг. Энэхүү хагалааны амжилтын хувь нь олон улсад 80-90 хувь байдаг. Манай эмнэлгийн хувьд энэ үзүүлэлт нь 70-80 хувьтай байна. Тэгэхээр олон улсынхтай дүйхүйц амжилтын өндөр хувьтай гэсэн үг.

Титэм судасны архаг бөглөрлийн оношилгоо эмчилгээний цогц тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Зүрхний титэм судасны тодосгогчтой компьютерт томографи, зүрхний булчингийн эсийн унтаарсан байдлыг үнэлдэг арга буюу эмийн сэдээлттэй зүрхний хэт авиан шинжилгээ, титэм судасны хоёрлосон оношилгоо, судсан дотуурх мэс засал эмчилгээг олон улсын эмнэл зүйн удирдамжийн дагуу, архаг бөглөрлийн судсан дотуурх мэс засал эмчилгээний зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хийгдэж байна.

Титмийн архаг бөглөрөл нь аминд халтай зүрхний хэм алдагдал үүсгэж, зүрх гэнэт зогсох үндсэн хүндрэл болдог тул олон улсад энэ тал дээр ихэд анхаарч байгаа төдийгүй судсан дотуурх мэс заслын үндсэн хэрэгсэл тоног төхөөрөмж шинэчлэгдэж сайжирсаар байна.

-Титэм судасны архаг бөглөрлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?

-Үндсэн урьдчилан сэргийлэлт нь титэм судасны эмгэгийн урьдчилан сэргийлэлттэй ижилхэн. Титэм судасны эмгэг нь насжилттай холбоотой илүүтэй үүсдэг. Гэхдээ залуу хүнд тохиолдохгүй гэж ойлгож болохгүй. Харин ч залуу наснаас эрэгтэй 40 наснаас, эмэгтэй 50 наснаас титэм судасны эмгэгийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Хүндрэл илэрсэн хойно нь оношлох биш, эрт илрүүлж эмчилж байх нь чухал.

Зохистой хөдөлгөөн хийх, хорт зуршлаас салах, өөх тостой, шарсан хуурсан хоолноос аль болох татгалзахыг зөвлөдөг. Түүнчлэн эмийн заавар зөвлөгөөг сайн дагах хэрэгтэй. Өвдсөн болон өвдөөгүй хүнийг өвдөхөөс сэргийлэх нь тусдаа ойлголт. Өвдөөд эмчлүүлсэн хүнийг дахиж өвдүүлэхгүй байх тал дээр мөн анхаарч ажиллаж байна. Тухайн хүний бие махбодод тохирсон эмчилгээний тактик хэрэглэнэ гэсэн үг.

Мөн хүндрэлээс сэргийлэх тухай асуудал яригдана. Өвдсөн хүнийг зүрх зогсох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ёстой.

-Ямар хүчин зүйлээс шалтгаалж титэм судасны архаг бөглөрөл тохиолдож байна вэ?

-Судас нь гурван давхар хөндийт эрхтэн. Дотор давхарга нь гөлгөр, цайвар шар өнгөтэй. Үүний дотор хөндийгөөр нь цус урсаж байдаг. Цусны найрлага буюу шингэн хэсэгт бидний нүдэнд харагдахгүй өөхөн товруу үүсдэг. Улмаар судасны нарийсал үүсдэг. Энэ нь аажимдаа бөглөрөөд удаад ирэхээрээ шохойждог. Улмаар цусан хангамжийг бүрэн бөглөдөг.

Дэлхий нийт титэм судасны архаг бөглөрлийг эмчлэх зөвлөмж гаргаж байгаа. Энэхүү зөвлөмжийг дагавал насжилтыг нэмэгдүүлэх боломж бий. Монголчуудын дундаж насжилт гаднынхантай харьцуулахад бага. Тиймээс аль болох Монголчуудын насжилтыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр тал талаас нь ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..