© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Коронавирус (КОВИД-19)

ЭМЯ: Сайн вакцин байсан ч цар тахлыг таслан зогсоохгүй

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга, Анагаах ухааны доктор А.БУРМАА:

-Томуугийн улирал эхэлж байна. Ерөнхийдөө 10-5 сар хүртэл томуугийн идэвхжил өндөр байдаг. Зөвхөн томуугийн вирусээс гадна томуу төст өвчнүүдийг үүсгэдэг маш олон вирус бий. Covid-19 халдварч ч мөн адил томуу, томуу төст авчинд хамаардаг. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл 10 мянган хүн амд 15.1 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад ойролцоо түвшинд харин сүүлийн гурван жилийн дунджаас бага үзүүлэлт юм. Нийт эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн дунд амьсгалын замын цочмог хүнд болон Covid-19 халдвартай хүмүүс 26 хувийг эзэлж байна. 16-24, 50-64 насанд өвчлөл нэмэгдсэн.

Томуу, төст өвчнөөр өвчлөгсдийн дунд 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзлэж байна. Үүний 41.5 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд. Дөрөв хүртэлх насныхан дунд өвчлөл нэмэгдэж байна.

Томуутай төстэй адилхан шинж тэмдэгээр илэрдэг риновирус, аденовирус, улирлын Covid-19 халдвар бүртгэгдэж байна. Зөвхөн Covid-19 гэлтгүй бусад амьсгалын замын халдварт өвчин нийгэмд их байна. Сургууль, цэцэрлэг болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн учраас томуугийн өвчлөл нэмэгдэнэ. Covid-19 халдвартай зэрэгцэн томуу, томуу төст өвчин дэгдэх үед хүндрэлтэй байх болов уу.

Өнгөрсөн долоо хоногт Covid-19 халдварын 33626 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Есдүгээр сарын 4-10-ны өдөрт дунджаар 4803 тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо өдөрт бүртгэгдэх тохиолдол 1600-аар өссөн байна.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Covid-19 халдварын эсрэг вакцины гуравдугаар тунд 280 мянга гаруй хүн хамрагдсан байна. Эхний хоёр тунгаа хийлгээд гурван сараас дээш хугацааны дараа гуравдугаар тунгаа хийлгэх ёстой. Гурав дахь тунд хамрагдсан хүмүүсийн арав орчим хувь нь вероцелл, есөн хувь нь АстраЗенека, 90 орчим хувь нь Файзер вакцинд хамрагджээ. Мөн 2-11 насны хүүхдүүдийг томуугийн вакциныг хамруулж байгаа. Улсын хэмжээнд 51.5 хувь, аймагт 34.8 хувь, нийслэлд 69.7 хувь хамрагдаад байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч СЕРГЕЙ ДИОРДИЦА:

-Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг давхар эхлүүлээд явж байгаа билээ. Вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах арга гэдэгт хэн ч эргэлзэхгүй.

Хэдийгээр найдвартай сайн вакцин байсан ч гэлээ цар тахлыг таслан зогсооход хангалтгүй. Тиймээс тандалт судалгаа, шинжилгээ, эрт илрүүлэг, тусгаарлалт, эмчилгээг үргэлжлүүлэн маш сайн хийхээр үйл ажиллагаагаа бэхжүүлэн ажиллах ёстой.

Нийгмийн эрүүл мэндийн болон бусад арга хэмжээг давхар анхаарч байх хэрэгтэй. Амны хаалтаа сайн зүүх, зай барих, олноор цуглахаас аль болох зайлсхийх, гараа угаах нь цар тахлыг давахад чухал ач холбогдолтой юм.

Хэдийгээр вакцинжуулалт сайн явагдаж байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ барихгүйгээс болоод халдвар буурахгүй байна. Дэлхийн ихэнх хүн ам энэхүү халдварт өртөх магадлалтай. Цар тахал эхэлснээс хойш 600 өдөр өнгөрсөн энэ хугацаанд шинэ амьдралын хэв маягт шилжин орж байна.

Covid-19 халдварыг үүсгээд буй вирус үргэлжлүүлэн эргэлтэд байх магадлалтай. Тэгэхээр бидний хувьд вирусийг бүр мөсөн устгах боломжгүй байгаа ч вирусээс үүсэж байгаа эндэгдэл, хохирох явдлыг таслан зогсоох боломжтой. Хувь хүн, албан байгууллага бүр энэхүү хохирлын эсрэг арга хэмжээгээ үргэлжлүүлэн авсаар байгаасай гэж уриалмаар байна. Бид хамтдаа гар нийлэн, өвлийн улирлыг даван туулахад хамтран ажиллах нь зүйтэй юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..