Монгол улсын дотрын зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны доктор, кл.Профессор, Удирдахуйн ухааны магистр, Гуравдугаар эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэгтэй ярилцлаа. Тус эмнэлэг коронавирусын эрсдэлтэй байгаа энэ цаг үед хэрхэн ажиллаж буй талаар тэрбээр ярьсан юм.
-Коронавирусын аюул дэлхий дахинд нүүрлээд байна. Энэ өвчин одоогоор манай улсад бүртгэгдээгүй байгаа. ЭМЯ-ыг маш сайн ажиллаж байгаа гэж иргэд ярьж байна. Мэдээж эмнэлгүүд яамнаас өгсөн тушаал, шийдвэрийг мөрдөж ажиллаж байгаа байх. Гуравдугаар эмнэлгийн хувьд короавирусын халдварын эрсдэлд хэр бэлэн байдалтай ажиллаж байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улс төдийгүй дэлхий дахинд коронавирустэй холбоотойгоор онц байдал зарлачихлаа. Монгол Улс, Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогыг бүх эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлж, даган мөрдөж байгаа. Манай эмнэлгийн хувьд ЭМЯ,МХЕГ гэх мэт удирдах дээд байгууллагуудаас ирүүлж байгаа үүрэг, даалгавар, чиглэлийн дагуу ажиллаж байна. Түүнээс гадна Гуравдугаар эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир уушигны мэргэжлийн хүн. Мөн Монголын уушигны нийгэмлэгийн тэргүүн. Мэргэжлийнхээ үүднээс ч тэр ЭМЯ-нд зөвлөх багийн үндсэн бүрэлдэхүүн хэсэгт орж ажиллаж байна. Энэ өвчин гарсантай холбоотойгоор сайдын түвшинд мэдээллүүдийг өгөөд ажиллаж байна.
-Тухайлбал эмнэлэгт ямар ямар ажлууд, зохион байгуулалтууд хийгдэж байгаа вэ?
-Манай эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаад, хэрэгжилтийг нь өдөр тутам хангаад явж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдийн түвшинд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар эмнэлгийн даргын А07,А18,А22 гэсэн гурван тушаал гарсан. Эхний удаа дэд сайдын сэрэмжлүүлэг ирсэн. Үүний хүрээнд халдварын үед болзошгүй эрсдлээс сэргийлэхэд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал бүх тасаг, нэгж, албадынхаа хурал дээр сургалтууд зохион байгуулж байна. Эхлээд энд ажиллаж байгаа ажилчдынхаа сэтгэл зүйг бэлдэх нь маш чухал. Эрүүл мэндийн байгууллагынхан өөрсдөө аливаа эрсдлийн үед сэлгэлзүйн хувьд бэлэн байхгүй бол магадгүй айж сандрах, хэт цочирдох, гадуур байгаа албан бус мэдээллүүдээс болж тайван бус болох, ажил үүргийн дэг жаягаа баримтлахгүйгээс болж нэгдүгээрт өөрсдөө эрсдэлд өртөнө. Хоёрдугаарт халдварыг тараах магадлал үүснэ. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нээс эхлэн манайд байнгын сургалтууд явагдаж байна. Нэг дэхь өдөр бүр хариуцлагатай ажилтнуудын шуурхай гээд 80-аад ажилтан, тасаг албадын дарга, ахлах ажилтнуудад сургалт хийгддэг. Хоёр дахь өдрийн өглөө бүр 180 эмч нартаа сургалт хийж, цаг үеийн мэдээлэл өгч байна. Мөн манайд 200-аад резидент эмч байдаг. Энэ эмч нартаа мөн сургалт хийлээ. Дандаа мэргэжлийн сургалтууд. Сувилагч, тусгай мэргэжилтнүүд болох 200, дэмжин туслах ажиллагааны 150–иад ажилтан бий. Тэр хүмүүст цэвэрлэгээгээ ингэж хийх хэрэгтэй.Слесариуд нь тасаг нэгжээр ингэж явах ёстой гээд маш энгийн, олйгомжтойгоор сургалт явуулж байна.
-Танайх томуу , томуу төст өвчний шинж тэмдэгтэй үйлчлүүлэгч нартаа зориулж өвчтөн хүлээж авах кабинет нээсэн гэсэн үү?
Тийм ээ. Эрүүл мэндийн сайдын 19-р албан даалгавар гарсан. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эмнэлгийн даргын А18 тушаал гаргаж ажилласан. Энэ тушаалаар төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөгөөр амбулаторийн үзлэгийг, ялангуяа амьсгалын замын өвлөлийн эрт илрүүлгийг хийх кабинет нэмж гаргасан. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа ханиаж, халуурч, амьсгалын замын өвчний сэжигтэй тохиолдол байвал үзлэгийн цаг дууссан, ачаалал ихтэй байна гэж буцаахгүйгээр, томуу томуу төст өвчний халдвар байх юм бол тараахгүй гэх үүднээс эрт сэргийлж кабинет нээж ажиллуулж байна.
-Хэрвээ коронавирустэй хүн танай эмнэлэгт илэрвэл хэрхэн ажиллах төлөвлөгөө боловсруулсан уу?
-Яаралтай тусалмжийн тасаг дээрээ үзүүлэх сургалтууд хийлээ. Яг вирусын сэжигтэй тохиолдол ороод ирвэл яаж, хэрхэн арга хэмжээ авах вэ, ямар шат дараалалтай тусгаарлах вэ гэдгийг поликлиник дээрээ туршиж үзсэн. Яагаад гэвэл өдөртөө манай поликлиникээр 800-аад хүн үйлчлүүлдэг. Тиймээс эмч, сувилагч нар маань харьцангуй сайн бэлтгэлтэй болсон. Мөн манай эмнэлгийн хамт олон, тасаг нэгж бүрийн эмч мэргэжилтнүүд хэр зэрэг бэлэн байна гэдгийг Дотоод хяналт шалгалтаар шалгахаар эмнэлгийн даргын А22 дугаар тушаал гарсан. Үндсэн долоон чиглэлийн ажлын хэсэг гаргасан. Дандаа хариуцлагатай албан тушаалтнуудаар ажлын хэсгүүдийг ахлуулсан. 7-9 хүнтэй ажлын хэсэг гаргаад бүх чиглэлүүдэд хяналт үнэлгээ хийгээд эхэллээ. Мөн эмнэлгийн мэргэжилтний сэтгэл зүй, ёс зүй, хандлага ямар байна вэ гэдэг чиглэлээр өөрсдөө асуумж боловсуулаад шалгалт хийж байна. Хэрвээ асуумжид хариулаад манай эмч мэргэжилтнүүд сэтгэлзүйн хувьд бэлтгэгдээгүй байх юм бол эрсдэлтэй гэдэг үүднээс маш олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байна.
-Танай эмнэлгээр сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн үү. Ханиаж, халуурсан сэжигтэй хүмүүсээс шинжилгээ авч, тусгаарлаж байгаа юу?
-Нийгэм даяар, сошиалаар их айдастай, өвчин ороод ирчихсэнийг нуучихсан байна гэдэг ч юм уу хандлага гаргаж байна. Жил бүрийн өдийд томуу, томуу төст өвчин, хатгалгаа нэмэгддэг. Тиймээс халуурсан, ханиалгасан, найтаалгасан гэсэн бүх хүмүүстээ тандалт хийж байна. Тусгаарлах өрөөтэй. Одоогоор 20 гаруй хүнд шинжилгээ хийлгэсэн. H1N1 вирусын халдвартай нэг хүн биеийн байдал харьцангуй сайжирсан. Мөн H3N2 вирусын халдвартай 6-7 тохиолдол эмчлэгдээд эхнээсээ гарч байна. Өнөөдөр коронавирус орж хирсэн, нуун дарагдуулсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд гэхэд гадагшаа зорчсон гэх өгүүлэмжтэй, халуурсан, ханиасан хүнийг гурав хоног тусгаарлаад өчигдөр халдвартын эмнэлгээс хариу нь ирсэн. Энэ хүн H3N2-оор үүсгэгдсэн хатгаа хүндэрдэг өвний нэг туссан байна гэсэн. Одоо уушигны тасагт шилжчихсэн эмчлүүлж байна.
-Нэмэлтээр 35 ортой тасаг нээсэн гэсэн. Энэ тасгийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх боломж бий юу?
-Уушигны тасаг маань 35 ортой. Энэ тасаг дээрээ арван ор нэмж ажиллаж байна. Аль болох эмнэлэг дотроо ороод ирсэн өвчтөнүүдийг хүндрүүлчихгүй эмчлэх менежмент хийгээд явж байна. Эмч нараа дайчлах хуваариудаа гаргасан. Хэрвээ ямар нэг эрсдэл гарах юм бол тэр үйлчлүүлэгчийг хэрхэн тусгаарлах вэ гээд бүх тасагт зураглал гаргаад ажиллаж байна. Хамгийн түрүүнд сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн эмч эхлээд хэнд хандаж дуудлага өгөх вэ гэдэг байдлаар зохицуулаад ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын 19-р албан даалгаврын 4.2-т Анагаахын сургуулийн төгсөх курсын эмч нар болон резиденд эмч нарыг шаардлагатай тохиолдолд бэлэн байлгах, дайчлан ажиллуулах гэж бий. Тиймээс энэ хүрээнд ялангуяа уушигны чиглэлээр суралцаж төгсөж байгаа хүмүүсээ дайчлан ажиллахад бэлэн байна. Манай эмнэлэг 454 ортой. Үнээс 45 уушигны тасагт байна. Цаашид амьсгалын замын өвчин нэмэгдэх юм бол дахин 35 ор нэмж ажиллуулахад бэлэн байдалтай, эмч нараа бэлдчихсэн байна.