© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Нүд судлал

Нүдний шил зүүх үед хараа засагдаж байвал “ХАРАА ТЭГЛЭХ“ мэс заслыг хийлгэх боломжтой

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр н.Энхзултай ярилцлаа. Түүний хувьд УНТЭ-т 2003 оноос хойш ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд зонхилон тохиолдож буй нүдний ямар ямар эмгэгүүд байна вэ? Нүдний ханиад хүрчихлээ гээд хүмүүс их ярьдаг шүү дээ. Энэ талаар уншигчдад мэдээлэл өгвөл.

Сайн байна уу. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 21 аймаг, нийслэлийн бүх насанд хүрэгчдэд нүдний тусламж, үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна.

Нүдний зонхилон тохиолдох эмгэгт катаракт буюу нүдний болор цайх эмгэг, глауком буюу нүдний даралт ихсэх эмгэг, чихрийн шижингийн шалтгаантай торлог бүрхүүлийн эмгэг, гэмтлийн улмаас үүдэлтэй нүдний эмгэгийн тусламж үйлчилгээ, хугарлын гажиг гэх мэт нүдний эмгэгүүд ордог.

Сүүлийн жилүүдэд нүдний ханиад нь адено вирусны конъюктивит буюу нүдний салст бүрхүүлийн үрэвсэл их гарч байна. Энэ нь агаар дуслын зам болон бохир гар, ахуйн замаар бусдад халдварладаг учраас "нүдний ханиад" гэж нэрлэдэг. Энэ үед нүд улайх, аргаж торох, усархаг ялгадас гарах, чихний урд талын булчирхай томрох, хоёрдогч халдвар авбал нуухтах тохиолдол их байдаг.

Вирусийн халдварын үед дархлаа дэмжих, сайтар унтаж амрах, тэжээллэг хоол хүнс хэрэглэхээс гадна, даарч хөрөхгүй байх, гараа сайтар угаах, гар нүүрний алчуур солихгүй байх нь чухал. Зовхи хавдаж нүд улайх үед нүдэнд судас агшаагчтай хиймэл нулимас дусааж болох ба нянгийн халдвар авсан тохиолдолд антибиотиктой дусаалга дусааж болно. Өвчний явц удаан үргэлжлэх, дордох мэдрэмж төрөх үед дур мэдэн дусаалга дусаахгүйгээр заавал мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ бичүүлж авах хэрэгтэй.

-Чихрийн шижингээс үүдэлтэй нүдний өвчний талаар ярилаа. Тэгвэл бусад ямар ямар өвчний үед нүдний хараа алдах болон бусад өвчин үүсдэг вэ?

Бусад биеийн өвчнөөс үүдэлтэй нүдэнд өвчин үүсгэх хэд хэдэн өвчин байдаг. Дээр хэлсэнчлэн чихрийн шижин өвчнөөс үүдэж нүдний торлогийн бичил судас гэмтсэний улмаас хараа алдах тохиолдол их гардаг. Үүнийг чихрийн шижингийн шалтгаант торлог бүрхүүлийн эмгэг гэж нэрлэдэг.

Үүнээс гадна биеийн даралт ихсэхээс хамаарч торлогийн цус харвалт буюу салаа судаснууд, вен, артерийн судас бөглөрөх эмгэг бас зонхилон тохиолддог.

Мөн бамбайн өвчнөөс болоод нүд бүлтийх эмгэг, нүд хуурайшилт үүсэх, мэдрэлийн гаралтай өвчний үед нүдний эмгэг үүсэх гэх мэт маш олон биеийн өвчинтэй хамааралтайгаар нүд өвдөх тохиолдол байдаг.

-Улс орон даяар зохион байгуулагдаж байгаа "Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ"-гээр хүүхдийн нүдний хараа алдах өвчин их байгаа нь тогтоогдсон. Энэ юунаас үүдэлтэй бол. Эцэг эхчүүд үүн дээр хэрхэн анхаарах ёстой вэ?

Бага насны хүүхдүүдэд нүдний хугарлын эмгэг зонхилон тохиолдож байна. Энэ нь нэгдүгээрт хотжилттой холбоотой. Хоёрдугаарт коронавирусийн цар тахлын үед хөл хорио хийж цахим орчинд их байсан шүү дээ. Энэ нь бага насны хүүхдүүдийн хараанд их нөлөөлсөн.

Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өөрт нь садаа болгохгүй гэх үүднээс ухаалаг утас, таблетыг бага наснаас нь хэрэглүүлэх, утаснаас хамааралтай болгох явдал их байна. Энэ нь дан ганц хараа муудахад нөлөөлөхөөс гадна мэдрэлийн ядаргаа, донтолтонд өртөх явдал болж байна.

Дээр үед номын цаасыг гэрэл шингээх материалаар хийдэг байсан. Орчин үед цаг үеэ дагаад номны материал хүртэл гялгар болж, ном унших үед гэрэл ойж, нүд ядрах мэдрэмжийг авч буйг анхаарах хэрэгтэй. Тэгвэл комьпютер, утас, таблет ширтэх нь үүнээс илүү их хэмжээний гялбалт туяаг нүдэнд өгч тэр хэмжээгээр ачаалал өгдөг.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн хараа муудалтаас урьдчилан сэргийлэхийн тулд цахим орчны хэрэглээг зөв тохируулах шаардлагатай. Мөн хүүхдээ гадаа тоглуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн стресс тайлагдах, нүдний ядралт багасдаг.

-Дэлгэцийн хамгаалалттай шилийг хүмүүс их зүүдэг болсон. Энэ нь яг нүдийг хамгаалж чадах уу. Зарим хүмүүс комьпютер дээр удаан ажилласнаас болоод нүд хуурайшаад байна гэж их ярьдаг.

Дэлгэцийн хамгаалалттай шил зүүх нь гэрлийн ойлтыг бууруулах, нүдний ядаргааг багасгахад ач холбогдолтой.

Хүмүүс комьпютер дээр удаан ажиллах үед нүдний анивчилт цөөрдөг. Анивчих үед нулимсан бүрхүүл үүсч нүд чийглэгдэж байдаг. Гэтэл нэг зүйлрүү удаан ширтчихээр чийгшүүлэх процесс буурч, үүнийгээ дагаад нүд ядрах, загатнах, улайх, хуурайших шинж тэмдэг илэрч болно.

-Нас ахих тусам хараа алдах тохиолдол их байгаа нь ажиглагддаг. Энэ байгалийн жам ёсны зүйл мөн үү.

Нүд нь өөрөө физиологийн урттай. Тэр нь хэвийн хэмжээнд байгаа хүмүүсийн хувьд нас ахихад холын хараа нь хэвийн ч ойрын хараа нь муудаж эхэлдэг. Энэ бол хэвийн физиологийн процесс юм. Тэгвэл арай жижиг нүдтэй ч юм уу урт нүдтэй хүмүүсийн хугарал нь шар торлогийн өмнө хойно хугардагаас болж нэмэх юм уу хасах шил зүүдэг. Яагаад ердийн хараатай байсан иргэд 40 насыг даваад ирэхээрээ шил зүүх шаардлагатай болдог вэ гэхээр нас ахих тусам нүдний болорын уян хатан чанар алдагдаж, болор цайх өвчний эхлэл тавигдаж байдаг. Болорын гүдийх чадвар алдагдсанаас болоод ойрын харааны шил зүүх шаардлагатай болдог.

Холын хараа муудах шинж тэмдэг илрэх гол шалтгаан нь болорын бүдэгшил, түүнчлэн өөр бусад шалтгаан байж болох тул заавал эмчид хандах шаардлагатай. Болороос хамааралтай бүдэгшил үүсээд холын хараа муудаж байвал мэс заслын аргаар хараа сайжрах бүрэн боломжтой.

-Болорын мэс засал хэдэн төгрөгийн өртгөөр хийгддэг вэ. ЭМД-аас хэдэн хувь хөнгөлдөг вэ?

Манай эмнэлэгт болорын мэс заслыг тухайн хүний болрын хатуурал болон нүдний суурь хавсарсан өвчин эмгэгээс шалтгаалан дурангийн болон зүслэгтэй аргаар хийдэг. Дурангийн мэс заслыг хамгийн бага зүслэгээр хийж уян болор суулгаж хийдэг. Тэгвэл зүслэгтэй мэс заслыг нүдний янз бүрийн хавсарсан эмгэгтэй болон болор нь маш хатуу болсон үед хийдэг. ЭМД-ын сангаас 75 хувийг гаргаж, хувь хүн 25 хувийг өөрөөсөө гаргадаг. Энэ нь ойролцоогоор 450 мянга орчим төгрөг болж байна. Зарим нэгэн хувийн эмнэлгүүдэд мөн энэ төрлийн үйлчилгээг ЭМД-аар үзүүлээд эхэлсэн.

-Иргэд хараа тэглүүлэх мэс засалд их орох болсон. Энэ мэс заслын эерэг болон сөрөг үр дагаврын талаар мэдээлэл өгвөл.
Хараа тэглэх мэс заслыг хугарлын гажигтай хүмүүст хийдэг. Орчин үед техник, технологи хөгжиж байгаатай холбоотой хасах, нэмэх шил зүүдэг мөн нарийн шил буюу градустай шил зүүдэг хүмүүсийн харааг хүртэл засах боломжтой болсон. Энэ мэс заслыг 18-аас дээш насныхан, нүдний шил зүүдэг хэмжээ нь сүүлийн нэг жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй, эвэрлэг бүрхүүл хэвийн хэмжээнд байгаа болон нүдэнд янз бүрийн суурь өвчин эмгэггүй иргэнд хийдэг.

Үүнээс гадна хугарлын эмгэгтэй буюу нүдний шилний хэмжээ нь хэт өндөр, шилээрээ хараа нь сайн засагдахгүй бол энэ мэс засалд орох боломжгүй.

-Зарим тохиолдолд нүдний шил зүүхээс төвөгшөөгөөд линз зүүх тохиолдол их байдаг. Тэгвэл линз зүүх нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу.

Линз нь маш олон төрөл байдаг. Хатуу, зөөлөн, агаар нэвтрүүлэх чанар их, бага гэх мэт. Тэгэхээр ямар линз зүүж байна, тэрийгээ зөв арчилж зүүж байна уу гэдгээс их шалтгаална. Линзийг спортын өдөрлөг тэмцээний үед зүүх нь маш зөв. Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай оронд нүдний шил хэрэглэх нь нар, салхи, шорооноос нүдийг хамгаалж байдаг. Тиймээс иргэд зориулалтын хамгаалалтын шилийг зүүж хэвших хэрэгтэй.

-Иргэд өөрсдийгөө нүдний эмгэгээс хэрхэн хамгаалах вэ?

Хамгийн гол нь хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг багасгах хэрэгтэй байна. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд осол гэмтэлд орсон иргэд маш их ирдэг. Эдгээр иргэдийн дотор ахуйн осол гэмтлээс болоод нүдээ гэмтээсэн иргэд их байна. Тиймээс дээр хэлсэнчлэн ажил мэргэжлээ хийж байх үедээ ахуйн ослоос хамгаалсан шилийг заавал зүүж хэвших хэрэгтэй.
Мөн эрүүл зөв амьдралын хэв маягт суралцах хэрэгтэй. Архидан согтуурахтай холбоотойгоор энэ төрлийн гэмтэл мөн л их байдаг. Зарим иргэдийн хувьд нэг нүдний хараагаа алдчихаад за яах вэ нэг нүдээрээ харж болж байна гээд яваад байдаг. Гэтэл үүний цаана хос хараа гэж маш чухал зүйл байдаг. Хос харааны ачаар 3D, 4D буюу орон зайн баримжаатай байдаг. Гэтэл нэг нүдний хараа алдагдчихаар энэ баримжаа алдагддаг. Хос эрхтэн, хос хараа гэдэг ямар чухал зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..