-Монголчуудын дунд сүүлийн үед зонхилон тохиолдож байгаа зүрхний хэм алдалтын шинж тэмдгийн үед ашиглах эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж байгаа юм байна. Тус аргын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Зүрхний хэм алдагдал бол монголчуудад түгээмэл тохиолддог эмгэг. Тэр дундаа хамгийн их тохиолддог хэм алдагдал бол тосгуурын жирвэгнэх хэм алдагдал байдаг. Уг хэм алдагдлын тухайд тархины харвалт, зүрхний дутагдал, нас баралтаар хүндэрч, хүний амьдралын чанарт нэлээд нөлөөлдөг. Энэ хэм алдагдалыг засах үндсэн эмчилгээний нэг арга бол түлэх эмчилгээ болон аблаци эмчилгээ гэж бий.
Аблаци эмчилгээ дотор хөлдөөх аблаци эмчилгээ сүүлийн үед нэвтэрч байгаа чухал аргуудын нэг.
Тус эмчилгээг Улсын III төв эмнэлэг 2019 оноос ойш нэвтрүүлэхийг зорьж ажиллалаа. Ингээд ковидын улмаас саатал гарч хойшилсоор өнөөдөр хөлдөөх аблаци эмчилгээг БНХАУ-ын профессорууд болон Медтроник компанитай хамтран Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Маргааш, нөгөөдрөөс зарим өвчтөнүүдэд уг эмчилгээг хийж эхлэхээр бэлтгэл байдлаа хангаад байна.
-Дийлэнх иргэд зүрхний хэм алдалт зөвхөн өндөр настнуудад зонхилон тохиолддог гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үед залуучуудын дунд энэ өвчнөөр өвдөх, гэнэт зүрх нь хаагдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь олны ахаарлыг татаж байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна?
-Тосгуурын жирвэгнэх зүрхний хэм алдалтад яах аргагүй насжилт нөлөөлдөг. Хамгийн сүүлд 2019 онд Монгол Улсад хийгдсэн халдварт бус өвчний шалтгаан болон эрсдлийг тодруулах судалгаагаар тосгуурын жирвэгнэх хэм алдалтын тархалт 15-60 насны иргэдийн дунд 5.3 хувьтай байгаа нь тогтоогдсон. Энэ бол нэлээд өндөр тархалт.
Түүнчлэн 60-70-аас дээш насанд энэ тархалтын хувь хэмжээ хэд дахин нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор дээр дурдсан бусад хүндэрлүүд нэмэгддэг. Цаашлаад хөдөлмөрийн чадвараа алдахтай зэрэгцэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтмол зардлууд огцом нэмэгддэг. Энэ эмчилгээг хийхэд эмчилгээний үндсэн гурван чиглэл байдаг. Нэгдүгээрт, харвалтаас сэргийлдэг, хоёрдугаарт, шинж тэмдгийг засахыг зорьдог. Үүний гол арга нь аблаци буюу хэвийн хэм рүү шилжүүлдэг. Эмийн эмчилгээ хэрэглэхээс гадна түүнтэй ижил хэмжээнд аблаци эмчилгээ хийгдэх ёстой.
Өмнө нь хийх боломжгүй байсан энэхүү эмчилгээ нэвтэрснээр эмчилгээ үр дүнтэй байх боломжийг улам нэмэгдүүлж байна. Хөлдөөх гэдэг бол зүрхний хэм алдагдлыг эмчлэх эмчилгээний нэг арга.
Үүнээс гадна радио долгионоор түлэх аргууд байдаг. Бусад аргуудтай харьцуулахад хөлдөөх аблаци эмчилгээний үр дүнгийн хувьд ойролцоо боловч энэ аргад зарцуулах хугацаа, хүндрэл бага байдаг нь түлхүү ач холбогдолтой.
Өмнө нь зүрхний хэм алдагдалтад эмийн эмчилгээ хийдэг байсан боловч эмийн эмчилгээ үр дүн муутай байгаа тохиолдолд дараагийн эмчилгээний сонголт байдаггүй байсан. Тэгвэл эмийн эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байгаа тохиолдолд хөлдөөх, түлэх эмчилгээ хийх боломж бүрдэж байна.
-Зүрхний хэм алдагдах шинж тэмдгийг хэрхэн мэдэх боломжтой вэ. Шинж тэмдэг илэрч байгааг анзаарахгүй явсаар хүндрүүлэх тохиолдол бий юу?
-Зүрхний хэм алдагдал дотроо олон төрөл бий. Хэм алдагдлын үед зүрхний хэм жигд бус болдог. Хэрэв хүний зүрхний хэм жигд бус болвол түүнийг илрүүлэх үндсэн арга нь зүрхний цахилгаан бичлэг хийлгэх. Зүрхний цахилгаан бичлэгийг улсын, хувийн эмнэлэг аль нь байхаас үл хамаарч бүх шатны эмнэлгийн байгууллагад хийлгэх боломжтой. Өртөгийн хувьд хямдаас гадна зүрхний хэм алдагдлыг илрүүлэх хамгийн үр дүнтэй арга юм.
Хэрэв ямар нэгэн байдлаар зүрх дэлсэх, жигд бус цохилж байгаа шинж тэмдэг илрэх юм бол зүрхний бичлэг хийлгээд харьяа дүүргийнхээ эмчид үзүүлэхэд хангалттай.
Гол асуудал юу байна гэхээр тосгуурын жирвэгнээ хэм алдалын тухайд дийлэнх нь шинж тэмдэггүй байдаг. Харамсалтай тохиолдолд тархины харвалт, зүрхний дутагдал, өөр бусад шинж тэмдгийн хүндэрлүүд гарсны дараа оншлогдох тохиолдол бий. Тийм учраас урьдчилан сэргийлэх товлолт үзлэгүүдэд хамрагдаж, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх нь зүйтэй. Дор хаяж судсыг нь бариад, зүрхийг нь чагнаад зүрний хэм жигд бус байгааг илрүүлэх нь оношилгоо, эмчилгээнд чухал нөлөөтэй байдаг. Хэрэв зүрхний хэм алдагдлыг эрт илрүүлж чадвал цаашдын хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой.
-Шинээр нэвтрүүлж байгаа эмчилгээний үнэ төлбөр ямар байх бол. Эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авах боломжтой юу?
– Эмчилгээний үнэ өртгийн хувьд нэлээд өндөр. Монгол Улсад нэвтэрч байгаа шинэ технологи учраас тодорхой хэмжээний судалгаа үнэлгээ хийсний дараа үнэлгээ гаргаж Эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн төгрөг хөнгөлөх, хэрхэн яаж хөнгөлөх тухай асуудал яригддаг. Эхний ээлжинд 35 үйлчлүүлэгчид уг эмчилгээний арыг хэрэглэж, үнэлгээг гаргаад, ЭМДС-ийн үндэсний зөвлөлд танилцуулж тэндээс дараа дараагийн үйл ажиллагааг санхүүжүүлвэл бидний үйл ажиллагаа харьцангуй тогтвортой байхаас гадна тосгуурын жирвэгнэх тусламж үйлчилгээнд өндөр ахиц авчирах боломжтой.