© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Эх барих ,эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

" КОВИД-19-өөр өвчилсөн эх болон ургийн амь насыг аврахын тулд хугацаанаас нь өмнө кесар хагалгаагаар төрүүлж байна"

ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, гавьяат эмч Ц.Чинбаяр "АСА СТАНЦ" нэвтрүүлэгт оролцож коронавируст халдвараар өвчилж, хүндэрч буй иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ХӨСҮТ-ийн нөхцөл байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар 389 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь маш хүнд 17, хүнд 70 орчим өвчтөн байгаа. Хавсарсан өвчтэй, өндөр настай хүмүүсээс гадна жирэмсэн эхчүүд хүндэрч эхэлсэн. 17 маш хүнд хүний тав нь жирэмсэн болон төрсөн эхчүүд байгаа. Энэ бүлгийн хүмүүс вакцин хийлгээгүй учраас хүнд, маш хүнд хэлбэрээр өвчилж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэхэд хүрч байна.

Халдвартай ээжээс халдвартай хүүхэд төрж байгаа, нярайд эрсдэл үүсгэсэн зүйл байхгүй ч жирэмслэлт гэдэг хүний биед маш их ачаалал үүсгэдэг учраас хэвлий, умай томорч уушги шахагдаж байдаг. Мөн амьсгалах хэрэгцээ нэмэгдэж байдаг. Энэ үед уушги гэмтэж хатгаа болоод хүндрэхээр амьсгалын дутагтал үүсдэг. Тиймээс эх, ургийн амь насыг аврахын тулд хугацаанаас нь өмнө кесар хагалгаагаар төрүүлж байна. Дутуу ч гэсэн ургаа амьд авч үлдэх аргыг эрэлхийлж байгаа. Ингэснээр ээжийн бие дэх ачааллыг ч мөн бууруулна.

Улсын хэмжээнд 1,600 гаруй жирэмсэн эмэгтэй халдвар авснаас өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 600 орчим эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмчилж байгаа. Маш хүнд байдалтай эхчүүдийг ЭХЭМҮТ дэх тусгай тасагт хүлээн авч, төрүүлж байна. Аль болох жирэмсэн эмэгтэйчүүдээ хүндрүүлэхгүй, хүндэрсэн тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авахаар хичээн ажиллаж байгаа.

"ЭХЭМҮТ-д 60 гаруй халдвартай хүүхэд эмчлүүлж байна"

Халдвар авч буй дараагийн том бүлэг бол хүүхдүүд байна. Жирэмсэн эхчүүдийн адил вакцин хийлгээгүй энэ бүлэг халдварын тархалтад нэлээд нөлөө үзүүлж байгаа. Хүүхдүүд гэр бүлийнхээ хүрээнд халдвар авч зүрхний төрөлхийн гажигтай, хоол тэжээлийн дутагдалтай, дутуу төрсөн хүүхдүүд хүндэрч байна. Хэвийн дархлаатай хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэж байгаа.

ЭХЭМҮТ дээр дурдсан эрсдэлт бүлгийн халдвартай хүүхдүүдэд зориулаад тасаг нээсэн. Өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхдэд эмчилгээ хийж байна. Энэ тасаг дотроо эрчимт эмчилгээний хэсэгтэй бөгөөд хүнд хүүхдийн тоо нэмэгдэж байгаа.

Тийм учраас хүүхдээ өвдүүлэхгүй байх нь л хамгийн чухал. Хүн таньдаг хүнээсээ айдаггүй шиг аав, ээжүүд хүүхдэдээ халдвар өгөхгүй гэж боддог юм шиг байгаа юм. Бодит байдал дээр гадуур явж байгаа хүн аюултай л гэсэн үг. Тиймээс жирэмсэн эхнэр, хүүхэд, өндөр настай аав ээжийнхээ төлөө нийтийн дунд битгий яваач ээ гэж хүсмээр байна" хэмээн ярилаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..