© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зөвлөгөө

Д аминдэмийг бид хэр сайн мэддэг вэ?

Аминдэмүүдийг
  1. Тосонд уусдаг аминдэм,
  2. Усанд уусдаг аминдэм,
  3. Аминдэм төст бодис гэж ангилж үздэг.
Д аминдэм нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Д аминдэм дотроо Д1, Д2, Д3, Д4, Д5, Д6 гэсэн төрлүүдтэй байдаг ба эдгээрээс хүний эрүүл мэндэд тустай нь Д2 (эргокальциферол), Д3 (холекальциферол) юм. Эргокальциферол нь ургамлын гаралтай хоол хүнсээр хүний биед орж ирдэг. Холекальциферол нь хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсанд нийлэгждэг. Энэ шинжээр нь байгалийн аминдэм гэж нэрлэх нь бий. Холекальциферол нь мөн загасны тос, цөцгийн тос зэрэг амьтны гаралтай хоол хүнсэнд бас байдаг. Хүний биед нийлэгжсэн болон хоол хүнсээр гаднаас орж ирсэн Д аминдэм нь өөхний эдэд хуримтлагддаг. Бидний бие организм зуны улиралд хуримтлуулсан Д аминдэмийн нөөцийг өвлийн саруудад ашигладаг.
Манай ард түмэн амьдралын хэв маягаас болж Д аминдэм агуулсан амьтны болон ургамлын гаралтай хоол хүнс бага хэрэглэдэг, газар зүйн байршлаас шалтгаалж зуны улирал нь 8 сарын дунд үе хүртэл 70 өдөр үргэлжилдэг зэрэг нь Д аминдэмийн дутагдал үүсэх үндсэн нөхцөл болдог байна.
Та бидний бие махбодод байгаа Д аминдэмийн үндсэн зорилго нь нарийн гэдэсний ханаар хоол хүнсэнд агуулагдаж байгаа кальци, фосфорын шимэгдэлтийг хангах юм. Энэ үүргээс нь болж бидний ихэнх нь Д аминдэмийг зөвхөн бага насны хүүхдийн рахитийн үед хэрэглэдэг гэсэн ойлголттой байдаг. Өнөө үед Д аминдэм нь цус харвалт, зүрхний шигдээс, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх, тэр ч байтугай хавдрын эсрэг өндөр үр дүн үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Д аминдэмийн цусан дах хэмжээ:
50<нг/мл, эсвэл 125<нмол/л Д аминдэм илүүдэлтэй
20-50 нг/мл, эсвэл 50-100 нмол/л Д аминдэм хангалттай
12-20 нг/мл, эсвэл 30-50 нмол/л Д аминдэм хангалтгүй
<12 нг/мл, эсвэл <30 нмол/л Д аминдэм дутагдалтай.
Д аминдэмийн дутагдал
Цусан дах тосонд уусдаг, чухал Д аминдэмийн түвшин 20 нг/мл эсвэл 50 нмол/л-ээс багасахыг Д аминдэмийн дутагдал гэж үздэг. 2016 онд ОХУ-д хэвлэгдсэн судалгаанд дэлхий дээрх хүмүүсийн 50-с илүү хувьд нь Д аминдэмийн дутагдал ажиглагдсан. Өндөр настангуудын дундах Д аминдэмийн дутагдал 80-90%-д хүрдэг гэж тэмдэглэгдсэн байна. Д аминдэм нь кальци-фосфорын солилцоог зохицуулж, төрөлхийн болон олдмол дархлааг үүсгэж, хавдрын эсрэг хамгаалалтыг өдөөдөг. Мөн Д аминдэм нь бодисын солилцоо, мэдрэлийн үйл ажиллагаа, цусны эргэлт болон дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс Д аминдэмийн дутагдлын үед ясны эмгэг хугарал үүсэх, амархан ядрах, ханиад, томуунд өртөмхий болоход хүргэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй хүний биед агуулагдах Д аминдэм нь тестостероны солилцоонд оролцож, бэлэг эрхтний хэвийн хөвчрөлт болон нөхөн үржихүйн чадварыг бүрдүүлдэг нь тогтоогдсон байна. Мөн Д аминдэм нь андроген дааврын дутагдал болон бэлгийн сулрал үүсэх нэг шалтгаан болдог байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..