© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Эрүүл мэндийн менежмент

Н.Асралт: Төрөлхийн сонсголгүй хүүхдэд дунгийн суулгацын мэс засал хийх тоолондоо манай тасаг, эмнэлэг өрөнд орж байна

Огт сонсголгүй буюу таг дүлий хүмүүст хийх заалттай энэ мэс заслыг хийлгэсэн хүмүүсийн 75 хувь нь хүүхдүүд байна.

Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр төрөлхийн сонсголгүй иргэдэд хийх мэс заслын зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр болсон. Гэвч бодит байдал дээр энэ мэс заслыг хийх тутамд тухайн тасаг, эмнэлэг өрөнд орж байгаа аж.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолой, толгой, хүзүү нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр Н.Асралттай энэ асуудал болон сонсгол бууралтын хэлбэрүүд, шалтгаан, ямар эмчилгээнүүд хийгддэг талаар ярилцлаа.

"Сонсголгүй хүүхэд хэлд орохгүй"

- Сонсгол бууралт ямар шалтгаанаар үүсдэг, хэрхэн сэргийлэх талаар яриагаа эхлэх үү?

- Сонсгол бууралт хоёр хэлбэрээр үүсдэг. Эхнийх нь бүтцийн гаралтай сонсгол бууралт буюу гадна чихээр долгионыг хүлээж аваад суваг руу дамжуулан сувгийн төгсгөл дэх хэнгэргэн хальсан дээр очно. Тухайн долгион хэнгэргэн хальсыг хөдөлгөх бөгөөд хөдөлгөөний тоог алх, дөш, дөрөө гэдэг сонсголын яс хүлээн авч мөн хөдөлнө. Түүнийг нь дун ясан доторх сонсголын мэдрэлийн эсүүд хүчтэй, хөнгөн, урт, богино зэргээс хамааран дуу авиа болгон хүлээн авдаг. Тэгэхээр чихний суваггүй төрөх, хэнгэргэн хальс цоорох, сонсголын яснууд гэмтэх гэх мэт тохиолдлоос шалтгаалаад бүтцийн сонсгол бууралт үүснэ.

Бүтцийн сонсгол бууралт дийлэнх тохиолдолд хүүхэд удаан хугацаагаар нусхайрч явах, чихнээс нь булаг гоожих, хамар битүү удаан явах гэх мэтээс үүсэх бөгөөд энэ нь урт хугацаагаар үргэлжлэх тусам сувагт ур ургацаг ургах, шохойжих үйл явц явагдаж сонсголын яснуудын хөдөлгөөнийг хязгаарлан сонсгол бууралтад хүргэдэг. Маш энгийн юм шиг хэрнээ чухал зүйлсэд анхаарлаа хандуулаагүйгээс, цаг тухай бүрд нь эмчлүүлээгүйгээс энэ хэлбэрийн сонсгол бууралт бий болдог гэж хэлж болно.

Сонсгол бууралтын дараагийн хэлбэр нь мэдрэлийн гаралтай байдаг. Чихний бүтэц зүгээр буюу долгионыг хүлээж аваад цааш дамжуулаад байгаа хэдий ч тархи чих хоёрыг холбодог мэдрэлийн үйл ажиллагаа байхгүй бол сонсгол бууралт үүснэ.

Мэдрэлийн гаралтай сонсгол бууралт нь эмийн зохисгүй хэрэглээ, менингококк тусах, сүрьеэгийн дараа, вирусийн халдвар гэх мэт олон шалтгааны улмаас мэдрэл гэмтсэнээр үүсдэг.

- Сонсгол бууралттай байна уу, үгүй юу гэдгээ хамгийн энгийнээр хэрхэн мэдэх боломжтой вэ?

- Ер нь бол эмчид үзүүлэх нь хамгийн зөв. Хамгийн энгийнээр жишээ аваад тайлбарлая. Сонсгол хэвийн бол телевизийн дууны тохиргоо 1-20 байхад сонсож байх, 20-40 бол хөнгөн зэргийн сонсгол бууралттай, 40-60 бол хүндэвтэр, 60-80 бол хүнд, 80-аас дээш бол дүлий гэсэн ангилалд багтана.

- Сонсгол бууралт үүсэж байгаа хэлбэрээс нь шалтгаалаад эмчилгээ нь өөр өөр байх уу?

- Бүтцийн буюу дамжуулах замын сонсгол бууралтын үед хэнгэргэн хальс цоорсон бол нөхөх, ур ургацаг ургасан бол цэвэрлэх, сонсголын ясыг орлуулах, нөхөн сэргээх мэс засал хийнэ. Эдгээр хагалгааг манай улсад нутагшуулаад урт хугацаа өнгөрсөн.

Харин мэдрэлийн гаралтай сонсгол бууралтын хувьд хэцүү. Энэ тохиолдолд сонсголын аппарат зүүх бөгөөд таг дүлий тохиолдолд дунгийн суулгац суулгах мэс засал хийдэг. Түрүүн тайлбарласан шиг буюу телевизийн дууны тохиргоо 80-аас дээш байхад сонсохгүй байгаа бол дүлий гэж үзээд энэ мэс заслыг хийнэ гэсэн үг. Харин 60, 70 байгаа тохиолдолд сонсголын аппарат зүүнэ. Өөрөөр хэлбэл, сонсгол бууралтын үе шат бүрээсээ хамаараад өөр өөр эмчилгээ хийдэг.

- Дунгийн суулгацын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

- Чихний ард чамархайн яс гэж байдаг. Тус ясыг өрөмдөж ороод дотор чихэнд байрлах дун гэдэг эрхтэнцэр дотор суулгац суулгаснаар сонсгол орох боломжийг олгож байгаа юм. Ингэхдээ гадна чих, суваг, хэнгэрэг, сонсголын яснуудыг алгасаад оронд нь процессортой электродыг сонсголын мэдрэлтэй холбож өгнө. Ингээд процессороор долгионыг хүлээж аваад электродоороо дамжуулан мэдрэлийн эсүүдэд сэрэл өгч байдаг.

Энэ мэс заслыг анагаах ухааны доктор А.Өлзийбаяр, Л.Бямбасүрэн нар нэвтрүүлсэн бөгөөд эхний жилүүдэд нэгээс хоёр удаа хийгдэж байсан. Харин одоо бол 14 хоногтоо нэг, хоёроор ордог хагалгаа болоод нутагшчихсан. Л.Бямбасүрэн доктороор ахлуулсан Улсын Нэгдүгээр болон Хоёрдугаар төв эмнэлгийн хамтарсан баг энэ мэс заслыг хийдэг. Мөн ЭХЭМҮТ-д энэ мэс засал хийгдэж байна.

- Төрөлхийн сонсгол бууралт дийлэнх тохиолдолд юунаас шалтгаалдаг вэ?

- Нэгдүгээрт удамшил, хоёрдугаарт эхийн хэвлийд байхад нь ээж эм тариа, архи согтууруулах ундаа хэрэглэх, шаардлагатай эрдэс бодис дутагдах, вирусийн халдвар зэргээс шалтгаалан төрөлхийн сонсголгүй төрдөг.

Сонсголгүй хүүхэд хэлд орохгүй. Бид ярьж байхдаа гаргаж буй авиа, дууны өнгөө байнга хянаж байдаг. Анхнаасаа сонсохгүй бол амны хайрцгаа хэрхэн хөдөлгөх, яаж хөдөлгөвөл ямар авиа гарахыг мэдэхгүй. Тэгэхээр хэлд орох боломжгүй байдаг.

Тиймээс хүүхдийг төрмөгц сонсголыг нь шалгуулах хэрэгтэй. Хэрвээ сонсгол бууралттай байвал яаралтай мэргэжлийн эмчид үзүүлээд хоёр нас дотор нь мэс засал хийдэг. Учир нь эхийн хэвлийгээс хоёр нас хүртэлх хугацаанд хүүхдийн рефлекс чадвар маш өндөр байгаад түүнээс хойш хурдтайгаар буурна. Бид өөрөө мэдэхгүйгээр дадал болгосон өдөр тутам зайлшгүй шаардлагатай зүйлс байдаг. Түүнийгээ рефлексийн маш өндөр чадвартай байх үедээ сурдаг. Хоёр наснаас хойш ухамсарт үйл ажиллагаа хөгжихийн хэрээр рефлекс дарагдах учраас аль болох эрт хагалгаанд орвол маш хурдан хөгжинө.
Рефлекс буурсан үед мэс засалд орвол мөн адил сонсох хэдий ч хэзээ ч сонсож байгаагүй дуу чимээгээ юу вэ гэдгийг ялгахад маш их хугацаа зарцуулдаг. Хаалга онгойх, аав ээж нь дуугарах гэх мэт чимээг үйлдэлтэй нь оноож ойлгож мэдэхгүй гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш их ажиллах хэрэгтэй болдог.

- Сонсгол бууралт төрөлхийн биш аажмаар явагдах, мөн осол гэмтлийн улмаас таг дүлий болсон тохиолдолд ямар хугацаанд багтаж мэс засал хийлгэвэл үр дүн өндөртэй вэ?

- Хүн өөрийнхөө дуу авиаг сонсож байж амны хайрцгаа хянадаг. Сонсож чадахаа байвал ярих чадвараа бүгдийг нь мартана. Тиймээс аль болох хурдан буюу хоёр жилийн дотор мэс засалд орохыг зөвлөдөг. Сонсголоо алдсан хугацаа урт байх тусам тархин дахь хэл ярианы төв устах эрсдэл нэмэгддэг.

Гэтэл "Лам битгий хагалгаанд ор гэж хэлсэн. Тархи цоолуулаад үхдэг" гээд сонссон учраас хагалгаанд оруулахгүй ээ гэдэг хүмүүс бий. Ингээд насаар нь дүлий байлгаад, хүүхдийн хөгжих боломжийг хязгаарлаж байгаад харамсдаг.

"Одоогийн ЭМД-ын систем удаан үргэлжилж чадахгүй"

- ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Хуулийн өөрчлөлтийг эмч нар хэрхэн хүлээж авч байгаа вэ?

- Дийлэнх эмч нараа төлөөлөөд ярихад эрүүл мэндийн даатгалын системийн шинэчлэл огт таалагдахгүй байгаа. Ер нь болж өгөхгүй байна. Анагаах ухаан маш хурдацтайгаар хөгжиж, үүнийхээ хэрээр мэс заслын онош, эмчилгээний арга техник, ажилбар, хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмж хүртэл өөрчлөгдсөөр байгаа. Гэтэл хамраар жишээ аваад тайлбарлахад л хамрын таславчийн муруй, хамрын дайвар хөндийн үрэвсэл гэдэг онош байхаас биш монхор, үзүүрийн унжуу засах гэх мэтийг даатгалд хамруулахгүй. Тэр оношоор хагалгаанд орох бол хагалгаа хийхгүй гэж хэлэх ёстой юм уу, мэдэхгүй. Хийхгүй гэхээр иргэн хохирох гээд байгаа.

Мөн дунгийн суулгац дээр жишээ аваад харвал зөвхөн төрөлхийн сонсгол бууралттай бол ЭМД-ын сангаас 100 хувь санхүүжүүлнэ. Осол, гэмтлийн улмаас ч юм уу сонсгол бууралттай болбол ЭМД-ын сангаас санхүүжилт олгохгүй. Өмнө нь бол төрөлхийн олдмол гэдгээс үл хамааран 75 хувийг даатгалын сангаас, 25 хувийг иргэн өөрөө төлдөг байсан.

Бүхэлд нь дааж байгаа гээд орж ирэх мөнгөн дүн нь зөвхөн тархинд суулгаж байгаа имплантны өртөг. Эмнэлэг тендер зарлаад эм ханган нийлүүлэгчээс имплант авах мөнгөтэй тулсан дүнгээр ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ. Өвчтөн эмнэлэгт хэвтэх ор хоног, хоол, эм тарианы зардлыг олгохгүй. Төрөлхийн сонсголгүй хүүхдэд мэс засал хийх тоолондоо манай тасаг, эмнэлэг өрөнд орж байгаа. Гэсэн ч хүнээ бодоод бид өвчтөнөө аваад мэс заслаа хийж л байна. Эмнэлэг өрөнд ороод байгаа асуудал цаашдаа яаж шийдэгдэхийг мэдэхгүй.

Өртэй, төсөв нь хэтэрчихсэн эмнэлэг өвчтөнүүдийн хоолоо яах юм, эм тариагаа ямар мөнгөөрөө авах юм мэдэхгүй байна.

- Дунгийн суулгацын мэс заслыг хийх тутамдаа өрөнд орж байна гэдэг дээр тодруулж ярихгүй юу?

- ЭМД-ын сангаас энэ мэс заслын зардлыг 100 хувь санхүүжүүлнэ гэж мэдээлээд өнөөдрийн байдлаар 48 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Гэтэл тархинд суулгах тус имплант нь 53 сая төгрөгийн үнэтэй. Энэ жилийн хувьд эмнэлэг тендер зарлаж амжаагүй өнгөрсөн жилийн үнээр буюу 53 сая төгрөгөөр эм ханган нийлүүлэгчээс авч байна. Одоо ахиад тендер зарлахаар 48 саяас бага дүнгээр нийлүүлнэ гэж би хувьдаа бодохгүй байгаа.

ЭМД-ын сангийн энэ санхүүжилтийн дүнд тааруулна гэвэл хамгийн хямд имплантыг ашиглана. Хямд үнэтэй, чанаргүй имплантаас болоод гулзайх, хазайх, үрэвсэх асуудал гарвал хамгийн түрүүнд мэс заслын эмчийг муу гэж хэлдэг.

Яг үүнтэй ижил шалтгаанаар өвдөгний үе солих хагалгаа зогсоод байгаа гэж сонссон. ЭМД-ын сангаас тус мэс заслыг 5 сая төгрөгөөр санхүүжүүлнэ гэсэн бол өвдөгний хиймэл үе нь 6.5 сая төгрөгийн үнэтэй.

Санхүүжилт олгохдоо ямар аргачлалаар хэрхэн тооцоод байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Жишээлбэл, нойр булчирхайн үхжилттэй үрэвслийн хагалгаа гэж байдаг. Зарим тохиолдолд 4-5 удаа бүүр 10 удаа энэ хагалгааг хийлгэсэн тохиолдол ч бий. Удаа дараа орох тоолонд өндөр өртөгтэй багажууд хэрэглэдэг. Энэ мэс заслыг ЭМД-ын сангаас 400-600 мянган төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Гэтэл ходоодны хавдрын мэс заслыг 18 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Энэ хоёр мэс заслыг хийхэд хэрэглэх багаж адилхан. Хэвлий нээгээд л хийдэг мэс заслууд хэрнээ ийм хол зөрүү ялгаатай байгаа нь маш ойлгомжгүй.

- Даатгуулагч бидний зүгээс энэ оны эхнээс хэрэгжсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд эмнэлэгт очоод шаардлагатай эмчилгээ үйлчилгээгээ авна. Миний авсан эмчилгээ, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас төлнө гэж ойлгоод байгаа?

- Эндээс л үл ойлголцол эхэлдэг. Түрүүн хэлсэнчлэн дунгийн суулгацын мэс засалд хэрэглэх имплантын мөнгийг л ЭМД-ын сангаас олгоно. Гэтэл эмнэлэг өрөнд ороод, санхүүжилт тасраад жишээлбэл, цус тогтоох тариа тасарчихдаг. Энэ үед өвчтөний ар гэрт нь захина. Гэтэл өвчтөний талаас “улсаас бүх санхүүжилтийг олгож байхад биднээс юм нэхлээ” гээд ороод ирнэ. Эсвэл “энэ эмч өөрийнхөө хувийн эмийн санг зааж өгөөд тэндээс юм авахуулах гэлээ” гэж ярина.

Хамрын таславчийн муруй тэгшлэх мэс заслын дараа цус тогтоох зорилгоор хэрэглэдэг 8 см урттай зориулалтын чихээс гарчихаад байхад ар гэрт нь захивал хэл аманд орно гэж айгаад 60-100 см хүртэл урттай бинтийг цусыг нь тогттол хамарт нь чихдэг байсан. Уг нь бол шинэ технологийн чихээс нь гарчихаад байхад бинт хэрэглэмээргүй байна шүү дээ. Гэтэл энэ мэс заслын үед хэрэглэх зүйлсийн жагсаалтад чихээсийг оруулаагүй. Тиймээс гадагшаа сураад, түүнийг хэрэгжүүлэхийг, олон улсын стандартад нийцэхүйц мэс засал хийхийг зорьж байгаагийн хувьд бинт хэрэглэмээргүй байна.

Ингээд ар гэрт нь маш сайн тайлбарлаж өгөөд хэд хэдэн газрын хаанаас нь ч хамаагүй авч болноо гээд хэлээд явуулдаг. Ар гэрийнхэн нь “За” гээд явдаг хэр нь маргааш нь эмнэлгийн захиргаа “Асралт аа, яагаад иргэдээр юм авахуулаад байгаа юм бэ” гээд ороод ирнэ. Үүнийг иргэдийг эсвэл захиргааг буруутгах гэж яриагүй юм шүү.

Хуулиндаа өвчтөний ар гэрээс хагалгаанд шаардагдах зүйлсийг авч болохгүй гээд заачихсан юм чинь иргэд гомдлоо захиргаанд хэлэх, захиргаа хуулийг мөрдүүлэхээр надад шаардлага тавих үүрэгтэй.

Өмнөх болон шинэчилсэн эрүүл мэндийн даатгалын системийн үед эмнэлэг, эмч нар хөгжих боломж байхгүй. Үргэлж санхүүгийн дарамттай байсаар байна. Улсын эмнэлэг бол байнга хасах баланстай өртэй явсаар ирсэн.

Миний хувьд одоогийн энэ даатгалын систем удаан үргэлжилж чадахгүй гэж бодож байна. Тиймээс гаднын жишгийг буюу хувь хүний даатгалын системийг нэвтрүүлэх хэрэгтэй болов уу. Насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн хүн шаардлагатай эмчилгээ, үйлчилгээний зардлаа гаргуулж авч чадахгүй байгаа нь үнэн.

Эмнэлэг, эмч нь хөгжих боломжгүй, өвчтөн мөн санхүүгийн эрсдэлээс хамгаалагдаж чадахгүй байгаа энэ нөхцөлд болж бүтэж байгаа улс орнуудын жишгийг хуулаад хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй. Эмнэлгүүд хагалгаа хийснийхээ төлөө өрөнд ордог биш болчихвол өвчтөнөө татахын тулд өрсөлдөнө. Хэн чанартай, сайн эмчилгээ үйлчилгээ үзүүлж чадсан нь хөгжинө.

- ЭМД-ын сангаас олгож байгаа санхүүжилтэд тааруулбал хямд үнэтэй чанаргүй имплант хэрэглэнэ гэдгийг та түрүүн хэлсэн. Мэс ажилбарт хэрэглэгдэх суулгацаас гадна багаж тоног төхөөрөмжүүд бас үнэнээсээ хамаараад чанарын хувьд өөр өөр байдаг байх тийм үү?

- Тэгэлгүй яахав ээ. Хүний биеийн хамгийн үнэтэй зүйл бол эрүүл мэнд. Түүнийгээ хайрлаж, хамгаалж хуримтлал үүсгэж байх ёстой. Гэтэл үүсгэсэн хуримтлалаа ашиглаж чадахгүй байна гэдэг нь буруу шүү дээ.

Одоогийн эрүүл мэндийн систем эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдийг тэтгээд байна. Гадуур 100 мянган төгрөгөөр худалдаалагддаг эмнэлгийн хэрэгсэл тендер зарлахаар 500 мянга болоод ороод ирдэг.

- ЭМД-ын сангийн хөрөнгийн 80 хувийг бүрдүүлдэг иргэд тус сангаас гарч буй санхүүжилтийн 20 хувийг ашиглаж, харин тухайн санд орлого оруулахгүй байгаа хэсэг буюу хүүхэд, өндөрт настнууд нийт зардлын 80 хувийг хэрэглэж байгаа. Тэгвэл иргэд хувийн даатгалд даатгуулахаар хүүхэд, өндөр настнуудад шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг хаанаас санхүүжүүлэх юм бэ?

- Даатгал төлөөгүй хүн мэдээж хэрэг Монгол Улсын иргэн учраас амь насанд тулсан эрсдэл учрахад эрүүл мэндийн тусламж авах эрхтэй. Тиймээс дүүргийн эмнэлгүүд мөн Энэрэл эмнэлэгт очоод амь тулсан үеийн тусламж үйлчилгээг авна. Улсаас санхүүжих энэ үйлчилгээнд бусад эмнэлгийн эмч нарыг дайчлах бүрэн боломж бий. Жишээлбэл, өндөр насны тэтгэвэрт гарсан эмч нар сайн дураараа эсвэл тал цалингаар очоод ажиллана. Мөн эмч нар эмчлэх эрхийн лицензээ авахын тулд сард хэдэн удаа дүүргийн эмнэлэгт очиж ажиллах төлөвлөгөө гаргаж өгөх хэрэгтэй. Хэрвээ эмч та эмчлэх эрхийн лицензээ сунгуулмаар байгаа бол сард нэг удаа Энэрэл эмнэлэг дээр очоод үнэгүй мэс засал хий, гадаадад сурмаар байгаа бол сард тэдэн цаг дүүргийн эмнэлэгт очиж ажилла гээд тойруулаад ажиллуулчихна. Гаднын орнуудад тийм л жишиг байдаг. Ахмад эмч зөвлөөд, туршлагатай эмч тодорхой давтамжтайгаар ажиллаад, резидентүүдээ дагуулж заагаад явчихна.

Нөгөө талд даатгал төлсөн хүмүүс хүссэн тусламж, үйлчилгээгээ улсын, хувийн эмнэлгээсээ сонгоод аваад явна.

"Хэзээ хууль батлахдаа эмч нараас, эрүүл мэндийн салбарынхнаас саналыг нь асуудаг болох вэ"

- Улсын эмнэлгүүдийн ачаалал их, нэг эмч, сувилагчид ногдох өвчтөний тоо их гэх статистик бий. Танай тасгийн хувьд хэр ачаалалтай ажиллаж байна вэ?

- Манай тасаг эмнэлгийн шатлалаар лавлагаа буюу мэс заслын үйлчилгээг үзүүлдэг. Таван эмч, 22 сувилагчтай манай тасагт таван аймаг, таван дүүрэг ногдож байгаа. Таван аймаг, таван дүүргийн хэдэн зуун мянган хүн бий. Энд байгаа таван эмч яаж хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж чадах билээ. Тасагтаа 60 хүнтэй, амбулаторид мөн 60 хүн хүлээгээд сууж байгаа нөхцөлд нэг өвчтөнд 20 минут гаргаж чадахгүй. Энэ нөхцөлд чанарын тухай яриах хэцүү асуудал.

Өнөөдөр би ээлжтэй. Шөнө хоёр сувилагч мөн ээлжтэй хонож байгаа. Маргааш өглөө тасагт байгаа 60 хүний дор хаяж тав нь “Миний эмчилгээ цагтаа хийгдсэнгүй” гэдэг гомдол хэлж орж ирнэ. Гэтэл бодит байдал дээр 60 хүний 22:00 цагийн тариаг хоёр сувилагч яг цагт нь хийх боломж бий юу.

ЭМД-ын систем болохгүй байгаа нь, эмнэлэг хэтэрхий ачаалалтай болсон нь хууль эрх зүйн орчин болохгүй байгааг илтгэж байна. Хэн нэгэн гишүүн УИХ-д хууль өргөн барихаар тал талаас нь асуугаад, болж бүтэх юм уу үгүй юу гэдгийг хянаж шалгадаг эсэхэд эргэлзэж байна. Хэзээ эмч нараас, эрүүл мэндийн салбарынхнаасаа саналыг нь асуудаг болох юм бэ.

Түрүүн ярьсан асуудлуудаас үүдээд иргэд болон эмч нарын хооронд үл ойлголцол үүссээр байна. Үүнийг эмнэлгийн захиргаа, ЭМЯ зохицуулах гээд ажиллаад байгаа хэдий ч хуулийн хүрээнд ажиллах ёстой учраас мухардах үе гарч байгаа байх.

- Ачааллыг бууруулах зорилгоор орон тоогоо нэмэгдүүлэх санал гаргадаг уу, эсвэл ажлын байр байгаа ч ажиллаж боловсон хүчин дутагдалтай юм уу?

- Баталж өгсөн орон тоо нь тав. Зургаа дахь эмчид өгөх цалин байхгүй. Үүнд нийцүүлж л ажилладаг.

Баяр наадмын үеэр манай ачаалал огцом нэмэгдээд ямар ч ээлжгүйгээр гурван хоног тасралтгүй мэс засал хийх үе гардаг. Баяруудын үеэр амбулаториуд амарна, архи согтууруудах ундааны хэрэглээнээс үүдэлтэй яаралтай хагалгаанууд мөн ихэснэ. Шинэ жилийн үеэр гэхэд 29, 30-нд хоёр өдөр ээлжгүй ажиллачихаад 31-нд 23:00 цагт харьсан. Цагаан сараар бас л шинийн 3-ны орой харьцгаасан.

Ингэж ажиллаж байхад эмч нарыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Эмч ч гэсэн хүн, алдаа гаргадаг учраас 100 хагалгаа хийхэд хоёрт нь алдаа гаргах эрсдэлтэй шүү гэдгээ өвчтөнд тайлбарлаж хэлээд, өвчтөн болон ар гэрийнхэн нь зөвшөөрөөд гарын үсгээ зураад мэс засалдаа ордог. За ингээд мэс засал амжилттай болоод долоо хоног эмнэлэгт эмчилгээ хийгээд үргэлжлүүлээд хэрхэн гам барих, ямар дэглэм баримтлахыг нь хэлээд гаргана. Гэтэл бараг эмнэлэгт байх хугацаанд нь л аравнайлж, шившсэн эд гээд архи согтууруулах ундаа өгөх гэж оролдоно, эмнэлгээс гараад гамаа барихгүй. Ингээд үрэвсүүлээд ирэхдээ шууд орж ирээд л уурлана, орилно, ар гэрийнхэн нь хашхична. Тийм сэтгэл зүйтэй орж ирж байгаа хүмүүст яаж ч тайлбарлаад ойлгодоггүй. Тэгээд мэргэжлийн хяналт, цагдаа болоод хэрүүл, зарга эхэлнэ. Мэргэжлийн хяналт ирээд эмнэлгийн байр ашиглах боломжгүй гээд акт тавина. Эмнэлгийн байр ашиглах боломжгүй болтол олон жил болоод байгаад мэс заслын эмч буруутай юм шиг торгуулах болно.

Хэдийгээр дээр дурдсан олон асуудал байгаа хэдий ч эмчийн ажлаа хийх ганц л шалтгаан байдаг нь эдгэрсэн хүмүүс. Төрөлхийн сонсголгүй байсан хүүхэд сонсдог болоод, ярьж сураад, эргэж ирээд үзүүлэхэд хэмжээлшгүй их баярладаг. Аав, ээж нь баярлаад уйлаад ирж байгаа тэр үеийг үгээр дүрсэлж хэлж чадахгүй байна. Эмч хүний авдаг хамгийн том шагнал бол эдгэрсэн өвчтөнөө харах байдаг.

Сонсох, ярих түүгээрээ дамжуулан хөгжих боломжтой болж байгаа нь тухайн хүүхдийн хувьд үнэлж баршгүй үнэ цэн.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Эмч хүний авдаг хамгийн том шагнал бол эдгэрсэн өвчтөнөө харах

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..