© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Нийгмийн эрүүл мэнд

СУДАЛГАА: 2020 оны аравдугаар сард 5,000 хүнд судалгаа хийхэд 1.2 хувьд нь КОВИД-ийн эсрэг биет үүссэн байжээ

АШУҮИС-ийн Био анагаах ухааны сургуулийн Бичил амь, халдварын сэргийлэлт хяналтын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Ч.Баттогтох ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "КОВИД-19-ийн халдвар дэлхийн хэмжээний цар тахал болсонтой холбоотойгоор улс орнууд судалгаа шинжилгээний ажлыг өргөнөөр эхлүүлсэн. ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүс буюу манай улс хамрагддаг бүсээс улс орнуудад судалгаа хийхийг уриалсан. Ингээд судалгааны үлгэрчилсэн протокол гаргасан. Энэ дагуу нь улс орнууд судалгаа хийгээд явж байгаа. Манай улсын ЭМЯ эдгээр судалгаануудад бүгдэд нь оролцож явна гэдэг саналаа гаргасан бөгөөд эхний ээлжид ойрын хавьтагчийн судалгаа, хүн амын насны бүлэгт суурилсан халдварын тархалтын эрчмийн судалгааны чиглэл дэмжигдсэн.

Ингээд ДЭМБ-ын санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр 2020 оны аравдугаар сарын 15-наас судалгааны ажлыг эхлүүлээд явж байна. Судалгааны загварын хувьд нэг хүнийг жил орчим дагаж судлах загвараар хийгдэж, хоёр хот, найман аймгийн 5,000 оршин суугчийг хамруулж байгаа. Судалгаанд оролцогчдыг нас, насны бүлгээс сонгож авсан. Судалгааны ажил 2021 оны арваннэгдүгээр сард дуусна.

Судалгаанд оролцогчдоос гурван сарын зайтай хоёр удаа ийлдэс/цус/ цуглуулаад, асуумж аваад явж байна. Одоогийн байдлаарх үр дүнгээс харвал,

  • 2020 оны аравдугаар сарын 15-30-нд найман аймгийн 2,300 оршин суугчаас цуглуулсан цус болон нийслэлд дотоодын халдвар бүртгэгдсэнтэй зэрэгцээд цуглуулж эхэлсэн цус гээд нийт 5,000 хүний сорьцод шинжилгээ хийж үзэхэд маш бага хувьд нь буюу 1.2 хувьд КОВИД-19-ийн эсрэг бие үүссэн байсан. Эсрэг бие үүссэн хэсэг нь насны бүлэг болон орон нутагт ялгаагүй тархалттай харагдаж байгаа.
  • Дараагийн сорьцыг орон нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-наас, Улаанбаатарт хоёрдугаар сарын 15-наас цуглуулж эхэлсэн. Ингээд шинжилж үзэхэд халдварын тохиолдол нэмэгдэж 1.4 орчим хувь болсон байсан. Хоёр дахь удаагаа цуглуулсан энэ сорьц дээрээс харвал, 30-39 насныхан түлхүү өвчилсөн байгаа.

Судалгаа цааш үргэлжлээд 5,000 хүнээсээ дахин хоёр удаа сорьц авч судална. Бидний хүн амын дундаас илрүүлсэн эдгээр тохиолдолд эмнэлэгт хандсан гэхээсээ илүү бүдэг, балархай шинж тэмдэгтэй халдварын тархалт хүн амын дунд маш бага хэмжээгээр эргэлдэж байсныг харуулж байгаа. Тухайн үед эрт хариу арга хэмжээ авч хөл хорио тогтоосон нь хүн амын дунд халдвар тархах эрсдлээс сэргийлж чадсан гэсэн үр дүнд хүрч байна.

Дотоодын халдвар батлагдахаас өмнө цуглуулсан сорьцуудад маш бага хэмжээтэй эсрэг бие илэрч байгаа бөгөөд 2020 оны эрт үеийн эсвэл 2019 оны сүүл үеийн халдвар байхыг үгүйсгэхгүй.

Энэ судалгааны үр дүнд эмнэл зүйн шинж тэмдэггүй, бүдэг балархай шинж тэмдэгтэй явж байгаа халдваруудыг илрүүлж гаргаж ирнэ. Ингэхдээ насны бүлгээр гаргаж ирнэ. Бид 10 насны бүлгээр судалгааг хийж байгаа бөгөөд хүүхдүүдээс эхлээд өндөр настнууд гээд Монгол Улсын хүн амыг төлөөлөхүйц төлөөллийг багтаасан.

Мөн өвчлөл нас баралтын харьцааг гаргаж ирнэ.

Бас нэг хүлээлттэй үр дүн бол эсрэг биеийн титр гурван сар тутамд хэрхэн өөрчлөгдөхийг жилийн хугацаанд хянах юм.

Одоо гурав дахь удаагийн сорьц цуглуулалтын үеэр вакцин ороод ирж байгаа учраас дархлаажуулалтаар үүссэн эсрэг биеийг ялгаж оношлох илүү нарийвчилсан шилжилгээг хийх шаардлага тулгарна" гэдгийг хэллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..