© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Ерөнхий мэс засал

Хоол зүйч Б.Аззаяа: Эслэг нь ходоод болон хөхний хорт хавдрыг 40%-иар бууруулдаг

Хоол зүйч Б.Аззаяатай эслэгийн талаар ярилцлаа.

- Эслэг хүнс гэж юу вэ?

Эслэг /Fibre/ нь байгальд хамгийн элбэг байдаг нийлмэл органик бодис болох нүүрс усны төрөл юм. Ургамлын 50 хувиас 80 хүртэлх хувийг нүүрс ус бүрдүүлдэг учир ихэнх ургамал болон үр тариагаар хийсэн хоол хүнсэнд эслэг агуулагддаг байна.

Эслэг нь 2 гол төрөлтэй байдаг.

Insoluble fibre буюу уусдаггүй /шингэдэггүй/ эслэг

Soluble fibre буюу уусдаг /шингэдэг/ эслэг

  • Уусдаггүй эслэг нь биен дэх усыг өөртөө татаж, өтгөний хэмжээг нэмэгдүүлсэнээр өтгөн хаталтаас сэргийлэх ба биед шимэгддэггүй. Мөн хоолны хэмжээг нэмэгдүүлэн цатгалан мэт мэдрэмжийг өгснөөр хоолны дуршлыг бууруулдаг. Үүнд боловсруулагдаагүй үр тариа буюу бүхэл үрийн гурил, хивэг, самар, үр, бор будаа, маалинг болон зарим хүнсний ногоо багтдаг.
  • Уусдаг эслэгийн зарим нэг хэсэг нь хүний биед гель болон цусруу ордог. Мөн цөсний хүчлийг нарийн гэдсэнд холбож, шимэгдэхээс сэргийлснээр цусны холестеролын түвшинг бууруулдаг. Уусдаг эслэг агуулдаг хоол хүнсэнд хүрэн манжин, сонгино, овьёос, шош, вандуй, шар буурцаг, банана, жүрж, алим, лууван, зуу наст зэрэг багтана.

- Эслэгтэй хүнс хүний биед ямар ач тустай вэ?

- Английн алдарт эмч Dr. Дэнис Бүркит орчин үеийн хүн болон Африкийн ширэнгэн ойд амьдарч буй омгийн хүмүүсийн ялгааг судалжээ. Африкийн омгийнхонд орчин үеийн хүмүүст тулгараад байгаа зүрхний өвчлөл, хавдар, чихрийн шинжингийн өвчин болон таргалалт ер байхгүй байж. Түүний олж мэдсэнээр омгийнхон хоногт дунджаар 900 орчим грамм өтгөн ялгаруулдаг харин орчин үеийн хотын амьдралтай хүмүүс тэднээс 87% бага буюу 110 грамм орчим өтгөн дунджаар гаргадаг байсан байна. Энэ нь Африкийн омгийнхон эслэг агуулсан хүнс хэрэглэдэгтэй нь холбоотой болохыг тогтоосон байна. Орчин үеийн хүн дунджаар 8 гр эслэг агуулсан хүнс өдөрт иддэг гэж үздэг бол Африкийн омгийнхон өдөрт 100 гр эслэгийг жимс, ногоо, ургамал зэрэг хоолноосоо авдаг байна.

Бидний бие эрүүл чийрэг байхад эслэг хүнс хамгийн их ач тустай. Эслэг нь таргалалт болон бусад олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Яагаад гэвэл эслэг нь хоол хүнсийг цусруу сахар болгон шахагдах хурдыг багасгаж биеэс гадагшлах үйл явцыг хурдасгадаг. Ингэснээр цусан дахь сахар болон холестрины хэмжээг хэвийн тэнцвэртэй байлгаж хоол боловсруулах эрхтэнд хуримлагдсан бохирдлыг цэвэрлэж идэх дуршлыг бууруулдаг. Зарим нэг эслэг нь ашигтай бактеритай урвалд орж тослогийг бий болгосноор ходоодны хавдар болон хөхний хавдрын эрсдлийг 40%-иар бууруудаг. Тиймээс өдөрт багадаа 20 гр эслэг хэрэглэх нь зохистой гэж үздэг.

- Монголчууд өдөр тутмын хэрэглээндээ эслэгийг ямар хүнсний бүтээгдэхүүнээс авч болох вэ?

Монголчууд бусад улс оронтой харьцуулахад гурил, гурилан бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хамгийн их хэрэглэдэг. Гэхдээ гурилан бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэхдээ бүхэл үрийн болон бор гурилан бүтээгдэхүүн сонгох нь хамгийн чухал. Арвайн гурил болон бүхэл үрийн гурилын гаднах хальс, байгалиас өгсөн элементүүдийг нь хусч арилган боловсруулалтад оруулдаггүй учир түүнд агуулагдах эслэг, витамин минералиа алдаагүй байдаг. Тиймээс бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, хөх тарианы гурил, бор будаа, овъёос, гурвалжин будаа, шар будаа, самар, үр, олон төрлийн ногоо, шош вандуй зэргээс эслэгээ бүрэн хэмжээгээр авч өдөр тутмын хоолондоо хэрэгжүүлж хэвшүүлэх бүрэн боломжтой. Манай гэр бүлийн хувьд 2 хүүхэдтэйгээ Монголдоо Ирландаас нүүж ирээд 1 жил болох гэж байгаа. Англи, Ирланд гээд Европ хүмүүсийн хувьд бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн бол хамгийн энгийн өдөр тутмын хэрэглээ нь байдаг. Нэг сонирхолтой жишээ дурдахад Английн хатан хааны хүнсний хэрэглээнд бүрэн зөвшөөрөгдсөн McVities Digestive бүхэл үрийн жигнэмэг их алдартай. McVities Digestive нь 2004 оноос жигнэмэгийнхээ орцоос транс тос буюу hydrogenated oil-ийг хасч бүхэл үрийн гурилаар баяжуулсан байдаг юм. Монголд саяхнаас худалдаалагдаж эхэлсэн харагдсан. Дотоодын Хүнс үйлдвэрлэгчид маань ч гэсэн гурилан бүтээгдэхүүнүүдээ улам эслэг ихтэй үр тариагаар баяжуулж, транс тосны агууламжийг халахаар зорьж ажиллана гэдэгт найдаж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..