ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариулав.
- Хавдартай хүнд Pfizer вакцин хийнэ гэж мэдээлж байгаа. Гэвч зарим тохиолдолд БНХАУ-ын Синофармын вакциныг хийж байгаа нь ямар учиртай вэ. Үүнд тайлбар өгөхгүй юу?
- КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улсад цөөн тооны Pfizer вакцин орж ирсэн.
Мөн ДЭМБ-аас хамгийн түрүүнд эрсдэлт нөхцөлд ажиллаж буй хүмүүс болон нас барах, хүндрэх эрсдэлтэй бүлгээ вакцинжуулах тухай зөвлөмж өгч байгаа. Тиймээс нас барах, хүндрэх эрсдэлтэй бүлэгтээ энэ вакциныг хийж буй.
Pfizer вакцин хавдартай өвчтөнд яаж нөлөөлж байгаа талаар олон улсын судалгаанд эерэг үр дүн гарч байгаа. Гэхдээ хавдартай өвчтөнд аль ч вакциныг хийх бүрэн боломжтой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Синофармын вакциныг хийх бүрэн боломжтой.
Гол нь аливаа нэг өвчний хурц эсвэл сэдрэлийн үе таарсан эсэхийг эмч үнэлж байж вакцины сонголт болон вакцин хийлгэсний дараах хяналтыг хатуу тавьж байх ёстой.
- Вакцин хийлгэсний дараа гарч буй урвал хүндрэл хэр байгаа бол?
- Вакцины гаж нөлөө, вакцин хийлгэсний дараах урвал хүндрэлийг иргэд онлайнаар бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсэн мэдээлэл нь дараа, дараагийн иргэдэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдад шийдвэр гаргах гол түлхэц мэдээлэл болох юм.
Мэдээж дийлэнх иргэдэд вакцин хийлгэсний дараах нийтлэг урвал болох халуурах шинж тэмдэг илэрч буй. Харин ноцтой гаж нөлөөний хувьд цөөн хэдэн тохиолдол бүртгэгдсэн.
Нас барсан зарим тохиолдолд вакцин хийлгэсэн гэх өгүүлэмжтэй байгаа ч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр вакцинаас болоогүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс вакцин хийлгээд нас барсан гэх тохиолдол Монгол Улсад бүртгэгдээгүй гэсэн үг.