Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга, чихрийн шижингийн сургагч багш Н.Эрхүүтэй ярилцлаа. Тэрээр 20 настайгаасаа эхлээд 32 жил тасралтгүй сувилагчаар ажиллан, 50 мянга гаруй хүнд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлжээ.
-Сувилагчаар 32 жил ажиллана гэдэг багагүй хугацаа юм. Та анх мэргэжлээ хэрхэн сонгож байв. Яагаад энэ мэргэжлийнг сонгох болсон юм бэ?
-Би Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 32 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд байхын эмч болж тоглодог, цагаан өнгө маш гоё харагддаг байж билээ. 1985 онд улсын тэргүүний 28-р сургуулийг төгсөөд Анагаах ухааны их сургуульд элсэх гэсэн боловч тэнцээгүй. Тэгээд эхлээд сувилагч болоод, онц төгсөж, дараа нь эмч болъё гэж шийдсэн хэрэг. Ингээд сувилахуйн сургуульд 1985 онд элч хоёр жил суралцаад 1987 онд онц төгссөн. Тухайн оныхоо долдугаар сарын 1-ны өдөр Сайд нарын эмнэлгийн тусгай тасагт ээлжийн сувилагчаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тэр үед “Сайд нарын эмнэлэгт сувилагч хийх хэцүү, хариуцлагатай өндөртэй” гэх мэтийн яриа маш их гарч байсан. Сайд нарын эмнэлэгт сувилагчаар ажиллах 30 хүүхэд шалгалт өгч, түүнээс арав нь тэнцэж байсан юм. Тэр арвынхаа нэгт жагссан. Сувилагч хүний харилцаа хандлага, ур чадвар, мэргэжлийн авьяас зэргээрээ уралдаж билээ. Тусгай тасагт ээлжийн сувилагчаар 10 гаруй жил ажиллаад, тухайн үеийнхээр тасгийн бага эмч буюу одоогоор ахлах сувилагч болсон. Мөн сувилахуйн маш олон төрөл чиглэлээр ажиллаж байв. Тухайлбал, Мэс заслын тасгийн бага эмч, эмийн сувилагч, мэс заслын сувилагч, дотрын сувилагч гэх мэт. 1995 оноос сувилагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшдэг болсон. Тиймээс 2002 онд ахин Анагаахын ухааны их сургуульд элсэж, өдөр нь ажиллаж, орой нь сурч, 2003 онд бакалаврын зэрэг эзэмшсэн. 32 жил ажиллахдаа, сувилахуйн ахлах зэрэг, тэргүүлэх зэрэг, бакалаврын боловсрол олж авчээ.
-Сувилагчийн мэргэжлийн онцлог болон хүнд хэцүү зүйл нь юу вэ. Энэ урт хугацаанд ажиллахдаа танд шантарч бууж өгч байсан тохиолдол бий юү?
-1990-ээд оны эхэн үе хүртэл сувилагчийн цалин бага байсан. Хэдийгээр сувилагчийн мэргэжил эзэмшсэн ч зарим нь мэргэжлээ сольж, БНСУ-ыг зорьж, зарим нь нягтлан, эдийн засагч болж байлаа. Тухайн үед ч мэргэжлээ сольё, больё гэж бодож байсан удаагүй. Миний мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь бүх зүйлийг гардаж хийдэгт оршино. Эмч оношилж, эмчилгээ бичиж өгнө. Харин сувилагч тухайн хүний эмийг нь өгч, тариаг нь гардаж хийнэ. Өвчинтэйгөө тасралтгүй 24 цаг байдаг. Тиймээс маш сайн сонсогч байж, тухайн хүнийхээ сэтгэлзүйтэй ажиллах шаардлагатай болдог. Ер нь сэтгэлзүй, орчин, хооллолт, эмчилгээ, сувилгаа, асаргаа зэрэг нийлж байж өвчтөн эрүүл, саруул болно. Үүнд сувилагчийн хандлага харилцаа, асаргаа, сувилгаа маш чухал үүрэгтэй. Тэгэхээр мэргэжлээрээ үнэхээр бахархаж, насан туршийн буяны мэргэжил юм гэж боддог доо. Би одоо 51 настай, илүү залуу байсан бол сувилахуйн салбарт маш олон зүйлийг хийнэ гэж боддог. Надад суралцах зүйл маш их байна. Анх намайг ажиллаж эхэлж байхад, манай Сайд нарын эмнэлэгт маш сайн эмч сувилагч ажилладаг, алтан үе байсан. Тэднийхээ гар дор орж ирээд, ажиллаад, улам л их хүсэл тэмүүлэлтэй болсон. Би маш гоё мэргэжил эзэмшсэн учраас одоо энэ мэргэжлээрээ улам их зүйлийг хийнэ гэж боддог. Сурах хүн алдаан дээрээсээ суралцдаг гэдэг дээ. Энэ олон жилийн хугацаанд загнуулж, зэмлүүлэх үе надад маш их байсан. Мэргэжилдээ маш их хайртай шүү дээ.
-Мэргэжлийн тань хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Өвдсөн хүн асаргаа сувилгаагаа хийлгэн, эдгээд “Баярлалаа” гэж хэлэх нь хамгийн сайхан. Барилгачин барьсан барилгаа хараад баярлаж, талхчин талхаа хараад баярладаг бол сувилагч өвдсөн хүн эрүүл болоод “Баярлалаа Эрхүү”, “Чи яасан зөөлөн гартай юм бэ”, “Тариагаа хийсэн үү, ерөөсөө өвдсөнгүй шүү” гэж хэлэх нь үнэхээр аз жаргал байдаг. Өвчтөнийхөө баярлалаа гэж хэлэх бүрт нь баярладаг. Тэр бол хамгийн том шагнал юм.
-Та нийт хэдэн хүнд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэв?
-Нэг сувилагч жилдээ 3200-3600 хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 32 жилийн ажиллахдаа, ахлах сувилагч хийж байсан хугацаагаа хасаад, зөвхөн ээлжийн сувилагчаар ажиллаж байснаараа тоолбол, ойролцоогоор 50 гаруй мянган хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тэр сувилахуйн үйлчилгээ дотроо өвчтөнийхөө сэтгэлзүйтэй ажиллах, эрүүл мэндийн боловсрол олгох гээд бүгд орно. Мөн би 2005 онд ерөнхий сувилагчаасаа, чихрийн шижингийн сургагч багш гэсэн төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн юм. Одоо Хоёрдугаар төв эмнэлгийнхээ диабитэд энэ чиглэлээрээ мөн ажилладаг.
-Сувилагч хүн ямар зан чанартай байх хэрэгтэй вэ. Энэ мэргэжил хүнийг ямар зан чанартай болгодог вэ?
-Сувилагч нь зөвхөн өвчтэй хүнтэй харьцдаггүй. Төрөл бүрийн зөвлөгөөг өгч байдаг. Энэ ч утгаараа ээж би болсон цагаас сувилахуйн мэргэжил үүссэн гэдэг. Ээж хүн хүүхдээ төрүүллээ хүүхдээ хайрлаж, энхрийлдэг. Энэ бол сувилагч мэргэжлийн онцлог. Өвчтөнөө өөр шигээ, өөрийнхөө ээж, аав, ахан дүүс шиг бодож эмчилдэг. Мөн сувилахуй бол дэлхий дахинд эрүүлийн ба эмгэгийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Өвчтэй үед нь бид эмчийнхээ зааснаар асаргаа сувилгаа хийгээд, бусад үед нь хэрхэн өвдөхгүй эрүүл байх вэ гэдэгт зөвлөгөө өгдөг. Жишээлбэл, төрсөн эхэд, хүүхдээ яаж амлуулах вэ, хэрхэн өлгийдөх вэ гэх мэтийг зааж өгнө. Сувилагч хүн уян зөөлөн, өрөвч нинжин сэтгэлтэй байдаг. Энэ хүн би, энэ хүн миний ээж, миний аав, миний үр хүүхэд гэдэг сэтгэхүйгээр хандаж эмчилдэг. Мөн бусдад сайхан сэтгэгдлийг үлдээдэг мэргэжил юм. Ингэхийн тулд үйлчлүүлэгчээ маш сайн сонсдог байх хэрэгтэй.