Өвдөлт намдаах чиглэлээр Тайланд улсын Сирираж эмнэлэгт нэг жилийн хугацаатай сургалтанд хамрагдаад ирсэн бөгөөд багш маань дээрх сэдвээр илтгэл бэлтгэж, олон Монгол эмч нартаа өвөрмөц бус эмчилгээ гэсэн ойлголтыг түгээн дэлгэрүүлнэ үү хэмээн хүссэний дагуу энэхүү нийтлэлийг бичиж байна.
Өвдөлтийн менежментийн сургалт нь өвдөлт намдаах эм, тариа, мэдрэлийн хориг, суулгац зэрэгт илүүтэй анхаардаг болжээ. Гэхдээ архаг өвдөлттэй өвчтний бие сайжрах нь эмчилгээний өвөрмөц бус нөлөөнөөс ихээхэн хамаардаг болохыг сүүлийн үед хийгдсэн судалгааны ажлуудын үр дүн харуулж байна. Өвдөлтийн Анагаах Ухаан нь орчин үед эмч, эмнэлгийн ажилчдын анхаарлыг ихээхэн татах болсон салбар юм. Ихэнх эмч мэргэжилтэн өвдөлтийн чиглэлээр мэргэших хүсэлтэй болжээ. Өвдөлтийн эмчилгээнд техникийн талаасаа олон дэвшилтэт аргууд нэвтэрсэн хэдий ч судалгаагаар архаг өвдөлтийн цөөн хувь нь өвдөлтийн стандарт эмчилгээнд (опиод, опиод бус эмүүд, хориг, мэс ажилбар гэх мэт )үр дүнгээ өгдөг болох нь тогтоогдсон. Өвдөлтийн эсрэг олон шинэ эмүүд, түүнийг биед хялбархан оруулах олон шинэ замуудыг бид нээсэн хэдий ч архаг өвдөлтийг удаан хугацаагаар намжааж чадахгүй хэвээр байна. Мэс засал болон мэдрэлийн хоригуудыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсээр байгаа хэдий ч тухайн үйлчлүүлэгчид өвдөлтийг намжаахгүй байна гэсэн өгүүлэл тавьсаар байна. Өвдөлтийн эмч болон шалгууруудын нэг нь доор дурдсан процедуртай сайтар танилцсан байх явдал юм. Үүнд: мэдрэлийн хоригууд, радио давтамж ашиглан мэдрэлийг гэмтээх арга, химийн аргаар мэдрэлийг гэмтээх, эпидуралд катетор тавих, дискограф, нугасыг сэдээж идэвхижүүлэх, хиймэл нугалам суулгах, кифопласти зэрэг багтана. Дэлхий дахинд зохион байгуулагдаж байгаа өвдөлтийн сургалт семинаруудын гол сэдвүүд нь “ өвдөлтийн эмийг ямар хугацаагаар хэрхэн өгөх вэ?” , “ Зүүг зөв хатгах”, “Өвдөлт бууруулах зорилгоор бүтээгдсэн суулгацыг хэрхэн суулгах арга техник” болж, сүүлийн 10 жилд өвдөлтийн эмч бэлтгэх сургалт хэт техник талруугаа хазайх боллоо. Ур чадвартай техникч гэхээс илүү өвчтөнтэй тааламжтай харилцааг үүсгэдэг сэтгэлтэй эмчийг үнэлэх цаг болжээ. Архаг өвдөлттэй өвчтний онцлог нь: байнгийн өвдөлтөөс болоод тахир дутуу болсон, ажил хийх боломжгүй, сэтгэлээр унаж уурлаж бухимдсан, хавсарсан эмийн эхний эгнээний эмчилгээнд үр дүн өгөөгүй, эмчлэхэд харилцааны ур чадвар шаардсан төвөгтэй өвчтнүүд байдаг. Эмч өвчтөн тус бүрд зарцуулах цаг зав тааруу, архаг өвдөлттэй тэмцэхийн тулд өвчтнөө сэтгэл зүйн хувьд бэлтгэх, дэмжих нь эмчилгээний үндсэн нэг хэсэг гэж үздэггүй, өвдөлттэй өвчтөнтэй хэрхэн харицах талаар хичээл сургалт ховор явагддагтай холбоотойгоор өвдөлтийн эсрэг эмчилгээ тэр бүр үр дүнтэй байгаад байж чаддаггүй байна. Өвдөлтийн менежмент болон эмчилгээний үр дүнд сэтгэл зүйн хүчин зүйлс хүчтэй байр суурийг нэгэнт эзэлсээр иржээ. Өвөрмөц бус эмчилгээ гэдэгт эмч- өвтний хоорондын харилцаа орох ба өвчтөнд үнэн зөв мэдээлэл өгөх, зөвлөх, тухайн эмгэг нь аминд халтай эсэхийг заавал хэлж байх нь чухал юм . Өвдөлтийн эмч бэлтгэх сургалтын сул тал нь тухайн эмчийн харилцаа хандлагын тал дээр бага анхаарч, ихэнх цагыг эмчилгээний гардан үйлдэл, онол дээр үрж байгаа нь ажигдлагдлаа. Сайн эмч гэдэг бол өвчтнийхээ бие болон сэтгэлийг хамтад нь эмчлэх чадвараар үнэлэгддэг. Эмчийн харилцах чадвар тааруу байвал өвчтний эмчилгээний үр дүн, тавилан ч дагаад муу болоод ирдэг. Өвчтнийг чин сэтгэлээсээ ойлгож, хүндэтгэж харьцах нь эмчийн ажил амжилттай явагдахын гол үндэс юм. Эмчилгээний явцад эдгэрэлт 3 замаар явагддаг. Үүнд:
Эмчилгээний өвөрмөц бус нөлөөг дэлхийн олон орны эрдэмтэн, эмч нар судласаар ирсэн. Нотолгоо1: Сүүлийн үед хийгдсэн нэгэн судалгааны үр дүнг ажиглаж байхад нийт судалгааны 92%-д бүсэлхий нурууны мэс засал болон нугасны стимуляцийн дараа үүссэн нурууны өвдөлтөнд тухайн хүний сэтгэл санааны байдал, уур бухимдал сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон. Зөвхөн нурууны мэдрэлд хориг хийх эмчилгээг дангаар явуулсан өвчтнүүдийг өвдөлтийн багийн багц эмчилгээ авсан хүмүүстэй харьцуулан судлаад үзэхэд сэтгэл зүйн өвдөлтийн эмчилгээ (танин мэдэх- зан төрхийн эмчилгээ болон айдсаас салах сургалт) болон архаг өвдөлттэй хүмүүст зориулсан сэргээн засах эмчилгээтэй хавсран явуулсан өвчтнүүдийн хувьд эмчилгээний үр дүн тун сайн байсан байна. Айдас нь өвдөлтөөсөө илүү хүнийг тахир дутуугийн бүлэгт ороход нөлөөлж байна. Тийм учраас айдсыг багасгах зорилгоор өвчтөнд таны өвчин бусад олон хүнд тохиолддог, аминд чинь хүрэхгүй, илаарших боломжтой гэдгийг үзлэг бүр дээрээ давтан хэлж байх хэрэгтэй.
Нотолгоо2: Кронкэ, Мандэлсдорф гэсэн 2 эмч өрхийн эмнэлэгт хамгийн их хандсан зовиуруудыг түүвэрлэн авч, нэгэн нэн сонирхолтой судалгааг явуулжээ. Тэдний түүж авсан зовиуруудад цээжээр өвдөх, бие суларч ядрах, толгой эргэх, хавагнах, толгой өвдөх, нуруу болон хэвлийн өвдөлт, амьсгаадах, нойргүйдэх, бадайрах зэрэг багтана. Судлаачид дээрх зовиур бүхий өвчтнүүдийн 3 жилийн өрхийн эмчийн хяналтын мэдээтэй танилцахад зөвхөн 16%-д нь органик шалтгаан тогтоогдсон байна. Судалгааны дүгнэлтэнд амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх хувьд сэтгэл зүй, нийгмийн хүчин зүйлс эмнэлэгт хандахад нөлөөлж байна гэдгийг дурджээ. Үнэн гэвэл өвчтөн эмнэлэгт ханддаг шалтгааны нэгт: илэрч буй зовиур амь насанд аюул учруулахгүй, санаа зовох зүйлгүй гэдэг үгсийг эмчийн амнаас сонсож баталгаажуулах гэж, хоёрт: эмчилгээ хийлгэхийн зорилгоор ирдэг байна. Нотолгоо 3: Моэрмэн, Жонас нар эмч, эмнэлгийн ажилчдын харилцаа хандлага өвдөлт намдаах эмчилгээний үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Радио давтамжаар мэдрэлийг гэмтээх эмчилгээнд хамрагдсан нийт нурууны өвдөлттэй өвчтнүүдээс урьдчилан эмчилгээний үр дүн сайн болно гэдэгт бүрэн итгэсэн хүмүүсийн өвдөлт бусадтайгаа харьцуулахад мэдэгдэхүйц сайжирсан байна. Эмчилгээ үр дүнтэй байна гэж мэдэгдсэн өвчтнүүдэд эмч онош, эмчилгээг сайтар тайлбарлан хэлж эргүүлээд өвчтнөөр давтуулж шалгасан, хийх гэж буй эмчилгээнийхээ үр дүнд итгэлтэй байгаагаа хэлж ойлгуулсан байгаа нь харагдсан. Нотолгоо 4:
316 хорт хавдартай өвчтөнг сонгон авч, судалгаанд хамруулахад өвдөлтийн менежментэд хэр зэрэг сэтгэл хангалуун байгаа нь өвдөлтийн хүч, эрчмээс илүүтэй эмч өвчтөний хоорондын халуун дотно харилцаанаас хамаардаг гэсэн дүгнэлт гарчээ. Түнхний үе солиулах хагалгаанд орсон өвчтнүүдэд хийсэн судалгаагаар өвчтний сэтгэл ханамжинд эмч, сувилагч нарын харилцааг хамгийн чухал \ өвчтөнг сонсдог, хайрлаж, халамжилдаг бол сайхан\ гэж үзсэн байна. Үүний дараа мэс заслын дараах хүндрэл, эмнэлгийн ор хоног ихсэх зэрэгт санаа зовдог гэжээ.
Харилцах урлагын чухал тал
Креб нөхөдтэйгөө нийлж, нийт 1391 эмчээс ярилцлага авах замаар судалгаа явуулжээ. Эндээс нас залуу, олон цагаар ажилладаг, сэтгэл гутрал, сэтгэл зовнилын шинжтэй, асар их дарамт дор амьдардаг эмч нарын хувьд ажилдаа дургүй, уур уцаар ихтэй байдаг нь эмчилгээний үр дүн муу байхтай шууд холбоотой гэдэг нь батлагджээ. Хичнээн урт удаан хугацаагаар суралцлаа ч бусадтай зөв боловсон харилцах тал дээр чадваргүй, асуудалтай эмчийн хувьд эмчлүүлэгч нартайгаа сайн харилцаа үүсгэж чаддаггүйгээсээ болоод эмчилгээний үр дүн тааруу гарах нь элбэг. Та мэдэх үү? Өвчтний сэтгэл зүйн шаардлагаас илүүтэй биемахбодийн эмгэгт хамаг анхаарлаа хандуулдаг эмч нар шүүхэд дуудагдах нь элбэг байдаг. Нотолгоо: Шүүхэд хандсан заргын 70%-ийг эмч, эмнэлгийн ажилтны харилцаа хандлагын доголдлоос үүссэн хэрэг эзэлдэг байна. Ихэнх зарга эмчилгээний чанартай огт холбоогүй, зөвхөн эмч өвчтний хоорондын муу харилцаанаас үүдэлтэй байдаг байна.
Өвчтөн төвтэй үйлчилгээ
Үйлчлүүлэгчидтэй харилцах тал дээр гайхамшигтай сайн гэгддэг 102 эмчтэй хийсэн ярилцлагуудыг дүгнэхэд байгаа байдлаараа бусдыг хүндэтгэж байгаагаа харуулах, эмчилгээний явцад эмч өвчтөний хооронд нээлттэй дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, тухайн хүний зовиурт үнэхээр сэтгэл зовниж буйгаа харуулах нь нэр хүндтэй болсны гол шалтгаанууд ажээ. Ялангуяа “хэцүү” гэгддэг өвчтнүүдтэй харилцахдаа гарамгай байдаг нь харилцааны үед үүсээд байгаа асуудлыг тухайн үед нь намжаах чадвар өндөр байдагтай холбоотой.
Бас нэг судалгаагаар өөрсдөө өвдөж байсан эмч нар өвчтнийг илүүтэй сайн ойлгож, эмч өвчтөний хооронд таатай уур амьсгал үүсдэг нь батлагджээ. Клицмэн хүнд өвчнөөр өвчлөөд эдгэрсэн 50 эмчтэй уулзаж ярилцав. Гол нь өөрсдөө өвдөлтийг мэдэрч байсан болохоороо өвчтнийхөө сэтгэл зүйг илүүтэй ойлгодог гэсэн санаа цухалзаж байлаа. Мөн тэд өөрсдийн туршлагаас үндэслээд эмнэлгийн удирдлага өвчтнийг хүлээлгэх цагийг богиносгох, тэдний зовиур шаналгааг анхааралтай сонсох боломжоор хангах, биеийн хэл, дохиог анзаарч байх тал дээр арга хэмжээ аваасай гэж хүсдэгээ ч илэрхийлж байв. Стрийт нөхдийн хамтаар бас нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байна. Энэ нь 29 эмч болон 207 өвчтөний хоорондын яриаг дуу хураагчид бичиж авах замаар хийгдсэн судалгаа юм. Эндээс ярилцагч 2 талын аль нэг нь яриаг эерэг хандлагаар эхлүүлвэл нөгөө тал нь эрхгүй дагадаг болохыг мөн энэ нь эмчилгээний чанарт онцгой чухал нөлөө үзүүлдэг болохыг нотолсон байна. Ирвин, Ричардсон нар өвчтөн төвт үйлчилгээний талаар бичихдээ “ Бусад хүмүүс надад яаж хандаасай гэж хүсдэг вэ? Яг түүн шигээ өвчтөнд ханд, түүнд үйлчил. Тэгвэл сая эмч өвчтний хоорондын харилцаанд дэвшилтэт алхам хийгдэх боломжтой болно.” Гэжээ.
Эмчилгээний өвөрмөц бус үр нөлөөг байж болох дээд хэмжээнд хүргэхэд суралцах нь
Эмч, эмнэлгийн ажилчдын хувьд эмчилгээний өвөрмөц бус үр нөлөөг ихэсгэх арга замууд маш олон бий. Өвчтний итгэлийг олох үүд хаалга учраас анхны уулзалт маш чухал. Рой эмчийн хийсэн судалгаагаар өвчтний биеийн байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг цахим шуудангаар бус биеэрээ уулзаж хэлдэг эмч нарт өвчтнүүд таатай ханддаг болох нь батлагджээ. Байк нөхөдтэйгөө нийлж бас нэгэн сонирхолтой судалгааг явуулсан нь яагаад эмч өвчтний хоорондын харилцаанд бэрхшээл үүсдэгийг тодруулах зорилготой байлаа. Судалгааг дүгнэхэд эмч өвчтнийг хуурах, завгүй байна гэж хэлэх, асуулт асуух боломжоор хангахгүй байх, лекц унших, баталгаа нотолгоо ойлгогдохоор тайлбарлаж чадахгүй байх зэргээс болоод асуудалд өртдөг байна. Өвчтөнтэй үүсгэж байгаа харилцаанд чин сэтгэлээсээ өвчтний өвдөлтийг ойлгож, туслахыг эрмэлзэж байгаа гэдгээ биеийн хэлээр болоод үг ярианы зөв сонголтоор илэрхийлж чадах нь амжилтанд хөтөлдөг байна. Өвчтний эмчээс юу хүсч байгааг олж мэдэх, өвчтнийг идэвхитэйгээр сонсох, юуг өөрчилж юуг өөрчилж чадахгүй вэ гэдгээ олж харах, шаардлагатай гэж үзвэл хамт ажиллагсадаасаа тусламж зөвөлгөө хүсэх хэрэгтэй. Ийм ийм эмчилгээ хийж байж гайгүй болно гэж тоть мэт давтах хэрэггүй. Хэрвээ архаг өвдөлттэй өвчтөн өөрчлөлтөнд бэлэн биш байгаа бол хамгийн түрүүнд анзаарч мэдэх учиртай. Өвчтний хүсэл эрмэлзэл эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэйг хэзээ ч мартаж болохгүй. Өвчтөн эмчтэй харилцах харилцаанаас юуг хүлээж байгааг таньж мэд. (Хүснэгт 1) Ихэнхи үйлчлүүлэгчид анхны уулзалтаар эмч өөрийг нь хараад баярлаж байгаагаа илэрхийлэхэд дуртай байдаг. Мөн тухайн зовиурын талаар хангалттай мэдээлэл өгөөсэй гэж хүсдэг. Өвчтний ирсэн хэрэг зоригыг эмч нь ойлгосон гэдгийг мэдрүүлэх нь чухал. Найрсаг, тусч зангаар хүнтэй харилцах нь дөнгөж танилцаж байгаа хүмүүсийн сэтгэлийн түгшүүр, санаа зовнилыг бууруулдаг байна. Хүснэгт 2-т өвчтөнтэй хэрхэн харилцах талаарх үе шатчилсан зөвөлгөөг оруулж өгсөн болно.
Хүснэгт 1 Өвчтөн эмчээс юуг найдаж, хүсэн хүлээж байдаг вэ? |
Бүх үйлчлүүлэгчид: - Тавтай морил гэсэн хандлага - Өвчин зовиурыг талаарх энгийн ойлгомжтой мэдээлэл, тайлбар - Өөрийнх нь хүсч ирсэн зорилго ойлгогдсон гэдгийг мэдрэх - Үндсэн хэрэгцээнүүд хангагдсан тохиолдолд үүсэх амар амгалан байдлыг өгөөсэй гэж хүсч байдаг. |
Хүснэгт 2 Эмчилгээний өвөрмөц бус үр нөлөөг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардагдах, эмч хүний эзэмшсэн байх ур чадварын бүрдэл |
1) Сонирхлыг нь татах - Мэргэжлийн түвшинд туслалцаа үзүүлж чадахуйц хамтрагч гэдгээ ойлгуулах - Халуун дотно, найрсагаар мэндлэх - Нүд лүү нь харж ярих - Харилцаанд бэрхшээл учруулж мэдэх бүх төрлийн хоригыг багасгах - Тухайн хүнийг сонирхож байна гэдгээ биеийн хэлээр илэрхийлэх - Өвчтний биеийн байдалд үнэхээр сэтгэл зовниж, анхаарал хандуулж байгаагаа илэрхийлэх - Өвчтний хүсэл зоригыг харгалзаж үзэх |
2) Зовиур шаналалыг нь хуваалцах - Сонс, эргүүлээд юу сонссоноо хэлж байх - Өвчтний сэтгэл хөдлөл, бодлыг унших, таних - Нүүр царайны хувирал, биеийн хөдөлгөөнийг нь анзаарч байх - Өвчтнийг ойлгож байгаагаа илэрхийлэх - Сэтгэл зүйн өөрчлөлтөнд мэдрэг байх - Тохиромжтой үед хошигнох чадвартай байх |
3) Боловсрол олгох - Өвчтний өвчнийх нь талаарх мэдлэгийг шалгах, үнэлэх - Гол ойлголтуудыг таниулах - Өвчтний өвчний түүхтэй танилцсан гэдгээ мэдэгдэх - Энэрэх сэтгэлээр асуултнуудад нь хариулах - Өвчний тавиланг тодорхойлж өгөх, хэн хамт байх, эмчилгээний үйл явцыг тайлбарлаж, гарч болох эрсдэл, хүндрэлийг дурьдах, бодит үр дүнгийн талаар ойлгуулах |
4) Дэмжлэг авах - Эмчилгээний төлөвлөгөөг гаргахдаа өвчтний санаа бодлыг тусгах - Өвчтнөөс зөвшөөрөл авах, идэвхитэй оролцохыг хүсэх - Хувилбаруудаар сонголт хийлгэх - Хэлэлцээр хийж, тохиролцох - Эмчилгээний үед бэрхшээл учирвал түүнийг хэрхэн шийдэх талаар зөвшилцөх |
5) Уулзалтын төгсгөл үе - Уулзалт дуусах дөхөж байгааг гэдгийг мэдэгдэх - Ярилцсан зүйлсээ товч дүгнэх - Эмчилгээний төлөвлөгөө болоод дараагийн алхмуудыг танилцуулах - Өөртөө итгэлтэй байгаагаа илэрхийлж, өвчтнийг ч бас итгэл найдвараа алдахгүй байхыг сануулах - Үүд хүртэл дагаж үдэж өгөх |
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Харилцааны Институтийн мэдээллийн сангаас түүвэрлэв. |
Байнгын архаг өвдөлт үүсэх механизмыг эрдэмтэд хэдийн нээн илрүүлж, механизмийн дагуу эмийн болон эмийн бус эмчилгээг явуулж байгаа ч үр дүн төдийлөн сайн биш байгаа нь бидний хийж буй ихэнх судалгаа амьтан дээр явагддагын илрэл. Энэ нь хүний сэтгэл зүй өвдөлтөнд нөлөөлөх маш хүчтэй хүчин зүйл гэдгийг давхар батлан харуулж байгаа юм. Иймээс эмч болон эмнэлгийн ажилчдаа хандан нэгэн уриалгыг гаргаж байна.
“ Эмч нараа, бүгдээрээ хүний биеийг сэтгэлтэй нь хамт эмчлэн эдгэрүүлцгээе.”