© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Харшил судлал & клиник иммунологи

Ш.Мягмаржав: Харшил халдварлахгүй, харин удамшдаг.

Дулааны улиралд амьсгалын замын харшил нэмэгддэг. Тиймээс харшил өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Кл.Проф, Арьс-харшил гоо заслын тэргүүлэх эмч Ш.Мягмаржавтай ярилцлаа.
-Хот суурингийнхан харшлаар өвчлөх нь элбэг болж. Харшил гэж ямар өвчин бэ, аюултай юу?
-Харшил XXI зууны хамгийн түгээмэл өвчний нэг болоод байна. Харшил өвчин хүний арьс, амьсгалын замын эрхтнийг зонхилон гэмтээж, өвчлүүлдэг. Хүний бие махбодийн дархлааны механизм гаднын вирус, бактер, халдвар, харшил төрүүлэгчээс биеийг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн сөрөг муу вирус, бактер гаднаас ороход хүний дархлааны вирус барьж устгадаг гэсэн үг.
Харин харшлын үед тэр дархлааны хариу урвал гаднаас орж байгаа алергинуудтай нэгдээд бие организмын эсрэг “босдог”. Үүнийг харшил гэж байгаа юм. Энэ утгаараа ямар ч насны хүн ялгаагүй харшилд өртөж болзошгүй. Хүний дархлаа хэдий чинээ сул байна төдий чинээ харшилд өртөх магадлал өндөр байна гэж ойлгож болно.
-Дархлаагаа л дэмжиж байвал харшлаас сэргийлж чадаж байна гэж ойлгож болох уу?
-Өөрийнхөө дархлааг хэвийн хэмжээнд нь барих нь хамгийн эхний хамгаалалт гэж ойлгож болно. Дархлааг хэвийн байлгахын тулд дархлаа сэргээх эм рүү яваад байж болохгүй. Унтаж амрах, идэх уух гээд олон хүчин зүйлээс дархлаа сэргэнэ.
Би 30 гаруй жил эмч хийсэн. Сүүлийн үед арьсны, амьсгалын замын харшил тэргүүлж байна. Харшил үүсгэхэд олон хүчин зүйл байна. Хотжилт явагдаж, тоос тоосонцор их болсон нь амьсгалын замд нэлээд өөрчлөлт оруулж байгаа. Уг нь барилга баригдаж, хотжилт явагдах нь зөв боловч түүнийг дагаад ногоон байгууламжаа зөв хийх ёстой. Ногоон байгууламж хийж байна гээд бургас улиас л тарьж байна. Гэтэл тэрний бургас, улиасны тоосонцор нь 5,6 дугаар сард эрчимтэй тоосоо гөвж эхэлдэг. Энэ бол харшлын хамгийн оргил үе болчихож байгаа юм. Ногоон байгууламжийг ургамал судлаач, хот тохижилтынхонтойгоо хамтарч хийгээгүйгээс асуудал үүсч байна. Харшлаас сэргийлэх, өвчлөлийг нь бууруулах ажил ганц эрүүл мэндийн байгууллага, эмч хүний хийх ажил биш шүү.
-Манайд тоос тоосонцроос гадна юунаас хүмүүс харшилж байна вэ?
-Монголын харшил судлалын нийгэмлэг жил бүр мэдээ тайлан гаргадаг. Монгол улс дэлхийн харшлын нийгэмлэгийн гишүүн. Бусад улс оронд ямар төрлийн харшил зонхилж байгаа талаар чуулж мэдээлэл солилцдог. Үүнээс харж байхад улиралын чанартай ургамлын харшил ихэссэн. Мөн хүнсний харшил ихээр бүртгэгдэж байна. Цаашлаад ахуйн хэрэглээний химийн нэгдлүүд оролцсон бодисуудаас харшилж байна. Цэвэрлэгээний, ариутгалын чанартай бүтээгдэхүүнүүдээс харшилж байгаа. Бүр гоо сайхны бүтээгдэхүүн ч харшил үүсгэж байна. Ер нь хүний эргэн тойронд харшил үүсгэхгүй эд зүйл байхгүй гэж хэлж болно.Өөрөөр хэлбэл, хүний хүрээлэн байгаа бүхий л зүйл харшил үүсгэгч байж болно гэсэн үг. Харин тухайн хүний бие организм түүнтэй хэр тэмцэл хийж чадах вэ гэдгээсээ тэр хүн харшлаар өвчлөх үү үгүй юу гэдэг нь хамааралтай.
-Амьсгалын замын харшлыг эдгээнэ гээд л хамар руу нь хатгаж байдаг. Голио сорох тохиолдлыг ч багагүй харж байсан. Ер нь ямар эмчилгээ хийдэг вэ. Эмчлэгддэг өвчин үү?
-Дэлхийн харшлын нийгэмлэгээс харшлын өвчлөлийг 100 хувь эмчилж чадахгүй, бүрэн төгс дархлаа тогтоож эмчилж чадахгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ илэрсэн шинж тэмдэг буюу өвчин болсон тохиолдолд эмчилж чадна гэж үзэж байгаа.
Тэгэхээр харшлаас урдчилан сэргийлэхийг иргэн хүн мэддэг байх ёстой. Жишээлбэл ургамлын тоосны харшлаас яаж өөрийгөө хамгаалах вэ. Хүнсний харшил байвал яаж өөрийгөө хамгаалах вэ гэдгээ бүрэн гүйцэт мэддэг болохын тулд юунаас харшлаад байна вэ гэдгийгээ тогтоож, оношлуулах хэрэгтэй.
Мэргэжлийн байгууллагад хандаж оношлогоо хийлгэх хэрэгтэй.
Сорилыг арьсан дээр нааж, цусанд үзэх, хатгаж үзэх гээд олон хэлбэрээр тогтоодог болоод байна.
Хүнсний үл тохирлыг хүртэл тогтоодог болж байна. Хүн өөртөө анхаарал зөв тавьж чадвал харшлаас өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой.
-Харшил эдгэдэггүй гэж та түрүүн ярьсан. Тэгэхээр эмчилгээ хийлгээд дахин давтагдана гэсэн үг үү?
-Харшилтай болсон байж магадгүй гэж үзвэл түүнийгээ тодорхойлуулаад яг түүндээ тохирсон эмчилгээ, буюу вакцин хийлгэчихлээ. Тухайн үедээ өвдөхгүй. Гэтэл ирэх жил дахиад улирлын чанартай харшил гарч магадгүй. Тиймээс үүнийг давтуулахгүйн тулд харшлаас урдчилан сэргийлэх ёстой гэж ойлгох нь зөв. Манай эмнэлэг олон төрлийн шарилжнуудаас бүрэн төгс урьдчилан сэргийлж чадах дархлаа тогтоох вакцин эмчилгээг хийж эхлээд гурав дахь жилдээ явж байна.
-Харшил өвчин хүний амь насанд аюул учруулах уу?
-Харшил ямар хэлбэрээр илэрч байна гэдгээсээ нөлөөлөөд хүний амьдралын чанарт нөлөөлөх нөлөөллүүд нь өөр өөр. Тухайлбал, амьсгалын замын харшил хүнд хэлбэрээр хүрвэл шоконд оруулж, амь насанд аюултай. Хүндрэх юм бол астам . Тийм тохиолдлоор манайд хандаж байсан.
Ганц ширхэг эм уух, эсвэл ганц жүрж идчихлээ гээд хүчтэй урвал явагдаад, хоолой нь боогдоод амьсгалж чадахгүй байдалтай болоод ирдэг. Тэгэхээр харшил амь насанд халгүй гээд тоохгүй явж болохгүй.
-Харшлаар ямар насныхан илүү өвчилж байна вэ?
-Сүүлийн үед хүүхдүүд харшилтай болох тохиолдол их байна. Эцэг эхээс дамжиж байна. Мөн хүүхдийнхээ идэх уух, амрах цагийг нь хүртэл эцэг эхчүүд бодолцох хэрэгтэй. Дээр нь компьютер тоглох, утасны хэрэглээ ихэсч байна. Энэ бүгд нөлөөлнө. Маш их хортой туяа ялгаруулж хүүхдийн арьсанд нөлөөлдөг.
-Амьдралын зөв хэвшилд дадвал харшлаас өөрийгөө бага ч гэсэн хамгаалж чадна гэсэн үг үү?
-Ер нь тийм шүү дээ. Тухайлбал, нэг хүн алим идээд ам хамар хавдчихлаа харшил өгчихлөө гээд ирдэг. Тэгээд сорил тавихаар алимнаас биш болж таардаг. Тэгэхээр алимны гаднах хальсанд байгаа химийн бодисыг маш сайн угааж хэрэглээгүй байснаас шалтгаалсан байгаа юм. Тэгэхээр хүн идэж, уух юмныхаа шошго, найрлагыг харж, шууд идэх хүнсээ маш сайн угааж цэвэрлэж идэж байх хэрэгтэй гэсэн үг.
-Амьсгалын замын харшилтай боллоо гэхэд ямар шинж тэмдэг илрэх вэ?
Амьсгалын замын харшил хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаах, нүд загатнах, нулимс гоожих, тагнаа эрүү, хэлний уг загатнах байдлаар илэрдэг.
-Харшилтай байж магадгүй гээд л хүмүүс хлорфинамин эм уугаад яваад байдаг. Энэ ер нь хэр зохистой хэрэглээ вэ?
-Эхний үед анхны тусламжийг тэгэж авч болно. Гэхдээ болж өгвөл харшлын шинж илэрвэл ямар ч эм хэрэглэхгүй эмчид хандвал илүү үр дүнтэй. Иргэд гэрээрээ эсвэл эмч зүйчдээс зөвлөгөө аваад эм уугаад хүрээд ирдэг. Ингэхээр оношлогоо хийхэд хэцүү байдаг. Харшлын эм уухаар сорил тавихаар сорил зөв хариулт өгч чадахгүй болчихдог.
-Арьсны төрлийн харшилтай хүмүүс байдаг. Зарим тохиолдолд шархалчихсан байх нь харагддаг. Тэгэхээр тэр шархнаас нь хүмүүс цэрвэдэг. Энэ тохиолдолд халдвар дамжих уу?
-Харшил халдварлана гэдэг ойлголт байхгүй. Харин удамшдаг. Эцэг эх нь харшилтай байвал хүүхдийнх нь 80-90 хувь нь харшилтай байдаг. Дөрвөн хүүхэдтэй айл байлаа гэхэд гурав нь харшилтай төрөх жишээтэй. Харин аль нэг нь харшилтай байвал 50 хувь .
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..