© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зөвлөгөө

Б.Наранцэцэг: Ходоодны шарх үүрээр голдуу өвддөг.

“Эмч зөвлөж байна” булангийн энэ дугаартаа ходоодны шархны талаар UBH уян дуран, дүрс оношлогооны төвийн тэргүүлэх зэргийн эмч, магистр Б.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Ходоодны шарх ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?

-Ходоодны шарх ерөнхийдөө хурц, архаг гэж байна. Шарх үүсэх олон шалтгаан бий.

Манай залуучууд хүүхдүүдийн олон удаагийн өглөөний цай угаагүй, өлөн явснаас үүдэлтэйгээр үүсч байна. Өглөөний цай уугаагүйн улмаас хүчил ихсэж улмаар ходоодыг түлдэг. Хүчил нь өөрөө хоолтой нийлж саармагжих ёстой байдаг.

Дараагийн шалтгаан бол эмийн гаралтай шарх байна. Өвчин намдаах болон үе мөчний бүх төрлийн эмнүүд ходоодны хүчил ихэсгэдэг. Манайхан эмийг их дур зоргоороо хэрэглэгдэг.

Гуравдугаарт стрессийн гаралтай шалтгаан байна. Хүн стресстэхээр ходоодноос хүчил ялгардаг, хоолонд дургүй болдог. Мөн нойргүйдэл нөлөөлдөг, ээлжийн ажилтай хүмүүс нойр хоолны буруу дэглэмээс болж ходоодны шархтай болох нь элбэг.

-Ходоодны шарх үүссэн үед хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Ходоодны шарх үүсэн үед юм идээгүй өлөн үед ходоод өвддөг. Тэгэхээр үүрээр голдуу мэдрэгддэг. Ходоодны шарх хүндэрвэл булчингийн салст руу ороод судас дайрвал цус алддаг, хараар баадаг, нуруугаар өвддөг. Ерөнхийдөө өлөн явснаас үүдэлтэй шарх бол нарийн гэдэсний эхлэл хэсэг буюу ходоодны зааг дээр  байдаг. Эмийн гаралтай шарх нь таруу байрлалтай байдаг учраас харьцангүй өвдөлт мэдрэгддэггүй.

-Өвдөх зовиур илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд яах ёстой вэ?

-Ихэвчлэн манайхан өвчин намдаах эм уудаг. Гэтэл ходоодны хэсэгт өвддөг олон өвчин байна. Жишээлбэл, цөсний чулуу, нойр булчирхай зэрэг тэр хэсэгт өвддөг учраас ялган оношлуулах нь чухал. Үүнийг ганц ялган оношлох боломжтой зүйл нь ходоодны дуран байдаг. Ходоодны хатингаршилтай мөртлөө ходоодны хүчил бууруулдаг эм уучихдаг, тэрнээсээ болоод улам өвддөг. Тэгэхээр эхлээд оношлуулах нь зөв юм. Хэрэв өвчнөө зөв оношлуулж чадвал ходоод бол хурдан эдгэрэх боломжтой сайн эрхтэн.

-Танай эмнэлэг ходоодны ямар дуран ашигладаг вэ?

-Монголчуудын хамгийн айдаг зүйл бол дурангийн шинжилгээ. Үүнээс болоод хавдар, шархаа хүндрүүлчихээд хүрээд ирдэг. Энэ бол хүндрэл учруулахаар шинжилгээ биш. Хамгийн эвгүй юм залгидагтаа байгаа, манай дурангийн нэг давуу тал нь хамгийн нарийн 0,6 диаметртэй уян байдаг. Дуран өөрөө маш сайн ариутгалтай байх ёстой, манайх Германы өндөр түвшний бодис ашиглаж ариутгадаг. Үүнээс гадна дурандах процессоо хүндээ сайн ойлгуулах, дурандаж байгаа эмч их чадварлаг байх ёстой. Манай эмнэлгийн хувьд 20 жил энэ чиглэлээр дагнаж ажилласан эмч бий.

-Ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь өлөн л явахгүй байх хэрэгтэй. Хүн өглөөд юм идэхгүй хоосон явбал цөсний чулуу, ходоодны шархтай болдог. Мөн урьдчилан сэргийлэхийн тулд ходоодны хүчил ихэсгэдэг зүйлсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Архи, тамхи, давс нь ходоодны шарх, хавдар үүсгэдэг хүчин зүйл юм. Мөн даршилсан, давсалсан исгэлэн зүйлсийг ялангуяа өлөн байхдаа идэх хэрэггүй.

Өглөөд хүн хүчлийг саармагжуулах хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй. Сүүлийн үед оношлуулж байгаа хүмүүс ихэнх нь өглөө болгон лимонтой ус уудаг байна. Лимонтой ус нь махан хоол идсэний дараа уухад үр дүнтэй шүлтлэг болно. Мөн өглөөд юм идэхээс гадна өдөржин юм идэхгүй байж оройд иддэг. Энэ бас буруу хэвшил.

-Ходоодны шарх бүрэн эдгэрэх боломжтой юу?

-100 хувь эдгэдэг. Гэхдээ хоолны дэглэмээ бариад байвал эдгэнэ, чадахгүй бол сэдэрнэ. Хоолны дэглэм нь ходоодны шарханд эмнээс илүү үр дүнтэй эд.

-Ходоодны шархаа эмчлүүлэхгүй удвал ямар эрсдэлүүд гарах вэ?

-Нэгдүгээрт цус багадалтад өртөнө, хоёрт ходоод цоордог. Гуравт ходоодны шарх хүндэрвэл хавдар болох эрсдэлтэй.

-Хүн амын дунд ихээр яригддаг зүйл бол хеликобактер, энэ талаар мэдээлэл өгвөл?

-Энэ бол нийгмийн халдвар л даа. Маш удаан хугацаагаар хадгалсан хоол хүнс, нийтийн хэрэглэсэн аяга таваг, гадуур зарагдаж байгаа ил хоол зэрэгт байдаг. Хеликобактер нь хүчиллэг орчинд амьдардаг. Ходоодны хүчил шүлт тэнцвэртэй байвал байхгүй болох боломжтой. Хэд хоног эм уугаад эмчилсэн ч дахиад ихэсчихлээ гээд байдаг. Энэ нь дахиад буруу хооллосон, хувийн ариун цэвэр муу сахисантай холбоотой.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..