© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Нийгмийн эрүүл мэнд

Монгол эрчүүдийн муу зуршлын хор хөнөөл

Жендэрийн тэгш байдал, түүнийг хангахад гардаг бэрхшээлийн талаар биднийг ярьж, бичиж, твиттерт жиргэх бүрт “эрчүүд л зовж байна, эрчүүдийн зовлон, бэрхшээлийг хэн ч тоодоггүй” хэмээн гомдоллох эрчүүд цөөнгүй.
Тэд “ялангуяа Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү их байгаа нь жендэрийн тэгш бус байдал эрчүүдэд илүү хамаатай болохыг нотолж байна” гэдэг.
Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт эрс зөрүүтэй нь үнэн ч энэ нь нүдэнд ил харагдахгүй олон хүчин зүйлээс үүдэлтэй.
Буурай хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ тэр бүр хүртэж чаддаггүй учраас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү бага байдаг хэдий ч хөгжил нь ахихын хэрээр дундаж наслалтын зөрүү нэмэгдэх хандлагатай байдаг. Сүүлийн хэдэн арван жилд Монголын хөгжил эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг нэмэгдэхэд хүргэсэн байна. Дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү дунджаар 4 жил байдаг бол Монголд 9 жил байгаа нь асар их зөрүү бөгөөд ийм зөрүү ихэвчлэн урьд өмнө социалист байсан орнуудад ажиглагддаг.
Хүснэгт 1. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт хамгийн их зөрүүтэй орнууд
(жилээр) 2010-2017 он

Эрчүүдийн муу зуршлын талаарх тоо мэдээллээс дурьдвал...
Монгол Улс дахь өвчлөлт, нас баралтын тоон мэдээг харахад бүх насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин илүү өндөр байгаа нь биологийн хүчин зүйлээс гадна орчны болон зан үйлийн хүчин зүйлс нөлөөлж байгааг илтгэж байна. Тухайлбал, эрүүл бус сонголтууд болох тамхи, согтууруулах ундааны хэрэглээ. Тамхи, согтууруулах ундааны хэрэглээ нь Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд энэ шалтгаанаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хамаагүй залуудаа нас барж байна. Скандинавын орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ өндөр байгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг 2.4 жилээр нэмэгдүүлдэг байна. Судалгаанаас1 үзэхэд 2013 оны байдлаар Монгол улсад насанд хүрсэн эрчүүдийн 56,1 хувь буюу 10 эрэгтэй тутмын 6 нь тамхи татаж байгаа нь дэлхийд тэргүүлэх орнуудын эгнээнд оруулж байна. Харин тус судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн ердөө 7,8 хувь нь тамхи татаж байна.

Урьд өмнө социалист байсан орнуудын нэгэн адил Монголд ч согтууруулах ундааны хэрэглээ өндөр байгаа нь ялангуяа эрчүүдийн дунд ноцтой асуудал хэвээр байна. Монгол эрэгтэйчүүдийн 39,7 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг бол энэ үзэгдэл эмэгтэйчүүдийн дунд 15,1 хувь буюу 2,5 дахин бага байна.  Түүнчлэн 2016 оны байдлаар өвчлөлийн бус нас баралтын шалтгааны 1-рт амиа хорлолт (387 эрэгтэй, 63 эмэгтэй), 2-рт спиртэд санамсаргүй хордох, өртөх (352 эрэгтэй, 58 эмэгтэй) байгаагаас эрэгтэйчүүдийн тохиолдол илүү давамгайлж байна. Дээрх судалгааны дүнгээс харахад эрчүүд эрүүл бус амьдралын хэв маягтай байгааг илтгэж байна. Тиймээс архи, тамхины хэрэглээнээс үүдэлтэй нас баралт, зам тээврийн осол, мөн амиа егүүтгэх явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Эрэгтэйчүүдийн дунд эдгээр муу зуршлаас урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахыг эрмэлздэг болох хэрэгтэй байна. Тухайлбал, 2016 онд эрүүл мэндийн байгууллагад хандан үзүүлсэн давтамж дунджаар эрчүүдийн хувьд 5 удаа байгаа бол эмэгтэйчүүд 6 удаа байна (жирэмсний хяналтын үзлэг үүнд хамаараагүй болно).
Монгол эрчүүд эрүүл бус зан үйлээ өөрчилбөл дундаж наслалт нь нэмэгдэх магадлалтай. Иймд эрчүүдийг бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл мэнддээ анхаардаг болгож, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхийн тулд бид илүү ихийг хийх хэрэгтэй байна. Гэвч энэ нь тийм ч амар ажил биш юм.

Эрчүүдийн муу зуршлыг өөрчилье!
Хөвгүүд, эрчүүд өөрсдийгөө илэрхийлэх сэтгэл хөдлөл, зан үйлийг хязгаарласан эр хүний үүрэг ролийн талаарх уламжлалт тогтсон ойлголт нь нэг талаараа“эрчүүдийн муу зуршил”-тай салшгүй холбоотой бөгөөд энэ нь Монголын нийгмийн бүтэцтэй нягт уялдаатай. Эрчүүдийн муу зуршил нь төрөлхөөс заяасан зүйл биш харин нийгмээс үүдэн бий болсон хандлага, зан үйл юм. Энэ нь эр хүн гэдгээ харуулахын тулд хөвгүүд, эрчүүд ямар зан ааш гаргаж, хэрхэн авирлах талаар нийгэмд тогтсон ойлголтоос үүдэлтэй. Үүнийг дагахгүй бол нийгэмд тэднийг эр хүн хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага түгээмэл байдаг.
Ийм хандлагатай бид хаа саагүй тулгардаг. Тухайлбал “Хөвгүүд уйлдаггүй юм. Битгий охин шиг зан гаргаад бай” гэж найз нар маань хөвгүүддээ хэлэх нь сонсогддог. Хөвгүүд, эрчүүд тэмцэлдэж эхлэнгүүт бид “хөвгүүд бол хөвгүүд шиг л байх ёстой” юм уу эсвэл “эр хүн юм бол эр хүн шиг бай” гэх зэргээр ханддаг нь хөвгүүд, эрчүүдийг сэтгэлийн хөдөлгөөнөө нууж, “эр хүний шинжгүй, хулчийгаад байлгүй” хатуу чанга байхыг шаарддаг. Хатуу чанга байж, харагдах нь хүч чадалтай эр хүнийг илтгэсэн шинж бөгөөд булчин шөрмөстэй байх нь хүчтэйн шинж, сэтгэлийн хөдөлгөөнтэй байх нь сул доройн шинж гэж үзэх явдал бий. Сул дорой харагдахаас айх явдал нь эрчүүдийг эмнэлэгт хандаж, үйлчлүүлэх, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө бүхий өндөр эрсдэлтэй зан үйлээс зайлсхийхэд сөргөөр нөлөөлдөг. Иймд эмэгтэйчүүдээс илүүтэйгээр эрчүүд архидалт, мансууруулах бодисын донтолт, осол, зүрх, судасны өвчинд өртөж байгаад гайхах зүйлгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар байх тухай нийгэмд тогтсон ойлголт, жендэрийн тэгш бус байдал, жендэрийн эрс ялгаатай үүрэг роль нь эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд сөргөөр нөлөөлж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай үүрэг роль, ямар байх ёстой тухай нийгэмд тогтсон ойлголтууд нь бид бүгдийг нөөц бололцоогоо бүрэн дайчлахад саад учруулж байна. Хүйсээр ялгаварласан ойлголтууд нь нийгмийн хөгжилд тус болдоггүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бид бүгд энэ хандлагаа өөрчлөхийн төлөө анхаарах ёстой. Эрчүүдийн муу зуршлыг өөрчилж, эрчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсролын
хөтөлбөр, аянуудаар дамжуулан тэднийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрэлхийлдэг хандлагатай болгох нь нийгэм дэх тогтсон ойлголтыг өөрчлөх нэг эерэг алхам юм. Тухайлбал, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан эрчүүдийг асаргааны ажилд оролцуулахын ач холбогдлыг олон нийтэд сурталчлахаар төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, бага залууд нь жендэрийн тогтсон ойлголтын талаар зөв хандлага
төлөвшүүлэхээр бэлгийн цогц боловсролыг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулснаас гадна муу зуршил бүхий жендэрийн хэм хэмжээг устгахад багш, сурагчидтай хамтран ажиллах “Аюулгүй сургууль” санаачилгыг эхлүүлээд байна. Эдгээр үйл ажиллагаанууд нь ялангуяа монгол эрчүүдийг эрүүл саруул, урт удаан наслахад чухал ач холбогдолтой, эрүүл мэнд, сайн сайхан амьдралын талаарх зөв хандлагыг төлөвшүүлэх алхмыг эхлүүлж байна.

Наоми Китахара, Аюушийн Ариунзаяа

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..