Компьютер дээр олон цагаар сууж ажилладаг, бичиг цаасны ажилтай хүн бүрт нүд аргаж, хатгуулж өвдөх, улайж хорсох, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг байнга илэрдэг. Тиймээс хараагаа хэрхэн сайжруулах, нүдний даралт юунаас болж үүсдэг талаар Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эмч З.Баярцэцэгтэй ярилцлаа.
-Танай тасагт сүүлийн үед нүдний ямар хагалгаануудыг хийж байна вэ?
-Хагалгааны 70-80 хувийг болрын мэс засал эзэлдэг. Болрын мэс заслын хагалгаа нь дэлхий дахинд хамгийн сүүлийн үеийн технологиор хамгийн жижиг зүслэгтэй, ямар нэг оёдолгүй, хатуу уутан доторхи болрыг уутан дотор нь буталж, соруулж авдаг. Өмнө нь энэ хагалгааг уутан дотор нь бутлахгүйгээр хатуу болрыг тэр чигээр нь татаж авдаг байсан. Манайх энэ хагалгааг хамгийн сүүлийн үеийн технологиор хийж байна. Болрын, нүдний даралт бууруулах, зовхи, гэмтлийн шархны цэлцгэр, ухархайн хагалгааг хийж байна. Манай Нүдний мэс заслын тасагт нүдний өмнөд хэсгийн, арын, торлогийн, нүдний даралтын гэсэн чиглэлээр мэргэшсэн эмч нар дээрх хагалгаануудыг хийдэг. Болрын мэс заслыг бүх эмч жигд хийдэг.
-Нүдний даралт юунаас болж үүсдэг юм бэ. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Монголд нүдний даралт элбэг. Энэ өвчин хүн амын тэдэн хувийг эзэлж байна гэсэн сүүлийн үеийн судалгаа байдаггүй. Нүдний даралт нь болор цайлт өвчний дараагаар хараагүй болоход хүргэдэг хүнд өвчин. Үүний гол шалтгаан нь удамшил, нас, суурь болон чихрийн өвчин, цусны даралт, таргалалт зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Мөн тодорхойгүй даралт ихсэлтүүд байна. Манайхан хамгийн гол нь эрт оношлуулдаггүй, оройтож эцсийн шатандаа орж хүндэрсэн үедээ ирдэг. Харааны мэдрэл нэгэнт гэмтсэн тохиолдолд эргээд сэргэдэггүй болохоор нүдний даралт хүнд өвчин. Залуу хүмүүст ховор тохиолдоно. 40-өөс дээш насанд гол төлөв оношлогддог. Ер нь 40-45 насандаа нүдээ жилдээ юм уу зургаан сар болоод үзүүлж байх хэрэгтэй. Даралттайгаа мэдэхгүй явж байгаад харааны мэдрэл гэмтээд, хатангиршсан тохиолдолд харааны мэдрэл эргэж сэргэдэггүй. Хараа орох боломж байдаггүй. Тиймээс аль болох эрт оношлуулах хэрэгтэй.
-Нүдний даралтаас болж нэг нүд хараагүй болоход нөгөө нүдэндээ нөлөөлдөг үү?
-Нөлөөлж болно. Хоёр нүд хоёулаа даралттай байдаг болохоор нөгөө нүднээсээ нөлөөлсөн гэж хэлэхгүй. Хэрэв нүдний даралттай гэж оношлогдсон бол эмээ цаг хугацаанд нь дусаадаг, эмчийн үзүүл гэсэн өдөр очиж үзүүлдэг байх хэрэгтэй.
-Нүдний даралтыг бүрэн эмчлэх боломжтой юу?
-Энэ өвчнийг бүрэн эмчилнэ гэж хэлж болохгүй. Нэгэнт даралттай болсон бол эмчийн хяналтад явах шаардлагатай. Бүрэн төгс эмчлэгддэг өвчин биш. Тиймээс эм дусааж, эмчийн хяналтад байна. Нүдний даралттай хүмүүс байнгын эм дусаах шаардлагатай байдаг. Нэг нүд нь нүдний даралтаар хараагаа алдчихаад оройтож ирчихээд цорын ганц нүдтэй үлдчихээд эмээ дусаахгүй ч юм уу, эмчийн хэлсэн хугацаандаа ирдэггүй.
-Нүдний дусаалгыг байнга хэрэглэх нь сөрөг нөлөөтэй юу. Ер нь аль орны дусаалга сайн байдаг вэ. Сүүлийн үед “Японыхыг сайн” гэх юм?
-Ямар дусаалга вэ гэдгээс шалтгаална. Манайхан энэ нь нүдэнд сайн гээд юу ч хамаагүй аваад дусааж байна. Нүд өвдсөн тохиолдолд эмийн бодистой дусаалгууд байдаг. Тухайлбал, эмчилгээний дараах, өвчин намдаах, улайлтыг нь дарах гэсэн дусаалгууд бий. Байнгын хэрэглэдэг дусаалгууд бол өөр өөр байдаг. Энэ нь нүдийг гоо сайхны талаас нь дэмжиж нүдийг хуурайшлаас сэргийлж байнгын чийгшилтэй байлгадаг.
Эмийн сангийн хүмүүс дусаалганы талаар сайн хэлж өгч байх хэрэгтэй. Японы дусаалгууд А, Е болон янз бүрийн витаминтай дусаалгууд байдаг. Зарим нь судас агшаагчтай байдаг учраас тогтмол хэрэглэхэд тохиромжгүй.
Дусаасны дараа аятайхан байдаг хэрнээ эргүүлээд судас байнга агшаад байхаар нүд илүү хуурайшдаг. Тиймээс судас агшаагчтай дусаалгыг байнга хэрэглэх хэрэггүй. Үүний оронд хиймэл нулимс, нүд чийгшүүлэгчтэй дусаалгыг хэрэглээрэй.
-Хараа сайжруулах мэс засал хийлгэхээр хэсэг хугацааны дараа сөрөг нөлөө гардаг гэх юм. Энэ хагалгааг танай эмнэлэгт хийдэг үү?
-Хараа сайжруулах мэс заслыг манайд хийдэггүй, тийм аппарат, тоног төхөөрөмж нь байдаггүй. Улсын хэмжээнд ганцхан “Болор мэлмий” эмнэлэгт хийдэг. Ер нь ихэнх хүн Энэтхэг, Солонгос руу явж хийлгэдэг. Юм болгонд сайн, муу тал гэж байдаг. Хараа сайжруулах хагалгаа хийлгэснээр тухайн хүн шил зүүхгүй болдог ч муу тал нь мэс засал нүдний бүрэн бүтэн байдлыг алдагдуулж байгаа юм чинь сөрөг тал байгаа.
-Нүдний хараагаа сайжруулахын тулд ямар дасгал хийх вэ. Ялангуяа, комюьютер дээр удаан суудаг хүмүүс хараагаа яаж хамгаалах вэ?
-Харааг дасгалаар сайжруулна гэж байхгүй. Харин хамгаалж болно. Компьютер дээр удаан суудаг, дэлгэц удаан ширтдэг, цаас их удаан ширтдэг хүмүүст харааны ядаргаа гэж үүсдэг. Байнга ойрын юм ширтсэнээс болж нүдний булчингууд зангирч агшдаг. Тиймээс 40 минутаас нэг цаг компьютерийн дэлгэц ширтлээ гэхэд хоёр минут босоод цонхоор холын юм харах, нүдэн дээрээ хүйтэн жин тавих, нүдээ баруун, зүүн, дээшээ, доошоо эргүүлэх дасгал хийснээр нүдний булчинг суллаж, амраадаг. Ингэж л хараагаа хамгаална даа. Хүүхдийг найман нас хүртэл нь компьютер дээр суулгах, зурагт их үзүүлэх нь муу. Тэдний хараа бүрэн хөгжиж тогтворжоогүй байхдаа ядаргаанд ордог.
-Хүмүүс толгой их өвдөхөөр нүд харанхуйлж юм гүйгээд байна гэдэг. Энэ нь юутай холбоотой вэ?
-Мэдрэлийн талаас толгой өвдсөнөөс, цусны даралт ихсэхээр нүд эрээлжилж болно. Мөн нүд их ачаалал авсан, нүдний даралтнаас толгой өвдөж болно. Энэ нь олон шалтгаантай байдаг болохоор алийг нь гэж хэлж мэдэхгүй байна. Тиймээс оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа шалтгааныг нь тогтооно. Тухайлбал, хараа муутай хүн бол шилээ зүүхгүй, тохироогүй шил зүүснээс толгой өвдөх тохиолдол бий.
-Зарим хүний нүд улайсан байдаг. Энэ нь даралттай холбоотой юу?
-Үгүй. Улайхаар л хүмүүс нүдний даралттай холбож ойлгодог. Зүгээр улайлтууд нүдний хуурайшилт, архаг үрэвсэлтэй холбоотой. Тиймээс чийгшүүлэгчтэй дусаалга хэрэглэх шаардлагатай. Ер нь монголчууд бүгдээрээ хиймэл нулимс дусааж байхад илүүдэхгүй. Япон, Солонгос шиг чийглэг оронд нүдний мах, өөхтэй хүн бараг байдаггүй.
-Нүдэнд өөх ургалаа гэдэг. Өөхийг заавал авахуулах шаардлагатай юу?
-Нүдний өөх гэдэг нь хуурайших, нүдний архаг үрэвсэлтэй удаан явснаас өөх ургадаг. Өөхний том, жижгээс хамаарч тухайн хүнд хэр зовиуртай байгаагаас шалтгаалж авах эсэхийг шийднэ. Эм дусаагаад өөх хайлахгүй. Мэс заслын аргаар өөхийг авснаар зовиур арилдаг. Гоо сайхны үүднээс муухай харагдаж байгаа тохиолдолд өөрийнх нь хүсэлтээр авч болно. Нүдэндээ өөхтэй, махтай хүмүүсийн нүд заримдаа зүүгээр хатгуулж байгаа юм шиг өвддөг.
-Өөхийг авахуулсны дараа дахин ургадаг уу. Мөн нүдний хараанд нөлөөлөх үү?
-Өөх дахин ургаж болно. Тиймээс аль болох нүдээ үрэвсүүлэхгүй байвал дахихгүй. Манай орны цаг уурын онцлогоос болоод хүн бүр нүдний өөхтэй болсон байдаг. Мөн дээрээс нь нүдний мах гэж байна. Энэ нь нүдний хараанд нөлөөлнө. Нүдний мах нь эвэрлэг рүү түрж ургадаг учраас хараанд нөлөөлдөг.
-Манайхан бас нүд аргалаа гээд шээсээр арчдаг. Ингэх нь зөв арга мөн үү?
-Одоо чинь XXI зуун. Шээсээр угаах, хөхний сүү дусаах, тамхины үнсийг нүдэндээ хийх нь тухайн өвчнийг даамжруулж, улам хүндрүүлдэг. Тиймээс шууд эмчид хандах нь зүйтэй.
-Зарим үед нүднээс нулимс гараад байдаг. Энэ нь юутай холбоотой юм бэ?
-Нулимс гоожих нь нүдний өөх, мах, архаг үрэвсэл, хуурайшилтаас болж гоожиж болно. Мөн тархины судас нарийсалтай, толгой, магнайнаасаа их даардаг, хөгшрөлттэй холбоотойгоор нулимсыг барьж байдаг булчингийн үйл ажиллагаа суларсантай холбоотой. Хөгшрөлтийн үйл явцыг бид зогсоох аргагүй. Бусад тохиолдолд, өөрөөр хэлбэл ямар нэгэн үрэвсэл, тосны булчирхайн үйл ажиллагааг эмчилж болно.