© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зөвлөгөө

Цөс бидэнд хэрэгтэй юу?

Цөс бидэнд хэрэгтэй уу?
Цөс нь элгэнд үүсдэг бөгөөд хар ногоон эсвэл шаравтар өнтөтэй бүтцийн хувьд шингэн зүйл юм. Цөсний 85% нь ус, 10% нь цөсний давс, 3% нь зуурмаг ба пигментүүд, 1% нь өөх тос, 0.7% нь органик бус давснууд байдаг. Элгэнд нийлэгжсэн цөс элэгний доторх цөсний сувгуудаар дамжин цөсний хүүдийд ирж хуримтлагддаг. Улмаар хоол идсэний дараа цөсний хүүдий агшиж доторх цөсөө гэдэс рүү ялгаруулна. Цөс гэдсэнд хоол боловсруулалтанд ялангуяа өөхийг задалж, жижиг хэмжээтэй болгож шимэгдүүлэх бололцоог олгоно. Хэвийн үед нарийн гэдэс рүү 1000 мл орчим цөс ялгардаг. Цөсний хүүдийд байгаа цөс ялгарсны дараа элгэнд нийлэгжсэн шингэн цөс дахиж цөсний хүүдийд хуримтлагдана.
Яагаад цөсний чулуу үүсдэг вэ?
Цөсний чулуу цөсний найрлаганд ордог холестрины солилцооны алдагдлаас үүсдэг. Цөсний шинж чанар алдагдан өтгөрсний улмаас цөсний чулуу хэлбэржин бий болдог.
Цөсний чулуу үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө:
• Цөсний хэт өтгөрөлт. Бидний цөсний хүүдийд байгаа шингэн цөс хоол идэхгүй үе буюу шөнө тунарч өтгөн болно. Өглөөний цайгаа ялангуяа бага хэмжээний өөх агуулсан хоол идсэнээр тунарсан цөс ялгарч хоол боловсруулалтанд оролцоно. Өглөөний цайгаа уудаггүй, ялангуяа бага хэмжээний өөх тос өглөөдөө хэрэглэдэггүй хүмүүст тунарсан, өтгөрсөн цөс аажимдаа цөсний чулуу болно хэлбэржин бий болно.
• Цөсний хүүдийн үрэвсэл. Цөсийг агуулж байгаа уут буюу цөсний хүүдийн үрэвслийн үед доторх цөсний ялгаралт муудаж чулуу үүсэх эхлэл тавигдана.
• Цөсний хүүдийн нугарал. Хэвийн үед цөсний хүүдий нугаларч болох боловч эмгэгээр байнгын нугарал үүсгэсэн үед нугарсан хэсгээс дээш агуулагдаж байгаа цөсний ялгаралт алдагдаж цөсний чулуу үүснэ.
• Хөдөлгөөний хомсдол. Хөдөлгөөний хомсдолтой хүмүүст нарийн гэдэсний агууламжийн (хоол) дамжуулалт алдагдана. Цөсний ялгаралт багасна. Улмаар цөс тунарч цөсний чулуу үүснэ.
• Таргалалт. Таргалалттай хүмүүсийн цөсний найрлага өөрчлөгдөнө. Ялангуяа холестролын түвшин нэмэгдэнэ. Цөсний өтгөрөл үүсч, бүрэн ялгаралт явагдахгүй болсноор чулуу үүснэ.
Цөсний чулуу хаана үүсдэг вэ?
Цөсний чулуу элгэн доторх цөсний замуудад, цөсний хүүдийд болон цөсний ерөнхий сувагт үүсэж болно. Нийт цөсний чулуутай өвчтөнүүдийн 95%-д цөсний чулуу цөсний хүүдийд үүсдэг бол 5%-д цөсний чулуу элгэн доторх цөсний суваг болон цөсний ерөнхий суваг дотор үүснэ. Элгэн доторх цөсний суваг болон цөсний ерөнхий суваг дотор үүссэн чулуу илүү хүнд явцтай байдаг.
Цөсний хүүдийд чулуу үүссэнээр илрэх шинж тэмдэг:
• Баруун сүврэгдэс (баруун хавирганы нумаар) доор өвдөх шинж илэрнэ. Ихэнхдээ өөх тостой, хайрсан хуурсан хоол идсэний дараагаар өвдөх нь элбэг байдаг.
• Хоолны шингэц муудах. Цөсний хүүдийд чулуу үүссэнээр цөсний ялгаралт муудаж, хоолны боловсруулалт, ялангуяа өөх тостой хоолны шимэгдэлт муудна.
• Өтгөн хатах. Хоолондоо өөх тос бага хэрэглэдэг хүмүүст цөсний ялгаралт явагдахгүй. Улмаар хоолны шимэгдэлт, дамжуулалт алдагдаж өтгөн хаталт үүснэ.
• Арьс загатнах, арьс шарлах. Цөсний хэвийн ялгаралт алдагдсанаар цусаар эргэлдэх цөсний агууламж ихэснэ. Улмаар арьсанд нэвчиж загатнах, шарлах шинж илэрнэ.
Цөсний чулуутай гэдгээ яаж мэдэх вэ?
Цөсний хүүдийд болон цөсний сувгууд дотор чулуу үүссэн эсэхийг эхо-д харуулж оношилогдоно.
Цөсний чулуутай хүмүүс яах вэ?
• Хоолны дэглэм барих.
• Цөсний хүүдийд чулуутай, зовиур илэрсэн өвчтөнүүд мэс засал хийлгэх шаардлагатай болно.
Эмчийн зөвөлгөө:
• Шингэн зүйл тогтмол хэрэглэх
• Хорт зуршлаас салах
• Хоолондоо тодорхой хэмжээний өөх тос хэрэглэж хэвших
• Өглөөний цайндаа цөцгийн тос, өндөг гэх мэт өөх тос агуулсан хоол хэрэглэх
• Хөдөлгөөний хомсдолоос сэргийлж дасгал хөдөлгөөн тогтмол хийх
• Жил бүр эхо-д харуулж хэвших
• Нэгэнт цөсний хүүдийд чулуу үүссэн тохиолдолд мэс засалд орж цөсний хүүдийгээ авхуулах.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..