Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль 2016.04.12-нд батлагдсан. Энэхүү хуулиар хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.
Энэхүү хууль нь 7 бүлэг, 24 зүйлтэй. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомж нь дараах хуулиудын цогцоос бүрдэнэ. Үүнд:
- Монгол улсын үндсэн хууль
- Эрүүл мэндийн тухай хууль
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль
- Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хууль
- Эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актууд.
Хуульд зарим нэр томьёог тодорхой болгосны заримаас дурдвал:
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгох,
- Эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ гэж ЭМБ, эмнэлгийн мэргэжилтний илгээсэн үйлчлүүлэгчид эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газар, клиник зэрэг байгууллагаас үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг ойлгох,
- Нэг иргэнээр тооцсон төлбөрийн арга гэж өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын санхүүжилтийг өрхийн эмчид бүртгүүлсэн иргэнээр тооцохыг ойлгох,
- Тохиолдолд суурилсан төлбөрийн арга гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг тооцож санхүүжүүлэхийг ойлгох зэрэг болно.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь дараах төрөлтэй байхаар хуульчилжээ. Үүнийг хураангуйлан илэрхийлбэл:
- Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ,
- Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ,
- Эх барихын тусламж, үйлчилгээ,
- Хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж,
- Түргэн тусламжийн үйлчилгээ,
- Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ, болон
- Сэргээн засах тусламж, үйлчилгээ зэрэг болно.
Хуульд эдгээр тусламж, үйлчилгээ тус бүрийн зохион байгуулалт, чиг үүрэг; эмч, мэргэжилтний бүртгэл, лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ; төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, тэдгээрийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүнийг сонгох, тэдгээрт тавигдах шаардлага; төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн эрх, үүрэг; амаржих газар, клиник, сувилахуйн төв, сэргээн засах төв, сувилалын үзүүлэх тусламж, үйлчилгээ; эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилт; эмчийн эрх, үүрэг; эмнэлгүүдийн магадлан итгэмжлэл зэрэгтэй холбогдох харилцааг тусгайлан зохицуулсан.
Мөн энэхүү хуулиар хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулсан.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын дагуу Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өмчийн бүх хэлбэрийн Эрүүл мэндийн байгууллага (ЭМБ) –ыг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн шинэчлэн зохион байгуулахаар тогтжээ.
Мөн энэхүү хуулийн 15 лугаар зүйлийн 15.21-д заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдох зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлэхийг 2017 оны 01 дүгээр сарын 01 –ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр, тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан Сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн аргыг 2018 оны 01 дүнээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус заажээ.
Энэхүү журмын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан Аймаг дахь Төрийн болон орон нутгийн өмчит Эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд 5 жил тутамд 1 удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгож байхыг 2017 оны 01 дүгээр сарын 01- ны өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхээр журамлажээ.
МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ ХУУЛИЙН ФИРМ