© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Чихрийн шижин ба дотоод шүүрэл

Чимээгүй тахал

Өнгөрсөн зууны наяад оны үед ДОХ (дархлааны олдмол хомсдол) гэгч гайхал гарч ирэхэд болон 2019 онд Ковид 19 хэмээх өвчин гарч ирэхэд бид их чимээтэй хүлээж авсан. Мэдээж энэ чимээтэй тахал. Тэгвэл чимээгүй тахал нэртэй, хэний ч боддоггүй, тэгсэн мөртлөө бид бүхний дунд байнга оршин буй чихрийн шижин өвчин чимээгүйхэн хаалга цохилгүй орж ирчихээд гай тотгороо тарьж эхэлснийг хэн ч анзаараагүй, мэдээгүй явсаар өдий хүрсэн. Чихрийн шижин гэгч энэ өвчинд идүүлж эхэлснээ хүмүүс тэр дороо мэдэхгүй нилээд цаг хугацаа алддагаараа ихээхэн зовлон шаналал дагуулж ирдэг. Ганцхан жишээ хэлэхэд 2016 оны тайлангаар манай дотоод шүүрлийн эмч нараар үйлчлүүлэгчдийн 48.9% нь чихрийн шижин өвчтэй байсан байна. Манай улсад 75000 хүн уг өвчнөөр өвдсөн гэх мэдээлэл байдаг ба 7500 хүн хөлний өөрчлөлт өгсөн ба 3000 хүн хөлөө тайруулах гээд хүлээж байгаа харамсалтай тоон мэдээ бий. Энэ өвчний үед таны эд эрхтний судас хатуурч мууддаг ба нүдний судас гэмтсэнээр сохрох, зүрхний судас гэмтсэнээр зүрхний шигдээс болох, бөөрний судас гэмтсэнээр бөөрний дутагдал болох, хөлийн судас гэмтсэнээр хөлгүй болох зэрэг бүх хүндрэл хүний тахир дутуу болгодог.

Чихрийн шижин өвчин гэж юу вэ?

Чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсруулсан инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм. Цусанд сахар хэвийн хэмжээнээсээ өндөрссөнөөр цус өтгөрч, нарийхан хялгасан судаснууд бөглөрдөг тул нарийхан судастай эрхтэн болох зүрх, бөөр, тархи, хараа, сонсголын эрхтнүүд хамгийн түрүүнд гэмтдэг.

Чихрийн шижин өвчний үед ямар зовиур шаналгаа илэрдэг вэ?

  • ·         Ам ихээр цангах
  • ·         Ойр ойрхон шээх
  • ·         Маш их өлсөх, гол харлах
  • ·         Хараа муудах
  • ·         Амархан ядарч сульдах
  • ·         Шалтгаангүй турах
  • ·         Шарх удаан эдгэх
  • ·         Гар, хөлийн үзүүр хэсэг бадайрах, юм мэдрэхгүй байх шинжүүд илэрнэ.

Эмчийн зөвөлгөө?

·         Хэрэв танд болон таны эргэн тойрны хэн нэгэнд дээрх шинж тэмдгийн аль нэг илэрч байгаа бол эмчид хандаж болно.

·         Жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгээр орж, цусны сахарын түвшингээ шинжлүүлэх хэрэгтэй.

·         Жил бүр өөрийнхөө биеийн жингийн индексээ тооцож үзэх дадалд суралцах хэрэгтэй бөгөөд их гарсан үед эмчээсээ зөвөлгөө авч хяналтанд байх хэрэгтэй. Биеийн жингийн индексийг тухайн хүний килограмаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг, метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно. БЖИ=биеийн жин (кг):биеийн өндөр (м2). Биеийн жингийн үнэлгээ: <18.5 бол туранхай, 18.5-24.9 бол хэвийн жинтэй, 25.0-29.9 бол илүүдэл жинтэй, 30.0-34.9 бол таргалалтын I зэрэг, 35.0-39.9 бол таргалалтын II зэрэг, >40.0 бол таргалалтын III зэрэг гэж үнэлнэ.

·         Хэрэв чихрийн шижинтэй болсон бол яаралтай дотоод шүүрлийн эмчид хандаж, эмчийн хяналтад орох, эмчийн заавар зөвөлгөөг нь дагаж мөрдөх, буруу дадал зуршлыг хаяснаар чихрийн шижингээс үүсэх хүндрэлээс сэргийлэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..