© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зөвлөгөө

​Г.Чинбат: Бүдүүн гэдэсний эмгэг нийтлэг хэд хэдэн шинж тэмдгээр илэрнэ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн эмч Г.Чинбаттай бүдүүн шулуун гэдэсний эмгэгийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед бүдүүн шулуун гэдэсний өвчлөл ихэсч байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Бүдүүн шулуун гэдэсний өвчлөл,тохиолдол ихсэж байгаа нь хоёр талтай. Нэгд, анагаах  ухааны салбар хурдацтай хөгжиж орчин үеийн оношилгоо, эмчилгээний шинэ багаж тоног төхөөрөмж нэвтэрснээр өвчний тохиолдлыг илрүүлэх оношлох нь сайжирсан байна. 15  жилийн өмнө сайн багаж техниктэй эмнэлэг цөөн байсан бол одоо улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүд бүгд орчин үеийн хүчин чадалтай төхөөрөмжтэй болж хүн амд хүртээмжтэй үйлчилж чадаж байна. Хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол ч харьцангуй сайжирсан байна. Нөгөө талаас бүдүүн шулуун гэдэс болон хошногоны өвчлөлд нөлөөлдөг хүчин зүйл, шалтгаан гэж байдаг ба үүнд өртөх нь их болсон. Тухайлбал нэгэн хэвийн байдалд ажилладаг ялангуяа компьютерын ард удаан хугацаагаар суудаг оффисын ажилчид мөн  жолооч зэрэг хүмүүст хошного, шулуун гэдэсний эмгэг тохиолдох нь элбэг.

-Энэ өвчин бидний хэрэглэж байгаа хоол ундтай холбоотойгоор ихсэж байна уу. Хэрвээ тийм бол ямар хоолноос болж байна вэ. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Хүн эрүүл саруул идэвхтэй амьдрахад тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолт маш чухал байдаг ч тэр болгон үүнийг анзаарч ойшоодоггүй. Монголчуудын хоол хүнсний гол хэрэглээ болох мах, махан бүтээгдэхүүн, өөх тостой хоол бүдүүн шулуун гэдэсний хавдар, үрэвсэл, шархлаа зэрэг өвчин үүсгэх эрсдэлтэй хүнсэнд ордог. Өмнө нь махны хэрэглээгээ уламжлалт аргаар зохицуулахдаа өвөл сэрүүний улиралд түлхүү хэрэглээд урин дулаан цагт сүү цагаан идээгээ голчлон хэрэглэдэг нь нөгөө зохистой хооллолт байсан байна. Одоо жилийн дөрвөн улиралд махаа тасралтгүй хэрэглэдэг бид жимс, хүнсний ногоо, ислэг ихтэй хоол тэжээлийг маш сайн хэрэглэх хэрэгтэй. Мөн хадгалах хугацааг уртасгаж химийн бодис ашигласан бүтээгдэхүүнүүд, дарсан, даршилсан, лаазалсан хүнсний зүйлийн  хэрэглээгээ багасгах шаардлагатай.

-Бүдүүн шулуун гэдэсний өвчин нь ямар шинж тэмдгүүдээр илэрдэг вэ. Сүүлийн үед ихэвчлэн ямар шинж тэмдгээр их илэрч байгаа вэ?

-Бүдүүн шулуун гэдэс болон хошногоны олон төрлийн эмгэг байдаг бөгөөд илрэх шинж тэмдэг нь өөр, өөр. Гэхдээ нийтлэг гардаг шинж тэмдэг гэж байна.

Өвдөлт нь бүх өвчнийг дагалдаж гардаг шинж. Хэвлийгээр хөндүүрлэх, гэдэс мушгих, зангирах, дүүрч цанхайх, шулуун гэдэс рүү тулж өвдөх, бие засахад хорсох, чинэрэх, лугших зэрэг өвдөлт илэрнэ. Бүдүүн гэдэсний эмгэгийн өвдөлтийн  хүч бага, үе үе намдаж зовуурь нь арилдаг тул өвчтөн эмнэлэгт хандахгүй хүндрүүлэх эрсдэлтэй байдаг. Хошногоны эмгэгийн үед өвдөлтийн хүч, эрчим нь илүү байдаг. Өтгөнд өөрчлөлт гарна. Гүйлгэх эсвэл олон хоногоор өтгөн гарахгүй саатах, хатах, нарийхан болох эсвэл хэлбэр дүрс өөрчлөгдөх, нус цэртэй мэт залхаг уйланхай гарах, өтгөнөө дутуу гаргах зэрэг шинж илэрнэ. Шулуун гэдсээр цус гарах нь бас нийтлэг шинж юм.

-Бие зассаны дараа цус гарах нь бүдүүн шулуун гэдэсний өвчний шинж тэмдэг мөн үү?

-Бие зассаны дараа цус гарах нь өвчний шинж тэмдэг мөн. Бүдүүн шулуун гэдэсний хавдар эрт үедээ ямар ч зовуурь шинж тэмдэг өгөхгүй. Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоогоор илэрдэг. Гэтэл бие зассаны дараа цус гарч байгаа л бол ямар шалтгаанаас болов гэдгийг заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах ёстой. Бүдүүн гэдэсний эмгэгийн үед цус нь өтгөнтэй холилдож юм уу цусан судалтай гарна. Их хэмжээтэй цус алдвал улаан хүрэн өнгөтэй, нөж бүлэнтэй цусаар гүйлгэнэ. Энэ нь маш аюултай тул яаралтай эмнэлэгт хандах ёстой.

Харин хошного болон шулуун гэдэсний доод хэсгийн цус бол цэвэр шингэн,улаан ягаан өнгөтэй байх ба дусалж юм уу шүршиж гарна. Ихэвчлэн шамбарамын зангилаа, хошногоны урагдал, ураас ингэж гардаг.

-Бүдүүн шулуун гэдэсний эмгэгийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар шинжилгээ өгөх ёстой вэ?

-Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн түрүүнд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Тухайн хүнд ямар өвчний шинж илэрч байна ямар шинжилгээ шаардлагатайг эмч л тогтооно. Ер нь бүдүүн шулуун гэдэсний өвчний оношлогоонд хамгийн их хэрэглэгддэг, өвчнийг илрүүлхэд ач холбогдолтой өртөг багатай арга бол бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээ юм. Одоо гуравдугаар шатлалын бүх эмнэлгүүд болон хувийн хэвшлийн олон эмнэлэг дуран хийдэг болсон.

-Энэ өвчнөөр эрэгтэй эмэгтэй хүмүүс аль илүү өвчлөж байгаа вэ, яагаад?

-Хүйсийн ялгаа ямар төрлийн өвчин гэдгээс хамаарч хүйсний ялгаа яригдана. Ер нь зөрөө бага. Жишээ нь, шамбарам өвчин байна. Энэ өвчнөөр эрчүүд илүү өвддөг гэж боддог. Өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин  зүйлд өртөмтгий гэж. Тухайлбал хүнд хүчир ажил хийдэг, архи согтууруулах ундааны хэрэглээ их гэх мэт. Гэтэл эмэгтэйчүүд мөн адил өвддөг. Жирэмслэлт, төрөлт, өтгөн хаталт гээд  шалтгаан, хүчин зүйлд адил өртөж  байдаг.

-Бүдүүн шулуун гэдэсний өвчнийг хүмүүс үзүүлэхээсээ ичдэг ингэснээрээ өвчнөө илүү хүндрүүлдэг. Хүндрэхээрээ ямар аюулд хүрдэг вэ?

-Ялангуяа хошного орчмын зовуурь шаналгаа гарах үед хүмүүс санаа зовох, ичих, эмнэлэгт хандахаас зайлсхийх нь элбэг. Өвчин эмгэгээс ичих хэрэггүй өвчтэй яваадаа л ичих хэрэгтэй  гэж хэлмээр  байна. Манай Монголчуудын нэг зан байдаг нь найз нөхдөөс, ах эгчээс, эмийн санчаас эсвэл сошиалаас зөвлөгөө авч өөрөө өөртөө онош тавьж дур мэдэн буруу эмчилгээ хийдэг нийтлэг дутагдал байдаг. Энэ нь өвчнийг хүндрүүлэх, цаг хугацаа алдах, цаашлаад амь насаа алдах аюултайг ойлгох хэрэгтэй .

-Энэ өвчин нь удамших буюу халдварлах тохиолдол бий юу?

-Бүдүүн  шулуун гэдэсний эмгэгүүд дотроос удамшдаг, удамших хандлагатай эмгэгүүд байдаг. Бүдүүн гэдэсний хавдар, гэр бүлийн урших хам шинж гэх мэт. Харин бүдүүн шулуун гэдэсний эмгэг халдварлагдаад байхгүй.

-Мэс заслын бус аргаар эмчлэх боломж байдаг уу. Ер нь бүрэн эмчлэгдэх үү?

-Аливаа өвчин эмгэг эрт оношлогдох тусмаа мэс заслаар бус эмээр эмчлэгдэх боломж их байдаг. Хүмүүс ихэвчлэн илэрч буй шинж тэмдэг, зовуурыг үл тоомсорлон хүндрүүлэх нь их тул мэс заслын заалттай болоод ирэх нь элбэг байна. Зөвхөн мэс заслаар эдгэрэх өвчин гэж байдаг ч дийлэнх тохиолдолд эрт зөв оношилгоо хийгдсэн тохиолдолд эмээр эмчлэгдэх боломж маш өндөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Аливаа нэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед биш өмнө нь урьдчилан сэргийлж үзүүлж зөвлөгөө авч байх нь хамгийн чухал юм

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..