© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Нүд судлал

Торлогийн судасны анатоми, цусан хангамж

Үр хөврөлийн хөгжил

Үр хөврөлийн хөгжлийн үед шилэнцрийн судаснаас торлогийн дотор давхарга болон болор тэжээгддэг. Торлогийн судас хөгжиж эхэлснээр шилэнцрийн судас шимэгдэж эхэлдэг. Харааны мэдрэлээс болрын арын гадаргуу хэсгийн шилэнцрийн судас хамгийн сүүлд шимэгддэг.


Шилэнцрийн судас (hyaloid artery) нь үр хөврөлийн хөгжлийн үед торлогийн дотор давхарга болон болрыг тэжээдэг. Цаашид шимэгдэж алга болдог.

Торлогийн судасжилт үр хөврөлийн 16 дахь долоо хоногоос эхэлж 40 долоо хоногтойд бүрэн хөгжиж дуусдаг. Харааны мэдрэлээс торлогийн зах хэсэг хүртэл хамгийн өнгөц хэсгийн судаснаас эхлэн хөгжих бөгөөд 36 долоо хоногтойд хамар талын шүдлэг сэртэнд хүрнэ. Өнгөц хэсгийн судасжилт явагдаж дууссаны дараа гүн хэсгийн судасжилт явагдана. Дараа нь өнгөц болон гүн судасжилтын хооронд дунд хэсгийн судасжилт үүсч хөгждөг.

Хоройдын судасжилт үр хөврөлийн 6-8 долоо хоногтойд эхэлдэг. Нүдний хойд хэсэгт хоройдын судасны 3 давхарга байдаг бол хойд хэсгээс гадагшаа зах хэсгээр зөвхөн хоройдын капиллярууд болон том судасны давхарга байдаг. 22 долоо хоногтойд хоройдын капиллярууд бүрэн хөгжиж хавтгай, нарийн ханатай бөгөөд жижиг нүхнүүдтэй болсон байна. Хоройдын судаснууд нүхтэй учраас хориг үүсгэдэггүй мөн ауторегуляцид оролцдоггүй.

Торлогийн артери

1. Торлогийн төвийн артери нь төгсгөлийн артери бөгөөд нүдний алимнаас 1 см ард харааны мэдрэлд нэвтрэн ордог. Диаметр нь 100мкм бөгөөд 4 давхаргатай:

  • Дотор давхарга /интима/ – Коллаген бүс дээр байрласан нэг давхар эндотел эсээс тогтоно.
  • Дотор эластин ялтас /ламина/ – интима давхаргыг дунд давхаргаас тусгаарлана.
  • Дунд давхарга – гөлгөр булчингийн давхарга
  • Адвентита – хамгийн гадна давхарга бөгөөд хөвсгөр холбогч эдээс тогтоно.

2. Торлогийн артериолууд – торлогийн төвийн артериас салаална. Судасны хананд гөлгөр булчин агуулах боловч дотор эластин ялтас нь үргэлжилсэн биш байдаг.

Капилляр (хялгасан судас)

Торлогийн төвийн артери торлогийн дотор давхаргад 3 капиллярын салаа өгнө. Торлогийн капиллярууд торлогийн дотор 2/3-г, хоройдын судаснууд гадна 1/3-г цусаар хангадаг. Дотор капиллярын сүлжээ нь ганглион эсийн давхарга болон дотор бөөмийн давхаргын гадна хэсэгт байрладаг. Судасгүй фоторецепторын давхарга нь торлогийн нөсөөт эпителийн давхаргын доор байрлах хоройдын капилляраас хүчилтөрөгчийг нэвчүүлж авна.  Капилляргүй бүс нь артериолын ойролцоо (периартериолын капилляргүй бүс) болон фовеад (фовеагийн судасгүй бүс) байрлана.

а. Нүдний анатоми бүтэц b. Торлогийн давхаргуудын цусан хангамж

Торлогийн капиллярууд гөлгөр булчин болон эластик эд байхгүй учир эндотел болон перицит эсүүдээс тогтоно.

  • Эндотел эсүүд нь суурин мембран дээр байрласан нэг давхар эгнээ байх бөгөөд хоорондоо нягт холбоосоор холбогдож цус-торлогийн хориг үүсгэнэ.
  • Перицит эсүүд нь эндотел эсийн гадуур байрлаж олон хуурамч хөлийн сэртэнгүүдээрээ капиллярыг хүрээлнэ. Агших бүтэцтэй учраас бичил судасны эргэлтийн ауторегуляцид оролцдог.

Торлогийн вен

Торлогийн венул болон венүүд нь капилляраас цусыг хураана.

  1. Жижиг венул нь капилляраас том боловч бүтэц нь жижиг.
  2. Том венул нь гөлгөр булчин агуулдаг бөгөөд цаашид вентэй нийлнэ.
  3. Венүүд нь ханандаа бага хэмжээний гөлгөр булчин болон уян эд агуулах бөгөөд харьцангуй уян байдаг. Эдгээр нь цаашид диаметрээрээ томорч төвийн торлогийн венрүү хураагдана.

Хоройдын давхарга (жинхэнэ судсавч)

Хоройд нь 2 артериас цусан хангамж авна. Сормосовчийн богино арын артериуд (short posterior ciliary arteries) нь хоройдын хойд хэсгийг харин сормосовчийн урт арын артеиурд (long posterior ciliary arteries) нь хоройдын урд хэсэг, солонговч, сормосовчийг цусаар хангана.


Ном зүй

  1. Kanski’s Clinical ophthalmology, 8th ed, 2015
  2. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6326083/
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..