-Сүүлийн үед техник технологи хөгжиж, хүн бүр гар утас, таблет, компьютертой тодорхой хэмжээнд хамааралтай болсон. Иймд дэлгэцийн нөлөө нүдний эрүүл мэнд, хараанд хэрхэн нөлөөлдөг талаар хэлж өгч болох уу. Дэлгэцийн гэрэл нь хараанд сөргөөр нөлөөлдөг үү?
-Гартаа утасгүй, гэртээ зурагтгүй хүн гэж бараг байхгүй. Мөн ажил дээрээ компьютер, таблет хэрэглэж, гадаа гудамжинд ч том дэлгэц харж байна. Бүх зүйл л дижитал болж техник технологи үсрэнгүй хөгжиж байна. Дэлгэцийн нөлөөллийн талаар олон улсад маш олон судалгаа хийгдсэн байдан. Дээр үед арагшаагаа төвгөр буюу том хэмжээтэй зурагт ашигладаг байсан. Бүр дээр үеийнх нь ардаа ламптай, тэр нь шатчихдаг байсан. Энэ үеийн буюу өнгөт зурагт гарч ирж байх үед нүдэнд хортой туяа телевизорууд ялгаруулдаг. Диод ялгарч буй дэлгэцийг удаан хугацаанд ширтсэнээс болж нүдний мэдрэлийн эсүүд гэмтэх, нүд хуурайших тохиолдол гардаг. Түүнтэй холбоотойгоор бид дэлгэцнээс хамгаалах нүдний шил зүүх болон дэлгэцийн хамгаалалт ашигладаг байсан.
Харин одоо бидний хэрэглэж буй LED, LCD дэлгэц хортой туяа ялгаруулдаггүй. Гэхдээ нөгөө талаар бидний харж буй өнгө улаан, ногоон, цэнхэр гэсэн гурван давтамжтай өнгөнөөс бүрддэг. Үүнээс хамгийн богино давтамжтай буюу нүдэнд хамгийн хортой өнгө нь цэнхэр байдаг. Дэлгэцээс ялгарч буй өнгө цайвар цагаан, тод байх тусам цэнхэр өнгө давамгайлж байна гэсэн. Түүнтэй холбоотойгоор нүдэнд гэмтэл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэвч нарийн судалгаа хийж, үүнээс болж гэмтсэн гэж тодорхойлсон зүйл байхгүй. Бидний утасны нүүрэнд наадаг наалт давхар цэнхэр туяаны хамгаалалттай үйлдвэрлэгддэг болсон.
-Фэйсбүүк, твиттерийн хэрэглээ ихсэж нийгмийн сүлжээний донтолтын талаар хүмүүс их ярих болж. Өнөөгийн нийгэмд эцэг эх бүр л хүүхдэдээ “Утсаа боль. Нүдээ хайрла” гэж хэлдэг болсон. Нүдээ хайрла гэсэн энэ үг хэр зөв бэ талаар...?
-Насанд хүрээгүй буюу 18-аас доош насны хүүхдүүд нүдээ хайрлах ёстой. Хүн хорин нас хүрээд ирэхээр хараа нь тогтдог. Хараа муутай хүмүүсийн хараа тогтохгүй бага, багаар муудаад байдаг нь ийм шалтгаантай. Биеийн өсөлт хөгжлийг дагаад нүдний өсөлт ч явагдаж байдаг. Энэ нас хүртэл буюу хараа төвлөрөх хүртэл дэлгэцийн хамааралтай, утас, компьютер их хэрэглээд байвал холын хараа мууддаг. Хараа муудах нь бидний нүдний ойрын харааны ачаалал ихсэж байгаатай холбоотой. Бидний нүд алсын хараа ширтэж байхдаа амарч байдаг. Хол байгаа байшин барилгуудыг ширтэх, чөлөөтэй зайд алсын барааг харах, шөнө нүдээ аниад унтах зэрэгт бидний нүд амарч байдаг. Гэтэл утас дээр байдаг бүх дүрс үсэг жижигхэн хэмжээтэй. Жижигхэн зүйлс харах нь нүдэнд ачаалал өгдөг. Бага насны хүүхдэд ачаалал их ирвэл холын хараа мууддаг. Утаснаас гадна хүүхэд хичээлээ хийхдээ буруу суух, амралтгүй удаан хугацаагаар суух зэрэг нь ч нүдэнд сөрөг нөлөөтэй.
-Нүдний хараагаа энэ нөхцөлд хэрхэн хамгаалах вэ?
-Зүүн өмнөд Азид бага насны хүүхдүүдийг хамарсан судалгаа хийгдсэн байдаг. Утас болон ухаалаг төхөөрөмжний хэрэглээ хараанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг тогтоосон. Бага насны хүүхдүүд хараа нь тогтоогүй учир дэлгэцийн хэрэглээ харааг нь улам муутгадаг. Тиймээс өдөрт 30 минутаас хэрэглэхийг хориглодог. Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд компьютер, утас бол ажлаа амжуулах гол хэрэгсэл болчихсон.
1 цаг дэлгэц ширтсэн бол 1-2 минут алсыг ширтэж нүдээ хамгаалаарай
Бидний хувьд нэг дутагдалтай тал байдаг. Жишээлбэл, оффисийн ажилтан компьютер дээр ажлаа хийж байгаад амрах болдог. Тэгээд босоод амрах цагаараа утсаараа оролддог. Тэгэхээр тархи амарч байгаа ч гэсэн нүд ойрын зүйл хараад чилчихсэн байсан дээрээ дахин ойрын зүйл хараад амарч чаддаггүй. Нэг цаг дэлгэц ширтсэн бол нэг, хоёр минут холын барааг ширтэж нүдээ амраавал асуудал байхгүй. Оффисийн ажилтнууд маш их ирж үзүүлдэг шалтгаан нь нүдний уг рүү чилж өвдөж байна гэдэг. Нүдний уг руу чилж өвдөх шалтгаан нь маш удаан хугацаатай ойрын зүйл ширтэж харсан буюу нүдний ачаалал ихэдсэнтэй холбоотой. Түүнд хэрэглэх эм та байхгүй ч гэсэн нүдээ амрааж байвал хэсэг хугацааны дараа зүгээр болно л гэсэн үг.
-Нүдний угаар чилэх, хатгуулах зэрэгт дур мэдэн нүдний дусаалга хэрэглэдэг тохиолдол цөөнгүй байдаг юм шиг санагддаг. Энэ нь хэр зөв бэ?
-Нүдний хатгах , чилэх, хуурайших, хорсох зэрэг нь бүгд өөр, өөр ойлголт. Тэгэхээр үүний үүсч буй шалтгаан нь нүд хуурайшиж байна гэсэн үг. Жишээлбэл хүн чөлөөтэй яриад сууж байгаа үедээ 5-6 секунд тутамд анивчиж нүдээ чийгшүүлж байдаг. Нүдээ анивчих тоолонд бид нүдний урдуур тогтсон буй нулимсыг шинээр татаж хуурайшилтыг арилгаж байдаг. Гэтэл удаан хугацаанд юм ширтэж харах үед анивчих хоорондын хугацаа уртасч 10 секунд орчим болдог. Нүдээ бага анивчсанаар бидний нүдний эвэрлэг бүрхүүл буюу тунгалаг хэсэг хуурайшдаг. Энэ үед нүд чийгшүүлэх дусаалга хэрэглэх нь айхтар сөрөг нөлөө байхгүй. Гэхдээ нүдний дусаалгыг өдөрт дөрвөөс илүү удаа хэрэглэх нь таагүй. Учир нь жижиг савалгаатай нүдний дусаалгууд хадгалагч буюу нөөшлөгч бодис агуулдаг. Тэгэхээр дөрвөөс илүү удаа, тогтмол удаан хугацаанд хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг юм. Нүд байнга улайх, улайлт нь арилахгүй байх зэрэг нь үүнтэй холбоотой. Нүд хуурайшаад л байвал нүдэнд мах ургах, нүд улайх, нүд өөхлөх гаж нөлөө аажимдаа үүсч эхэлдэг.
-Эмч хүнийхээ зүгээс ажиллаж байх явцдаа хийсэн дүгнэлт буюу хувь хүнийхээ зүгээс нүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй ямар хүчин зүйлд эмзэглэж явдаг вэ?
-Нэгд, Надад өөрт анзаарагдаж буй нэг зүйл нь зуны улиралд нүдний өвчлөл харьцангуй гайгүй боловч өвөл сэрүүний улирал эхлэхэд үйлчлүүлэгдийн тоо ч нэмэгдэж байна. Миний нүд ч маш хуурайшиж байгаа нь өөрт анзаарагдаж байна. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой. Агаарын бохирдол гэхээр утаа шууд нүдэнд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болохгүй. Утаанд агуулагдаж буй тоосонцор, жижигхэн молекулууд нь бидний уушги болон бодисын солилцоогоор дамжиж орсноор нулимсны бүтцийг хэвийн биш болгож байна. Мөн зовхи болон сормуус орчимд бохирдол үүсгэж байна. Эдгээртэй холбоотойгоор нүдний хуурайшил болон нүдний өнгөц үрэвсэл нэмэгдэж байна.
Хоёрт, Монгол хүнийг бие сайтай гэж хэлдэг. Үнэхээр ч Тайланд хүний биеийн эрүүл мэндтэй харьцуулахад монгол хүний бие илүү сайн. Чихрийн шижинтэй хүн амын дунд нүдний торлог бүрхүүлд гэмтэл үүсэнийг судалсан. Азийн орнуудын энэ төрлийн судалгаатай харьцуулахад өвчлөл доогуур төвшинд байна гэсэн тоо гарсан. Энэ нь монгол хүн яс сайтай байна гэдгийг харуулж байгаа. Нөгөөтэйгүүр хүндэрсэн шатандаа оношилогдож байна. Нэг ёсондоо чихрийн жишинтэйгээ мэддэг мөртлөө нүдний эмчид үзүүлээгүй удаан жил явсан тохиолдол олон байна. Энэ нь хүн амын эрүүл мэндийн боловсрол ямар байгааг илэрхийлж байна. Ямар нэгэн өвчнөөс үүдэж буй нүдний хүндрэл эцсийн шатандаа оношлогдох юм бол буцаад шууд эмчлэгдэнэ гэж байдаггүй. Бид энэ үед нүдийг нь аварч үлдэх, харааг нь бүр алдуулахгүй, сохроохгүй байх арга хэмжээ авч эмчилгээ хийдэг. Эрт оношилж, эрт эмчилбэл энэ хүндрэлээс бүрэн сэргийлэх боломжтой.
-Агаарын бохирдол хүний нүдэнд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болох нь дээ?
-Нүдэнд гэлтгүй биеийн эрүүл мэндэд бүхэлд нь сөрөг нөлөө үзүүлж байна. Хар тугалга, дизель түлж, нүүрсний тортог нь эргээд хүний биед маш сөрөг нөлөөтэй.
-Нүдээ хэрхэн хамгаалах вэ?
-Нүдний эрүүл мэнд гэдэг биеийн эрүүл мэнд. Бие эрүүл бол нүд ч эрүүл байна. Нэгд, утааны маск зүүх. Хоёрт, тогтмол дасгал хөдөлгөөн хийх. Өнгөрсөн жил цэцэрлэгт хүрээлэнд гүйхэд утаа бага байдаг байсан бол энэ жил өмнөх оныхоос илүү их утаатай байгаа нь мэдрэгдэж байна. Тиймээс гэртээ дасгал хийж бодисын солилцоогоо эрчимжүүлэх хэрэгтэй болж байна. Хөлсөө гадагшлуулна гэдэг биеийн хороо гадагшлуулж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гадагшлуулах хэрэгтэй. Гуравт, агаар салхинд гарах.
-Нүдээ эрүүл байлгахад хэрэгтэй арга, зөвлөгөөнөөс хувцаалцаж болох уу. Таны хувьд өвчтөнүүддээ ямар зөвлөгөөг хамгийн их өгдөг вэ?
-Өнөөдөр нүд бага зэрэг төрж байна гэж тоохгүй яваад байвал таван жилийн дараа бүр торж, улайж, өвддөг болох эрсдэлтэй. Нүдний хуурайшилт гэнэт үүсдэггүй. Хүндэрсэн үед нь ирэх юм бол бүрэн эмчлэх боломжгүй л дээ. Тухайн үед нь шууд буцаагаад эмчлэх боломжгүй учир аажим аажимд нь эмчилж зовуур багатай болгодог. Тэгэхээр нүдээ эрүүл байлгахын тулд дараах гурван аргыг хэрэглээрэй. Нэгд, удаан ширтэж, дэлгэц дээр ажилладаг төдийгүй нүд тордог бол хиймэл нулимс тогтмол дусааж сурах хэрэгтэй. Хүмүүст зөвлөхөөр дусаахгүй яваад байдаг юм. Хоёрт, Зовхиндоо бүлээн жин тавьж бай. Зовхин дээрээ бүлээн жин тавьснаар цусны эргэлтийг сайжруулдаг. Нөгөөтээгүүр бидний зовхинд тос ялгаруулдаг булчирхайнууд байдаг. Булчирхайгаас ялгарч буй тос нь бохирдол хуурайшилттай холбоотой өтгөрсөн байдаг. Бүлээн жин тавихаар тос хайлаад шингэрдэг шиг тосны булчирхайн үйл ажиллагаа ч идэвхжээд ирдэг. Гуравт, Хүүхдийн чих цэвэрлэхэд ашигладаг хөвөн бамбар ашиглаж нүднийхээ ойр орчмыг цэвэрлээрэй. Хөвөн бамбарыг халуун буцалсан устай саванд хийж хүүхдийн шампуниас бага зэрэг дусааж хөөстэй ус болгоод зовхины ирмэг, сормуустай хэсгийг цэвэрлэж угааж байх хэрэгтэй. Энэ аргуудыг хэрэглэвэл бохирдлыг цэвэрлэж хуурайшилт багасдаг. Мөн үрэвсэл нь намдаад ирвэл бидний нүдний зовуур бага багаар арилна.
-Залуу хүнийхээ зүгээс нүдний эрүүл мэндийн салбарт төрийн зүгээс ямар бодлого боловсруулж ажиллаасай гэж хүсдэг вэ. Мөн энэ салбарт тулгамдаж буй асуудлууд юу байна вэ
-Ерөнхийдөө шинэ үеийн эмч нар гадаад боловсрол эзэмшээд эргэж Монголдоо ирж ажилладаг болсон. Энэ нь салбарын хөгжилд маш том давуу тал болж түлхэц өгч байгаа хэрэг гэж би бодож байна. Гэтэл салбартаа удаан ажиллаж байгаа болон удирдаж байгаа хүмүүс хуучны арга барилаараа ажиллуулах гэдэг. Энэ нь давхар бидний чөлөөтэй ажиллах боломжийг хязгаарлаж байгаа хэрэг гэж боддог. Бид бүгдэд шинэчлэл хийх, өөрсдийгөө нээх боломж олгох хэрэгтэй. За энэ ч яахав дээ гэхэд үүнээс том нэг асуудал нь эрүүл мэндийн даатгал.
Өвчтөн болон эмчид тулгардаг хамгийн том асуудал бол эрүүл мэндийн даатгал. Эрүүл мэндийн даатгалаар ард иргэдэд зориулан хийж байгаа ажил нь юу вэ. Нэгд, урьдчилан сэргийлэх, фитнесс клубт хичээллэх. Хоёрт, Хөнгөлөлттэй үнээр олгодог эм тариа. Энэ нь тав, арван хувиар л хөнгөлөгддөг. Гэтэл зуун хувь эрүүл мэндийн даатгалаа төлж байсан хүн дөч, тавин жилийн дараа даатгалаараа тусламж үйлчилгээ авахад зуун хувь үнэгүй гэсэн зүйл байхгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ улсын эмнэлгүүд үзлэг болон анхан шатны үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байгаа. Гэтэл улсын эмнэлэгт ажиллаж буй эмч нар илүү нарийн төгс анхан шатны үйлчилгээ үзүүлье гэтэл эрүүл мэндийн даатгал хангалтгүй байдаг. Зөвхөн би үзээд оношлоод зогсохгүй эм тариа бичиж өгөх шаардлагатай болдог. Эм тариаг хэрэглээд дараагийн арга хэмжээ авна. Гэтэл даатгалаасаа аваад хэрэглэдэг зүйл ерөөсөө байхгүй. Өвчтөнөө эмчлүүлэхийн тулд хугацаа алдаж байна. Эмчлүүлж байгаа боловч хугацаандаа эмчлүүлж чадахгүй байгаа тохиолдол цөөнгүй байна. Нэг сарын дотор эмчлүүлэх ёстой байтал эмнийхээ мөнгийг цуглуулж явсаар хоёр сар болж хугацаа алдах тохиолдол байна. Жишээлбэл, сохрох гэж байгаа мөртлөө эмчилгээнд орж чадахгүй яваа хүн байна. Үүнээс ганц, хоёр хүнийг нь би өөрөө төлсөн гэхэд хаашаа ч юм, эмч нар, хамт олон, эмнэлэг, сайн санаат хүмүүс нэгдэж байж эмчилгээнд оруулсан тохиолдол байна. Тогтолцооноосоо хамаараад эрүүл мэндийн даатгалаас тухайн хүн үр ашгаа хүртэх ямар ч боломжгүй байна. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмүүдийг үнэгүй болгох ёстой. Мэдээж маш сайн судалгаа хийж, хяналт тавих ёстой. Үгүй бол эмийн замбараагүй хэрэглээ болно. Японд ч юм уу хөгжингүй аль ч улсад эрүүл мэндийн даатгалаа төлдөг хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад ямар нэгэн хүндрэлгүй байдаг. Гэтэл манай улсад эмч нарын хариуцлагагүй байдал гэж шүүмжлэгддэг тогтолцоо үүсчихсэн гэж боддог
-Ярилцсанд баярлалаа танд амжилт хүсье.