/ЭМХТ-ийн 20 жилийн ой/
Эрүүл мэндийн салбарын тоонот хийморь, тулах баганын нэг “Эрүүл мэндийн хөгжлийн төв“ хэмээх эрхэм алдараар түүхийн хуудаснаа баринтаглагдсан байгууллагын 20 жилийн ой өнөө жил тохиож байна. Түүхт 1996 он нь Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх “мэдлэг”-ийг түгээх, эрүүл мэндийн нотолгоот мэдээллийг шийдвэр гаргахад “өргөн хүрээгээр тусгах” шаардлага тулгарсан чухал үе байлаа. Энэ нь “Эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн төв” байгуулагдах, улмаар “Эрүүл мэндийн хөгжлийн төв” болон хөгжих суурийг тавьсан түүхтэй. Анх эрүүл мэндийн удирдах ажилтанг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилхийх, эрүүл мэндийн статистик мэдээллийг боловсруулан, түгээх үүргийг хүлээн, 40 гаруй ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр 70 гаруй ажилтантай, тогтолцооны судалгаа, төлөвлөлт, эрүүл мэндийн статистик, эмийн зохицуулалт, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, мэдээллиийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр өргөжин хөгжиж, Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрийн “цар хүрээ”-гээ тодорхойлсон, төрийн үйлчилгээний байгууллага болсон байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь байгууллагдсан цагаасаа л салбарынхаа байгууллагуудыг хөгжлийн түүчээ болон олон олон амжилттай хэрэгжсэн ажлын анхдагч тэргүүлэгч нь болжээ.
Эрүүл мэндийн салбар нь удирдах ажилтнаа ихэвчлэн ОХУ, Монгол улсын Удирдлагын академид бэлтгэн сургадаг байсан тогтолцоонд шинэчлэл хийж, шавь төвтэй сургалтыг салбартаа нэвтрүүлэн, улмаар эрүүл мэндийн удирдлагын мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтыг “Анхдагч”-аар зохион байгуулж, хөгжлийн чиг хандлага нь улам өргөжин, цар хүрээгээ тэлсээр эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн түүхийг бүтээн, төгсөлтийн дараах сургалтын удирдлагыг олон улсын жишигт нийцүүлэхээр амжилттай ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчдийг нотолгоонд тулгуурласан мэдээллээр хангах үүргийг байгуулагдсан цагаасаа буюу 1996 онд Шинжлэх ухаан технологийн захиалгат судалгаагаар эхлүүлэн, эрүүл мэндийн салбарын тогтолцоо, бодлогын судалгааны “Тэргүүлэгч” байж, эрдэм судлал, мэдлэгийн их хөдөлмөрт зүтгэж ирсэн нь түүхт жилүүдэд 180 гаруй эрдмийн бүтээл туурвисаны 75.6% нь бодлого, тогтолцооны судалгааны ажил эзэлж, 50.8% нь Монгол улсын болон Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдэн олны хүртээл болсон юм.
Хүн амын эрүүл мэндийн статистик үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж бодлого боловсруулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэн, 1996 онд Өвчний олон улсын X ангиллыг эрүүл мэндийн салбартаа “Анхдагч“-аар нэвтрүүлснээр, өвчний олон улсын X ангиллыг дөрвөн тэмдэглэгээт оношын кодоор ашиглах, үйлдлийн IX ангиллыг нэвтрүүлэх, өвчний түүх бичилтийн стандартыг олон улсын түвшинд хүргэх, статистик мэдээллийн шинэ программ хангамжийг нэвтрүүлэх, Монгол улсын эрүүл мэндийн тоон үзүүлэлтийг олон улсын түвшинд ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.
Эрүүл мэндийн Үндэсний тооцоог салбартаа “Анхдагч”-аар нэвтрүүлэн, эрүүл мэндийн салбарын төлөвлөлт, удирдлагад зайлшгүй шаардлагатай эдийн засгийн тоон мэдээлэл буюу эрүүл мэндийн салбарын санхүүжилт, зарцуулалтын эх үүсвэр, хэрэглээ тус бүрээр гарган, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангаж, эрүүл мэндийн үзүүлэлтийн номонд “Эрүүл мэндийн эдийн засаг” бүлгийг нийтлүүлсэн билээ.
Монгол улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулах, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны чанарыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг “Анхдагч”-аар нэвтрүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх нөхцлийг бүрдүүлсэн юм.
Ариун цэвэр гэгээрлийн соёлын ордноос гаралтай Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа нь байгууллагын түүхийн хуудсанд чухал байр суурьтай. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулах, сургалтын агуулгыг мэргэжил арга зүйгээр хангахад “Тэргүүлэгч”-ээр ажиллан, сурагч өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрололгох суурийг тавьж, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээний санхүүжилтыг нэмэгдүүлэн, олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж байлаа.
Эрүүл мэндийн салбарт “Анхдагч”-аар эрүүл мэндийн телевизийн студи ажиллаж, хүн амын эрүүл мэндийн боловсролд зориулсан олон арван бүтээл туурвин, үндэсний хэмжээнд танигдсанаас “Эмчгүй газарт” эрүүл мэндийн теле цуврал нэвтрүүлэг нь ихээхэн амжилт олж, олны талархал хүлээсэн ажил байлаа.
Телемедицины технологийг ашиглан телемедициний Үндэсний сүлжээ, зайн анагаах ухааныг “Анхдагч”-аар хөгжүүлснээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, онлайн сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх өргөн боломжийг нээж, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийнаюулгүй байдлыг хангах, хяналт тохируулгын тогтолцоо бүрдсэн юм.
Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, биобэлдмэлийн чанар аюулгүй байдалд тохирлын үнэлгээ хийх болон Фармакопейн өгүүллийн эмхтгэлийг “Анхдагч”-аар боловсруулж, эмийн цахим мэдээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, эмийн мэдээлэл сэтгүүлийг тогтмол гарган, хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх эмийн бүртгэл мэдээлэл, лиценз олгох үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган ажилласан болно.
Энэ 9 сард Эрүүл мэндийн хөгжлийн төв 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж 9 дүгээр сарын 12-нд “эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бол 9 дүгээр сарын 15-ны өдөр “Эрүүл мэндийн салбарын Амжилт ололтоор Бахархаж алдаршуулья, Эмч, эмнэлгийн ажилчидаа Итгэл сэтгэлээр Дэмжиж урамшуулья” сэдэвт Хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны удирдлагууд, салбарын тэргүүний мэргэд, байгуулагадаа ажиллаж байсан үе үеийн ажиллагсадаа цуглуулан нэг өдрийг байгуулагынхаа болон салбарын Хөгжлийн ирээдүйг хэлэлцэн өнгөрүүлж, Эрүүл мэндийн салбарын болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн авьяаслаг эмч мэргэжилтнүүдийн тоглолтыг үзлээ.