Орчин үеийн чимээгүй тахал гэгддэг хэт таргалалтын эсрэг фитнесийн салбар эрчимтэй хөгжиж, 2018 онд өртөг нь 94 тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч сая гаруй хүн халдварласан шинэ коронавирусийн тархалтын эсрэг олон улсад хөл хорио тогтоож, хүмүүсийг гэрээсээ гарахыг хязгаарласнаар фитнесийн салбарт гэнэтийн өөрчлөлт авчирчээ. Тухайлбал, АНУ, Канад, Австрали, Францад салбартай Modo иогийн студи гэрийн хорионд байгаа хүмүүст зориулан онлайн хэлбэрээр хичээлээ зааж, инстаграм хуудсаараа үнэгүй цацаж эхэлжээ. Түүнчлэн олон улсад салбартай “SoulCycle” иогийн студи цар тахал хурдан дуусахыг хүлээж байна. Дугуйгаар хичээллэдэг фитнесийн клубууд онлайнаар хичээл эхлүүлэхээр зарлаж, 2500 ам.долларын үнэтэй дугуйн урьдчилсан захиалгаа авч эхэлжээ. Фитнес болон бусад спорт клубууд хаагдаад удаж байгаа тул зааварлагч, дасгалжуулагч нар хувийн карьераа хөөн, онлайнаар хичээл заах болжээ. АНУ-ын Манхэттен дүүрэг дэх “Sacred” иогийн студийн хувьд олон улсад онлайн хурал, цуглаан хийхэд ашигладаг “Zoom” аппликейшныг ашиглан цахим хичээлээ 10 ам.доллароор зааж эхэлжээ.
Үүнээс гадна “ClassPass” компанитай фитнесийн 500 гаруй студи онлайн хичээл заахаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр хэрэглэгчид “ClassPass” аппликейныг ашиглан дуртай фитнес клубынхаа хичээлийг сонгон үзэх боломжтой болж байна. Мөн тус сайтад фитнесийн хичээлийн аудио, видео бичлэгийн 2000 гаруй урьдчилсан захиалга иржээ. “ClassPass” компанийн захирал Фритц Ланманы мэдээлснээр 30 оронд хамтран ажилладаг 30 мянган фитнес, иогийн студийн 90 орчим хувь нь хаагдсан аж.
Мөн хүмүүс гэрээр иог, фитнес, бясалгалаар хичээллэх болсноор тоног төхөөрөмж, хувцас, хэрэглэлийн худалдаа огцом нэмэгджээ.