Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн ажилтанг ажлын байраар хангах, ур чадварыг нь байнга хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор тус төвөөс ‘’Хөдөлмөрийн яармаг’’ арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж ирлээ.
Энэ жилийн арга хэмжээ COVID-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр 2020 оны 06 сарын 16-17-ны өдрүүдэд Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын төгсөлтийн үеэр зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
“Хөдөлмөрийн яармаг-2020” цахим арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай байгаа сул ажлын байрны мэдээллийг нэгтгэх, танилцуулах, сул ажлын байранд зуучлах, ажил идэвхтэй хайж байгаа эрүүл мэндийн ажилтны мэдээний сан үүсгэх, Төгсөлтийн дараах сургалтын талаар мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тоо 2018 онтой харьцуулахад 2019 онд 3,5 хувиар өссөн, өөрөөр хэлбэл 4459 эрүүл мэндийн байгууллагад 54587 хүн ажиллаж байгаагаас гадна анагаах ухааны боловсрол олгох төрийн болон хувийн хэвшлийн 16 их дээд сургуулийг 2020 онд 3500 орчим эмч эмнэлгийн мэргэжилтнүүд төгсөн гарч байна.
“Хөдөлмөрийн яармаг-2020” цахим арга хэмжээгээр 50 эрүүл мэндийн байгууллагын 350 орчим сул ажлын байрны мэдээлэл танилцуулагдаж байгаагаас дүрс оношлогооны эмч, дотрын эмч, сувилагч мэргэжлийн сул ажлын байр хамгийн их байна.
Уг арга хэмжээ Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.hdc.gov.mn вэб хуудсаар олон нийтэд хүрэх тул их, дээд сургууль төгсөгчид болон эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэн өргөнөөр оролцоорой.