© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Халдварт өвчин

Хамуунаас урьдчилан сэргийлэх, дахин халдварлахаас хамгаалах арга хэмжээ

Арга хэмжээ

Юуны өмнө айл, оюутны байрны тасаг г.м. хамуу илэрсэн газар амьдардаг бүх хүмүүст эмчийн заасан тос, түрхлэг г.м. эмчилгээг хамт хийх ёстой. Өөрөөр хэлбэл хүүхдэд хамуу илэрсэн бол хүүхдээсээ гадна эцэг, эх, ах, дүү гээд нэг гэрт хамт амьдардаг бүх хүмүүст урьдчилан сэргийлэх, голомтыг устгах зорилгоор нэгэн зэрэг эмчилгээ хийх хэрэгтэй.

Эм, бэлдмэлийг эмчийн заалт, зааврын дагуу хэрэглэж дууссаны дараагаар бүх хувцас, гутал, оймс, ор дэрний цагаан хэрэглэл, хөнжил гудас зэргийг ариутган хамууны хачигны голомтыг устгах хэрэгтэй. Ингэхгүй бол хэд хоногийн дараагаар хамуу ахиад л гарч эхэлнэ.

Хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд бүгд тус тусын нүүр гарын алчуур, бие угаагч хэрэглэж байх ёстой.

Нэгнийхээ гутал хувцас зэргийг өмсөх хэрэггүй. Үүнээс гадна хамуу дахин гарч даамжрахаас сэргийлэн орой унтахын өмнө биедээ үзлэг хийж хамууны шинж тэмдэг байгаа эсэхийг шалгаж, илэрсэн тохиолдолд цаг алдаж даамжруулалгүйгээр өвдсөн хүнийг гэр бүлийн бусад гишүүдээс тусгаарлан хачигны эсрэг бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэх, ор дэрний цагаан хэрэглэлээ ариутгах зэрэг арга хэмжээ авч байх хэрэгтэй. Энэ мэтээр өвчин эдгэрснээс хойш арав хоног тутам үзлэг хийж байх хэрэгтэй.

Ор дэрний цагаан хэрэглэл дотоож, лифчик, майк, оймс г.м. дотуур хувцсыг 1-2%-ийн содын уусмал, эсвэл угаалгын нунтаг хийж буцалган ариутгах хэрэгтэй.

Цамц, өмд зэрэг хувцсыг мөн сайтар угааж цэвэрлээд ялангуяа оёдлыг нь маш сайн индүүдэж ариутгана.

Пальто, савхин бээлий, нэхий бээлий гэх мэт гэрт угааж цэвэрлэхэд бэрхшээлтэй зүйлсийг хими цэвэрлэгээнд өгч ариутгана. Ингэх боломж байхгүй бол дулааны улиралд 4-5 хоног, хүйтний улиралд 1-2 хоногийн туршид гадаа байлгана. Ингэсний дараагаар боломжтой бол ахин 4-5 хоног гялгар уутанд хийж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн пальто, цувны хармааг сайтар индүүдэн ариутгаж байх хэрэгтэй.

Хөнжил гудас зэргийг мөн сайтар индүүдэн ариутгаж дулааны улиралд 4-5 хоног, хүйтний улиралд 1-2 хоног гадаа өлгөж ариутгах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний дараагаар боломжтой бол гялгар уутанд хийж 4-5 хоног хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Гутал, шаахай, углааш зэргийг дээрхтэй адилаар дулааны улиралд 4-5 хоног, хүйтний улиралд 1-2 хоног гадаа байлгана. Дараа нь боломжтой бол гялгар уутанд хийж ахин 4-5 хоног өмсөхгүй байх хэрэгтэй.

Сандал, буйдан, хаалга үүдний бариул, шал зэргийг өдөр тутам 1-2%ийн содын уусмалаар сайтар угааж ариутгана.

Хүүхдийн тоглоом зэргийг мөн доод тал нь 1-2 долоо хоног ариутган тусгаарлаж байх ёстой.

Мөн ариун цэвэр ариутгалын газар дуудлага өгч орон зориулалтын уусмалаар орон байрандаа ариутгал хийлгэхэд илүүдэх зүйл огт байхгүй.

Эмчид ахин үзүүлж хамуу бүрэн эдгэрснийг баталгаажуулж, ариутгалаа дуусгасны дараагаар хувийн ариун цэврийг сайтар сахиж тогтмол усанд орж байх ёстой.

Нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүр зэрэг олон хөлийн газраар орж гарсны дараагаар гараа сайтар угааж байх хэрэгтэй.

Саун, бассейнаар үйлчлүүлэхдээ өөрийн ариутгасан алчуур, шаахай зэргийг авч очоод, үйлчлүүлж дууссаны дараагаар гялгар уутанд хийж тусгаарлаад харьсны дараа угаалгын нунтаг, 1-2%-ийн содын уусмалд угаах зэргээр маш сайн ариутгаж байх хэрэгтэй.

Шаардлага

Яагаад ийм арга хэмжээ авах хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Эмчилгээ хийхгүй бол хамууны хачигны эмэгчин нь 2 сар хүртэл амьдарч 30 гаруй удаа өндөглөдөг. Харин хүний биенээс гадуур хамууны хачиг нь дээд тал нь 14 хоног /12-14,5 хэмжийн дулаантай, 90% чийглэгтэй үед/ амьдардаг ч гол төлөв тав хоногоос илүү амьд байж чаддаггүй. +60 хэмийн дулаанд хамууны хачиг 1 цагийн дотор үхдэг. Хамууны хачиг, хачигны гуурс зэрэг нь буцалгах, халуун индүүгээр индүүдэхэд шууд үхдэг. Мөн хүний биеэс гадна хасах температурт хамууны хачиг мөн л удалгүй үхдэг.

Мөн тохиолдлын бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Бэлгэвч хэрэглэснээр хамууны хачиг, умдагын бөөс буюу намилзгана зэрэг арьс халдахаас сэргийлэх боломжгүй гэдэг нь мэдээж. Буудалд хоноглох болвол өрөөг цэвэрлэсэн эсэх, цагаан хэрэглэлийг угааж индүүдэд ариутгасан эсэхийг шалгаж байхад огт илүүдэхгүй. Цаашлаад ариун цэврийн энэ мэтийн наад захын арга хэмжээ авдаггүй газрыг барааны газраас тойрч гарч байхыг хичээх хэрэгтэй.

Тамирчид, үйлдвэрийн ажилчид зэрэг тогтмол усанд орж байдаг хүмүүс зөвхөн өөрийн алчуур, бие угаагч, саван хэрэглэж байх хэрэгтэй.

Хүүхдүүдийг гудамжны муур, нохойтой тоглуулахгүй байхыг захиж байхаа мартуузай.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..