© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Мэдээгүйжүүлэг

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагтай боллоо

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг болон Молекул биологийн лаборатори, Цахилгаан шаттай болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ шинэ шатанд гаргалаа.

“Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ нь 56 жилийн түүхтэй ч анх удаа бие даасан тасаг болж, нарийн мэргэжлийн дөрвөн эмч, зургаан сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Молекул биологийн лабораторийг аймгуудаас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг анх удаа үйлчилгээндээ нэвтрүүллээ. Цаашлаад үйлчлүүлэгчид, өвчтөнүүддээ хөнгөн шуурхай, аюулгүй үйлчилгээг үзүүлэх цахилгаан шаттай болсон байна. Эрүүл мэндийн салбарын ажил, ачааллыг мэдэрч, биднийг байнга дэмжиж байдаг аймгийн удирдлага болоод энэ их ажлын ард гарахад хүчин зүтгэсэн бүх хүнд баярлалаа” хэмээн Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хийх ажлууд ийнхүү эхнээсээ биеллээ олж байна. Цаашид эрүүл мэндийн салбарт үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийж, Аймгийн нэгдсэн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох тал дээр анхаарч ажиллахаа аймгийн засаг дарга З.Энхтөр хэллээ.

Тэрбээр цааш нь “Олон жил яригдсан Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг байгуулах, цахилгаан шаттай болох төлөвлөгөө ажил хэрэг болж, аймаг орон нутгийн иргэддээ үйлчлэхэд бэлэн боллоо. Ирэх 2018 онд бид аймагтаа дурангийн мэс заслын тасаг байгуулж, тэндээ бүх төрлийн хагалгааг өөрсдөө хийдэг болно. Цаашлаад Эрдэнэцагаан суманд нэвтрүүлсэн эмнэлгийн мобайл технологийг бусад суманд нэвтрүүлэх, уламжлалт эмнэлэг ашиглалтад оруулах, жирэмсэн эх төрөхийн өмнө болон төрсний дараа амрах 40 ортой эмнэлэг барих зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна” гэж хэллээ. 

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг, цахилгаан шат, молекул биологийн лабораторийг байгуулах төслийг "Цайрт минерал" ХХК-иас 100 хувь санхүүжүүлжээ. Тус компанийн ерөнхий захирал С.Батхүү “Манайх Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон уул уурхайн компанийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд онцгой анхаарч, үйл ажиллагаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэнд, боловсрол, спорт, орон нутгийн бүтээн байгуулалтад чиглэсэн олон төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж ирлээ. Энэ удаа аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу эрүүл мэндийн салбарт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Манай уурхайчдын хөдөлмөр, сэтгэл шингэн бий болсон баялаг  нийт Сүхбаатарчуудын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Цаашид нийгэм орон нутагт дэмжлэг болх олон бүтээн байгуулалтад гар сэтгэл нэгдэн оролцох болно” хэмээн нээлтийн үеэр хэлсэн юм. 

“Цайрт минерал” ХХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр дээр 12 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа улсын болон орон нутгийн төсөвт нийт 300.6 тэрбум төгрөгийн татвар төлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас ТОП-5 татвар төлөгчөөр тогтмол шалгарч байгаа компани юм. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд 2012 оноос эхлэн Орон нутгийн хөгжлийн санд жил бүр 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ирсэн байна. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..