© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Мэдээгүйжүүлэг

Л.Оюунтунгалаг: Аюулгүй мэдээгүйжүүлэг амьдралыг аварна

“Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээний тасгийн эмч Л.Оюунтунгалагтай ярилцлаа.

Мэдээ алдуулалт гэж юу вэ?

Ерөнхий мэдээгүйжүүлэг нь Anesthesia гэдэг грек хэлнээс гаралтай мэдээгүй, мэдрэмжгүй болох гэсэн утгатай бөгөөд эмийн нөлөөгөөр бүх ухамсар, мэдрэхүй болон ухаан алдах үйл явц юм. Мэдээгүйжүүлгийн түүхийг товч дурдвал 1800 оны дунд үе хүртэл ерөнхий мэдээгүйжүүлэг гэж байдаггүй байсан бөгөөд анхилам үнэрээр өвчтөний анхаарал саринуулах, архи уулгаж согтоох мөн ховсдох зэрэг аргуудыг хэрэглэж байжээ. Харин 1846 оны аравдугаар сарын 16-нд АНУ-ын Бостоны Массачутесийн Ерөнхий эмнэлэгт шүдний эмч William Thomas, Green Morton анх удаа Edward Gilbert Abbott гэдэг өвчтөний хүзүүний хавдар авах мэс ажилбарын үед олны өмнө эфирээр амьсгалуулан нойрсуулж хагалгааг хийсэн байдаг. Энэ өдрийг Дэлхийн мэдээгүйжүүлгийн өдөр болгон жил бүр тэмдэглэх болсон бөгөөд “Эфирийн өдөр”гэж нэрлэдэг. Манай улсад мэдээгүйжүүлэгийн салбар үүсч хөгжөөд 58 жил болж байгаа. 

Мэдээгүйжүүлэг хэрхэн явагддаг вэ. Бүтэн болон хэсгийн мэдээ алдуулалт гэж ярьдаг шүү дээ? 

Мэдээгүйжүүлэг гэдэг нь ерөнхий мэдээгүйжүүлэг, төвийн мэдрэлийн хориг, захын мэдрэлийн хориг, мөн судас унтуулга гэсэн төрлүүдтэй. Үүнээс гадна хийгдэх мэс заслын төрөл, тухайн хүний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлт, төлөвлөж орж байна уу, эсвэл яаралтай амь насны заалтаар орж байна уу гэдгээсээ хамаарч мэдээгүйжүүлгийн төрөл,эмийн тун болоод эмийн сонголт хүртэл өөр хийгддэг маш нарийн
мэргэжил. Мэс засал-мэдээгүйжүүлгийн өмнөх бэлтгэл бүрэн хангагдсаны дараа мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч хамтран мэс заслын үед тохирсон мэдээгүйжүүлгийг хийнэ. Мэс засал эхлэхээс дуусах хүртэл үргэлжлүүлэн унтуулах бөгөөд мэдээгүйжүүлгийн эмч,сувилагч тасралтгүй хянаж, амин чухал эрхтний (амьсгал, зүрх судас, бөөр, тархи гэх мэт) тогтвортой байдлыг хангадаг бөгөөд ингэснээрээ мэс засал амжилттай хийгдэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг юм. 

Ерөнхий мэдээгүйжүүлэг гэдэг нь дан ганц унтуулах үйл явц биш. Эмийн үйлчлэлээр ерөнхий мэдээгүйжүүлгийн “гурвал” гэж нэрлэдэг унтуулах,өвдөлт намдаах, булчин сулруулж амьсгалыг зохиомлоор удирдах гэсэн цогц ойлголт бөгөөд мэдээгүйжүүлгийн эм тариаг тухайн хүний биеийн жинд үндэслэн маш нарийн тооцож хийдэг. 

Төвийн мэдрэлийн хориг буюу нугасны мэдээгүйжүүлэг гэдэг нь хэсгийн мэдээ алдуулах бодисыг нугасны хөндийд өөрөөр хэлбэл нугасны шингэнд тарьж хэрэглэх аргыг хэлнэ. Мэдээгүйжүүлэлтийн энэ арга нь эмийн бодисыг маш бага тунгаар хэрэглэн бүсчлэн гүнзгий мэдээ алдуулдаг, өвчтөн сэрүүн байдаг зэрэг давуу талтай юм. Мөн манай эмнэлэгт гар сарвууны мэс заслын үед захын мэдрэлийн хоригууд их хийх болсон. Жишээ нь энэ хориг нь тухайн мэс засал хийгдэх гар, эсвэл хуруу гэх мэт тодорхой эрхтний дамжуулагдаж байгаа мэдрэлүүд дээр хориг хийж өвдөлт мэдрэхгүй болгох арга юм. 

Иргэд мэдээгүйжүүлэлттэй хагалгаанд орохоор мартамхай болдог гэсэн түгээмэл ойлголт байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

Онолын хувьд мэдээ алдуулалтын дараа хүний оюун ухаанд нөлөөлдөг, мартамхай болдог гэж нотлогдсон зүйл байхгүй. Мэдээгүйжүүлэгт хэрэглэгддэг эмийн бодисуудад өөр өөрийн гэсэн үйлчилгээний механизм, үйлчлэх хугацаа, сөрөг нөлөө, ялгарах хугацаа гэж байдаг. Үүнтэй холбоотойгоор мөн тухайн өвчтөний бие махбодийн байдал, хийгдэх мэс заслын цар хүрээнээс хамаарч мэдээгүйжүүлгийн үеийн эрсдэл хүчин зүйлсүүд байдаг. Иймээс бид мэдээгүйжүүлгийн өмнө өвчтөн, ар гэрт эрсдэлт хүчин зүйлсүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж зөвшөөрөл авсны үндсэн дээр мэдээгүйжүүлэг өгдөг. 

Мэс ажилбарын мэдээгүйжүүлэгээс гадна танай эмнэлэг дээр хүүхдийн MRI оношилгооны үед хэрэглэж байгаа гэж дуулсан. Энэ талаар тодруулахгүй юу?

Хүүхдийн MRI, тодосгогч бодистой CT шинжилгээний үеийн мэдээгүйжүүлэгийг тэр бүр эмнэлгүүд хийгээд байдаггүй. Энэ мөн л заалтын дагуу хийгддэг ажилбар. Үүнд 0-5 насны хүүхэд, том хүүхэд хэдий ч юм ойлгох чадваргүй, өвдөлт ихтэй байх, чимээнээс айдаг айдастай болон насанд хүрсэн хүмүүс мөн адил хэвтэж чадахгүй өвдөлт ихтэй байх, ухаангүй байх гэх мэт тохиолдлуудад бид судсаар седаци буюу тайвшруулалт хийн оношилгоо хийдэг. Мөн сүүлийн үед манайх ходоодны дурангийн оношилгооны үеийн мэдээгүйжүүлэг хийж эхлээд байна. Гол нь манай эмнэлгийн мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээ 24 цаг гэдгээрээ давуу талтай. Манай эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүлээн авах яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ 24 цагаар ажилладаг. Хамгийн гол нь иргэд энэ үйлчилгээг авахдаа манай эмнэлэгт ирж урьдчилан мэдээгүүйжүүлгийн эмчид үзүүлэн цаг авч үйлчлүүлэх хэрэгтэй гэдгийг мэдэх нь зүйтэй. Учир нь судас мэдээгүйжүүлэг нь бусад мэдээгүйжүүлэгтэй адил эрсдэлт хүчин зүйлүүд гарах боломжтой учраас аюулгүй мэдээгүйжүүлэг хийх үүднээс эрсдэлийг урьдчилан тооцоолох, шаардлагатай үед эмчилгээ хийж биеийн байдал тогтворжуулахад мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэг зайлшгүй шаардлагатай байдаг. Эмч тухайн хүүхэд болон үйлчлүүлэгчийг үзэн биеийн байдлыг үнэлэн, мэдээгүйжүүлэг хийх боломжтой гэж үзвэл өмнөх бэлтгэл, хоол сойх хугацаа зэргийг зөвлөн цаг өгдөг. Учир нь хүний ходоодонд ямар нэгэн агууламж байх нь мэдээгүйжүүлгийн үед өвчтөнд гарч болох эрсдэлийн нэмэгдүүлнэ, цаашлаад амь насанд ч аюултай байдал үүсч болзошгүй байдаг.

Мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллах хугацаанд хүндрэлтэй санагддаг зүйлс нь юу вэ?

Би мэргэжилдээ дуртай. Энэ мэргэжлээрээ 12 жил ажиллаж байна. Миний ажил хүнд л дээ. Ер нь мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний ажил асар хүнд. Учир нь хүнийг унтуулаад буцаагаад сэрээнэ гэдэг тийм амар биш. Мэдээж хүндрэлтэй тохиолдлууд бий. Байнгын сэтгэл зовнилтой байна. Хэчнээн хүнд өвчтөн байгаа ч гэсэн мэс заслаас, амь тэнссэн байдлаас нь аюулгүй мэдээгүйжүүлэг өгөөд амьд аваад гарах юмсан гэсэн
бодолтойгоор ажилладаг. Мэс засал, мэдээгүйжүүлэг нь багаар хийгддэг, нэг хүний хийснээр бүтдэг ажил биш. Тиймээс бид ямар ч үед дуудагдахад бэлэн байдаг гэсэн үг. 24 цагаар мөн утсаа унтраах эрхгүй гэртээ 24 цагаар ажилладаг гэж хэлж болно. Дашрамд хэлэхэд эмч бидний найдвартай туслагч, бидний баруун гар гэж хэлж болох мэдээгүйжүүлгийн сувилагч нартаа баярлаж явдгаа хэлмээр байна. Сувилагчгүйгээр бид юу ч хийж чадахгүй, тиймээс мэдээгүйжүүлэг хийхэд манай сувилагч нар асар их үүрэгтэйгээр оролцдог. 

Мэдээгүйжүүлэгт ямар тоног төхөөрөмж ашиглаж байна. Олон улсын жишигт нийцсэн мэдээ алдуулалтын  хэрэгслийг ашигладаг уу?

Манай эмнэлэгт мэдээгүйжүүлэгийн аппарат болох dragger fabious, өвчтөний аман үзүүлэлтийг хянах хяналтын мониторууд, дусал болон тарилгын автомат шахуургууд гэх мэт сүүлийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмжүүд бүгд бий.Мөн мэдээгүйжүүлгийн эм тарианы хувьд бид дэлхийн стандартаас хол зөрөөтэй бус, хөгжилттэй орнуудад хэрэглэгддэг тэр л арга техник эм тариа, тоног төхөөрөмжийн тусламжтай аюулгүй,
эрсдэлгүй мэдээгүйжүүлэг өгөхийг хичээж ажиллаж байна. Түүнчлэн захын мэдрэлийн хориг, өвдөлт намдаалт, судас хатгах эрсдэл өндөртэй ажилбарууд ЭХО хяналттай хийж гүйцэтгэдэг. Манай тасаг мэдээгүйжүүлгээс гадна эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлдэг. Хүнд өвчтэй, эрчимт эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд тусламж үзүүлэхээс гадна хөнгөвчлөх тусламж үйлчилгээ буюу амьдралын эцсийн
шатанд байгаа хүнд өвчтөнүүдэд 24 цагаар мэргэжлийн эмч сувилагч нарын баг үйлчилдэг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..