© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Халдварт өвчин

" Covid-19" өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношилно

Тусгайлан сургасан эмнэлгийн нохой нь оношлуурын хомсдолтой тулгараад байгаа олон орны асуудлаас гарах гарц байж болох юм. Ноход цагт 750 хүн үнэрлэх боломжтой хэмээн эмнэлгийн нохой сургагч компанийн захирал ярьжээ.

Энэхүү хачирхалтай шийдлийг Лондоны эрүүл ахуй, эм зүйн сургууль, Дурхам их сургууль болон эмнэлгийн нохой сургагч байгууллага хамтран олсон байна. Тэд гуравдугаар сарын сүүлээр нохой "Covid-19" өвчнийг бусад өвчнөөс ялгаж чадах эсэхийг тогтоох туршилтын төсөл боловсруулжээ. Анхан шатны туршилт амжилттай болвол үргэлжлүүлэн эхний ээлжинд зургаан нохой сургах төлөвлөгөөтэй аж.

Сургалтыг нохойнд халдвартай хүний маск үнэрлүүлэх аргаар явуулах бөгөөд цаашлаад нохойны гоц сайн үнэрлэх чадвар коронавирусийн өвөрмөц үнэрийг таних боломжтой эсэхийг олж тогтоох зорилготой гэнэ. Үүнээс өмнө энэ бүхэн боломжтой эсэхийг мэдэхийн тулд хэдэн долоо хоног туршилт хийх шаардлагатай гэжээ.

Лондоны эрүүл ахуй, эм зүйн сургуулийн өвчний хяналтын тэнхимийн дарга профессөр Жэймс Логан “Коронавирусийн үнэрийг илрүүлэх туршилтын эхний өдрүүд үргэлжилж байна. Одоохондоо бид коронавирус үнэртэй эсэх, үнэртэй бол чухам ямар үнэртэй эсэхийг тогтоогоогүй байна. Гэхдээ бусад амьсгалын замын халдварт өвчин бидний биеийн үнэрийг өөрчилдөг. Тиймээс бидний туршилт боломжтой гэсэн үг. Хэрвээ амжилттай болвол нохой тэр үнэрийг ялгах нь гарцаагүй. Энэ бол оношлуурын хомсдолоос гарах шинэ арга” хэмээн ярьжээ.

Эмнэлгийн ноход аль хэдийнэ хорт хавдар, хумхаа, Паркинсон зэрэг өвчнийг оношилж чаддаг болох нь батлагдаж, зарим эмнэлгүүдэд ажиллаж эхэлсэн билээ. Эмнэлгийн нохой сургах байгууллагын Ерөнхий захирал Клейр Гүэст “Нохойг сургаснаар хүний өвчин оношлох тал дээр аль хэдийнэ маш олон амжилтад хүрсэн. Тиймдээ ч би ноход коронавирусийг үнэрлээд таньж сурна гэдэгт итгэлтэй байна. Оношлуурын нөөц бага байхад зуу зуун хүнийг нэг дор шинжилж чадахгүй. Харин нохой нэг цагт 750 хүн үнэрлэж чадна. Халдвар авсан хүнийг шуурхай оношилж чадвал өвчний тархалтыг бууруулахад маш их нэмэр болно” хэмээжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..