© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Харшил судлал & клиник иммунологи

Харшил

Хаврын улирал эхэлж харшилтайгаа нүүр тулж эхэлсэн үү? Тэгвэл энэ зөвхөн ганц таны асуудал биш гэдгийг хэлмээр байна. 

Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг "Харшлын өдөр" болгон тэмдэглэдэг.  Арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлсон байна. 

Дэлхий дахинд тархалт нь жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид хэдийнээ олон нийтэд мэдэгдсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.

Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна.

Судлаачид 2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлалтай гэж үзжээ. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна. Энэ бол анзаарахгүй өнгөрч болохгүй асуудал юм. 

 

ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ.

 

ХАРШИЛ ҮҮСЭХ ШАЛТГААН:

Биднийг хүрээлэн буй бүх зүйлс харшил үүсгэх шалтгаан болдог. Хамгийн элбэг тохиолддог харшил үүсгэгчид:

  • Бүх төрлийн ургамал
  • Химийн /будаг/ болон эмийн бодис
  • Хүнс, хоол тэжээл 
  • Тоос, тоосонцор /гэрийн, үйлдвэрийн, номны гэх мэт/
  • Хөгц
  • Шавьж
  • Амьтны үс, ноос
  • Зарим нэг гоёл чимэглэлийн металл эдлэл
  • Нарны хэт ягаан туяа
  • Агаарын бохирдол
  • Хөрсний элэгдэл
  • Агаарын хүйтэн хэм зэрэг болно.

 

Харшлын үед дараах ШИНЖ ТЭМДЭГ илэрнэ. Үүнд:

  • Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.
  • Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж.
  • Бусад шинж тэмдэг: Ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх ), шавьжинд хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт.

 

Харшлын урьдчилан сэргийлэлт

  • Аль болох харшил үүсгэж байгаа зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй.
  • Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд, эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг.
  • Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж, өвчний явцад сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчнөөсөө хурдан ангижрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал.

 

Ургамлын тоосны ХАРШИЛ гэж юу вэ?

Эх сурвалж: Арьсны өвчин судлалын үндэсний төв 

 

ЭМИЙН ХОРДЛОГО ХАРШИЛ гэж юу вэ?

Эх сурвалж: Арьсны өвчин судлалын үндэсний төв 

 

ХАРШЛЫН СОРИЛ - Ямар ямар төрлийн сорил байдаг вэ? 

1. Амьсгалын замын сорил

-Ургамлын тоосны сорил (модлог ургамал, үет ургамал, хог ургамал)
-Гэрийн тоос, тоосонцрын хачигны сорил (2 төрөл)
-Амьтны үс ноос, хучуур эдийн сорил (нохой, муур, жоом)


2. Хоол хүнсний сорил
Мах, сүү, өндөг, тахиа, загас, далайн бүтээгдэхүүн, бүх төрлийн жимс


3.Химийн бодисын сорил
Гоо сайхны бүтээгдэхүүн, будагч бодис, металл, халдваргүйжүүлэгч бодис


4. Бусад төрлийн сорил
хөвөн даавуу, хүр хорхой

 

Сорил тавиулахаар ирэхдээ юуг анхаарах вэ?

Хэн сорил тавиулах боломжгүй вэ?

- 6 наснаас доош 75 наснаас дээш насны хүнд

- Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд

- Уушигны багтраатай хүнд

 

Арьсны болон арьс харшлын гаралтай өвчний үед хориглох хүнсний бүтээгдэхүүнүүд:

1. Согтууруулах төрлийн ундаа

Архи, пиво, вино, шампанска, виски, коньяк

2. Цитрусын төрлийн жимснүүд  

Лимон, апельсин, мандарин, киви, грейпфрут, чацаргана

3. Ногоон сортын алим, абрикос, гүзээлзгэнэ, хад, усан үзэм, ананас, персик  

4. Өндөг, майонез  

5. Үнээний сүү  

6. Шоколад, зөөлөн чихэр   

7. Бялуу  

8. Кофе, какао  

9. Хиам, утлагатай гахайн мах   

10. Уксус, горчиц 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..