Хэрэв танд болон таны дотны хүнд хорт хавдар илрэн таны төлөвлөгөөг нурааж, түгшүүр болоод итгэлгүй байдлыг төрүүлсэн онош тавигдсан бол та эдгээр мэдрэмжид бууж өгөх ёсгүй. Харин одоо танд сэтгэлийн хүч, саруул ухаан, тулгарсан аюултай тэмцэх эрч хүч хэзээ хэзээнээс илүү чухал юм шүү.
АЛХАМ 1. ТАНЫГ ОЙЛГОЖ ТУСЛАХ ХҮНТЭЙ ЯРИЛЦААРАЙ
Юуны өмнө та уг асуудлаа хэнд ярих, хэнтэй хуваалцаж болохыг бодоорой. Оношоо зөвхөн өөртөө хадгалж болохгүй шүү. Хүн аливаа түгшүүр төрүүлсэн бодлуудаа олон дахин тойруулан бодож хэмжиж үзээд өөрийн мэдэлгүй асуудлыг улам ихэсгэж өөрийгөө айлгадаг байна. Эрт дээр үед "Хэлсэн бүхэн нисэн одно" хэмээн ярьдаг байжээ. Өөрөөр хэлбэл сэтгэл доторхи айдас түгшүүрээ хэн нэгэнтэй хуваалцсанаараа сэтгэлийн дарамтаа хөнгөлж чадна гэсэн үг юм. Ийм учраас танд эхний удаад харилцан ярилцагч хэрэгтэй.
АЛХАМ 2. ХАРИЛЦАН ЯРИЛЦАГЧИЙГ СОНГОХ
Ярилцагчаа зөв сонгоорой. Бусдын зовлонг ойлгож чадахааргүй, танд огт хамаагүй олон уйтгартай юм ярихаар хүмүүсээс хол байгаарай. Чин сэтгэлээсээ таныг ойлгох, ухаалаг тийм л харицан ярилцагч хэрэгтэй. Эдгээр хүмүүс нь таны эмч болоод сэтгэл зүйч нар байж болно.
Танд дотны хүмүүсээс чинь мөн ярилцагч хэрэгтэй. Харин энд ямар нэгэн тусгай мэдлэг, ярих ур чадвар чухал биш юм. Гэвч эхлээд таныг чин сэтгэлээсээ хүндэтгэж хайрладаг тийм хүнтэй ярилцаарай. Тэд таны өмнөөс хэрхэн санаа зовж байгааг мэдрээрэй. Багахан ханиад хүрсэн үед ч бидний дотны хүмүүс үргэлж санаа тавьж байдаг шүү дээ. Мөн тэдний айдас нь өвчний аюулаасбус харин тэдний хайр халамжийн илэрхийлэл юм. Та тэдэнд үнэхээр хэрэгтэй хүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Энэ бүхэн хэсэг хугацаанд ч болов ажил болоод гэрийн жижиг ажлын талаар мартаж, эмчийн хэлсэн бүгдийг биелүүлэх тийм өдөөгч болж болох юм.
Эмч. Та энэ тохиолдолд юу хийх ёстой болохыг эмчээс сайтар асууж аваарай. Эмч танд уг өвчний төрөлтэй холбоотой хэдэн мянган баримтуудыг дурьдаж болох юм. Одоогоор хавдрын хэдэн арван онош 100 хувь эмчлэгдэх боломжтойг бүх дэлхийд хүлээн зөвшөөрчээ.
АЛХАМ 3. ЦАГ ХУГАЦААНЫ ХҮЧИН ЗҮЙЛ
Хавдар судлалд, анагаах ухааны дурын чиглэлиин адил цаг хугацаа бол чухал хүчин зүйл билээ. Энд мэдээж хугацаа алдаж, өөрийгөө эргэлзээгээр зовоох биш харин хэрэгтэй үйлдлүүдийг цаг тухайд нь шуурхай, зөв хийх нь чухал юм. Эмч таныг яаруулж байгаа бол энэ нь бүх зүйл муу байгаад биш, харин одоо л танд эмчилгээ авах сайхан боломж байгаа учраас тэр билээ. Үүнээс гадна эрдэмтэд эерэг үр дүнд хүргэх эмчилгээ болон оношлогооны стандартуудыг боловсруулан гаргасаар байна. Олонх тохиолдолд хавдрын онош нь архаг, дахилт өгдөг өвчнийг илэрхийлдэггүй бөгөөд ихэнхидээ эмчилгээнд тодорхой хугацаа зарцуулах хэрэгтэй болдог байна. Гэвч энэ хугацаа нь нилээдгүй урт байж болох ба заримдаа хэдэн сараар ч эмчилгээ хийлгэж болно.
АЛХАМ 4. ТА БОЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ ЯВЦ ДАХЬ БҮРЭН ЭРХТ, ИДЭВХИТЭЙ ГИШҮҮН НЬ БИЛЭЭ.
Эхлээд та хүч хуримтлуулж, өөрийн нөөц бололцоог сайтар бодож үзэх шаардлагатай. Энд бид юуны өмнө таны сэтгэл зүйн нөөц бололцооны талаар ярьж байна.
АЛХАМ 5. ӨӨРИИГӨӨ УДИРДАЖ СУРААРАЙ
Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар өвчнийг өөрийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн авах, түүнийг өөрийн амьдралд нэвтрэн оруулах нь маш аюултай. Хавдар өвчний мөн чанарыг бодолцоход бидний бие махбодь аль хэдийнэ алдаа хийсэн бөгөөд өөрөөр хэлбэл бид өөрсдөө тэжээн ургуулж байдаг үнэт шинэ элементийн оронд өсөж үржих боломжгүй устах тавилантай тийм хорт эсүүдийг хүлээж авсан юм.
Ийм учраас бидний сэтгэл санаа өвчний, хавдрын эсрэг идэвхитэй тэмцэх ёстой. Уг асуудал таны амьдралд үүрд орлоо гэж бодох хэрэггүй.
Та эмчилгээний дараа юу хийх, юунд хүрэх талаараа бодоорой. Ийм цаг заавал ирнэ гэдэгт итгээрэй. Зөвхөн итгэдэг хүн л ялна гэдгийг хаана ч хэзээ ч санаж яваарай.
АЛХАМ 6. НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЯНАХ
Бас нэгэн чухал нөөц бол зохион байгуулах чадвар юм. Өөрийн эмчилгээний төлөвлөгөөнд ажил хэрэгчээр хандаарай. Аль нэг эмнэлэгт эмчлүүлэх болон ямар нэмэлт боломж хийгээд нийгмийн хөнгөлөлтүүдийг авч болохыг тодруулаарай. Мэдээж танд бодитоор тусалж чадах тийм хүнтэй энэ бүх асуудлаар зөвлөөрэй. Эхлээд танд цаашдын ирээдүй болоод боломжуудын талаар хангалттай мэдээлэл байхгүй ч байж болно. Иймээс таны хийх зүйл бол нэмэлт оношлогоо болон зөвлөгөө юм. Онош эцэслэгдэн тогтоогдох нь чухал юм. Далдыг харагч, зурхайчид болоод ардын анагаагчдад хандах нь тийм ч оновчтой биш ээ. Төрөлжсөн хавдрын эмч нар нь бусад мэргэжлийнхнээсээ хавьгүй сайн бэлтгэгдсэн чадварлаг мэргэжилтнүүд байдаг. Энэ мэргэшил нь шинжлэх ухааны суурьтай сэтгэх, өндөр дадлага туршлага болоод энэрэнгүй сэтгэлийг шаарддаг. Дэлхийд 30 жил бүр хавдрын эмчилгээний шинэ шинэ арга технологиуд гарч хавдрын эмч нэр эдгээр тусгай курст суралцаж байгаа бөгөөд иймээс тэдний олсон мэдлэг чадвар бол таны бас нэг чухал нөөц юм. Эмч нартай хамт өвчний эсрэг тэмцээрэй. Амьдрал. Заримдаа өвчин бидний амьдралын дасал болсон хүмүүс, сонирхол, хийх дуртай ажлаас маань хөндийрүүлж ганцаардмал болгож байгаа мэт санагддаг. Амьдрал онош тавигдахаас өмнө болон хойш гэсэн хэсгүүдэд хуваагдсан мэтээр төсөөлөгддөг. Гэвч ихэнхдээ бид өөрсдийгөө тийм ганцаардмал болгодог. Танд тусламж үзүүлж чадах хүмүүсийг хайгаарай, тийм хүмүүс их олон бий. Оюун санаагаа сэргэг байлгаж дэмий хоосон айдас, улиг болсон бодлуудаас ангид байж хувь заяандаа итгээрэй. Энэ бол таны амьдрал, Таны амьдрал үргэлжилсээр байна.